Цэдэнбалын Цэрэндолгор
03 сарын 08, 2018
Олон улсад эмэгтэйчүүдийн манлайлалын эрин үе нэгэнт эхэлчихсэн. Монголд ч эмэгтэйчүүд нийгэмтэй байр суурь эзэлж, нийгмийн дуу хоолой болсоор байна. Тэдний нэг бол Г.Энхболор. Одоо гэхэд тэрээр блокчейн дээр суурилсан томоохон төслийн олон улсын багийн гишүүн, Дэлхий банкны зөвлөх гээд олон ажлыг зэрэг амжуулдаг нэгэн. Ингээд инновацийн ч чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг CoIn компанийн гүйцэтгэх захирал Г.Энхболортой эмэгтэйчүүдийн манлайлалын асуудлаар ярилцлаа.
-Гарааны бизнес эрхлэгчид дунд эмэгтэйчүүдийн оролцоо хэр их байна?
-Анзаарч байхад гарааны бизнес эрхлэгчдэд зориулсан сургалт зохион байгуулахад эрэгтэйчүүд голдуу хамрагддаг. Гэтэл эмэгтэйчүүдэд энэ төрлийн арга хэмжээ дутагдчихсан юм байна гэдгийг өнгөрсөн амралтын өдөр болсон Startup Weekend Women арга хэмжээнээс харагдлаа.
Мундаг бүсгүйчүүд байдаг ч өөрсдийгөө энтрепренер гэж хүлээн авах нь цөөн юм. Магадгүй үүнд олон зүйл нөлөөлдөг. Хичнээн өөрийгөө хөгжүүлье гэж бодсон ч амьдрал ахуй гээд эмэгтэй хүнийх нь хувьд хойноос нь чангаах зүйл дэндүү олон байдгаас өөртөө эргэлздэг. Эрчүүдтэй энэ зэрэгцсэн албан тушаал хашдаг эмэгтэйчүүд хүртэл өөр би талбарт ажиллах хүн мөн үү, миний чадвар хүрэх үү гэсэн асуултыг өөртөө тавьсаар л байдаг. Яг үнэндээ эмэгтэйчүүд үүнээс ч илүүг хийж чадна.
-Харьцуулж үзээд байгаад учир байна аа даа?
-Эмэгтэйчүүд өөрсдийнхөө мөн чанарыг эрэгтэйчүүдтэй харьцуулаад буруудаад байдаг юм шиг санагддаг. Эмэгтэйчүүд бид нарын арга чадвар өөр. Өөр ч байх ёстой. Ажлын байрны шалгуурыг уншсан эмэгтэй хүн 85-аас дээш хувийг хангасан бол өргөдлөө явуулдаг. Харин эрэгтэйчүүд зарыг уншаад 50 хувийг тэнцэж байсан ч өөртөө итгэлтэй явуулдаг гэхээр ялгаа байгаа биз. Үүнийг өөрчлөхийн тулд “тархиныхаа түгжээ”-г л мултлах хэрэгтэй. Өөртөө итгэлтэй, өөрийн давуу талаа маш сайн мэддэг болох гэх мэт аргууд зөндөө бий.
-Монгол эмэгтэйчүүдийн давуу талыг хэрхэн хардаг вэ?
-Монгол эмэгтэйчүүдийн хувьд тэр их аян дайны ард үлдэхдээ гэр бүлээ, үлдсэн отог аймгаа авч явдаг байсан зан чанар нь одоо ч цусанд нь үлдсэн юм болов уу гэж боддог. Багаасаа охин хүүхэд маш олон зүйлийг хийж өсдөг. Тэр хэрээрээ маш олон зүйлийг амжуулж, маш олон талт ур чадвартай болно. Тиймээс ч би чадна гээд л зүтгээд байгаа нь анзаарагддаг. Энэ нь эргээд бусадтай хамтран ажиллахад өөрийнх нь чаддаг юмыг бусад нь хийхээр “бялуунаас нь хуваах” `гэж байгаа юм шиг мэдрэмж төрөөд байгаа юм болов уу гэж бодож байна. Харин эрчүүд эсрэгээрээ яг өөрийн мэддэг зүйл дээрээ төвлөрөөд чаддаггүй зүйлээ бусдаар хийлгэдэгт ялгаа бий. Гэхдээ энэ бол эмэгтэйчүүдийн өөрсдийн хандлага гэхээс илүү төрөлхийн зан чанар юм шиг санагддаг.
-Эмэгтэйчүүд амжилт гаргахын тулд олон зүйлийг золиосолдог, харин эрчүүдэд найдвартай ар тал байхад болно гэдэг?
-Дийлэнхидээ үнэн. Саяхан би Сингапурт Google-ийн Women will олон улсын эмэгтэйчүүдийн уулзалтад ороод ирлээ. Нийт 27 оны 50 гаруй бүсгүйчүүд цугласан, тэгэхэд бараг 50 хувь нь ганц бие ээжүүд байсан.
-Тэгвэл эмэгтэйчүүд амжилтыг төлөө явж байгаад гэр бүлээсээ салчихаад байна уу эсвэл?
-Энэ асуудал дээр зөвхөн эмэгтэйчүүдээ буруутгамааргүй санагддаг. Харин гэр бүлийн хүмүүжлийн тухай асуудлыг хөндөх хэрэгтэй байх. Яагаад эрэгтэй хүүхдийг өсгөхдөө гэр орны асуудалд илүү оролцуулж болохгүй гэж. Ингэж байж ажил болгон цаг хугацаа хүч хөлөлмөр шингэдэг гэдгийг ойлгодог болно. Ээж аавдаа туслаж дэмждэг байсан эрчүүд илүү сэтгэлийн тэнхээтэй, тууштай, хөдөлмөрч байдаг нь анзаарагдсан. Тиймдээ ч ханилах хүнээ гэрийн ажилд хэр сайн гэхээсээ илүүтэй сэтгэлийн багана болох хүнийг олж эрдэг санагдсан. Гэхдээ Монголд мундаг эрчүүд зөндөө байгаа шүү (инээмсэглэв)
-Өөрөө тэгвэл хүүхдээ энэ тал дээр ямар үлгэр дуурайлаар хүмүүжүүлдэг вэ?
-Аз болоход аав ээж минь намайг үргэлж дэмжиж байсан, хэзээ ч хайрцаглаагүй. Одоо ч гэсэн дэмжсээр л байгаа. Охиндоо чи өөрийгөө олох нь чухал болохыг байнга сануулдаг. Бид хоёр ний нуугүй ярилцах дуртай. Жишээ нь хэрвээ нисч чаддаг байсан бол чи хаашаа явмаар байна, нэг өглөө чи таксинд суутал өнгөрсөнд аваачвал чи яах вэ зэргээр охинтойгоо ярилцаж чөлөөт сэтгэлгээг нь хөгжүүлдэг. Ер нь охидодоо багаас нь хүчирхийлэлийг бага багаар ойлгуулж, өөрийн нууц хэсгүүдэд хэн ч аав нь хүртэл хүрч болохгүйг, бас учир шалтгааныг нь тайлбарлаж өгснөөр зөндөө олон зүйлээс сэргийлж чадна.
-Дэлхийн банкинд ажиллаж байсан, олон томоохон төслийг хэрэгжүүлж байсан. Тэгвэл өөрт чинь хэн үлгэр дуурайл болж байв?
-Би багаасаа мөрөөдөж, бодож төлөвлөх дуртай хүүхэд байсан. Эргээд бодохоор мөрөөдлийнхөө төлөө тухай бүрт нь алхам хийж байжээ. Би маш азтай хүн гэж өөрийгөө боддог. Миний амьдралд хувь хүний хувьд төлөвшүүлэхэд хүчтэй нөлөөлсөн гурван эмэгтэй бий. Эхнийх нь Монгол банкинд хамт ажилладаг байсан Өнөрөө гэж бүсгүй. Цаг үргэлж шинийг санаачилдаг, чадварлаг учраас ажлыг хурууныхаа үзүүрээр л хийчихдэг. Энэ эмэгтэй намайг гадагшаа сурах ёстойг, эмэгтэй хүн яаж амжилтанд хүрдэг гэдгийг ойлгуулсан. Одоо Нью Йоркийн их сургуулийн профессор. Дараагийн эмэгтэй бол Мариана. Америкт сурч байхдаа жижигхэн дэлгүүрт кассчин хийж байгаад энэ гайхалтай эмэгтэйтэй анх танилцаж Дэлхийн банкинд орж байлаа. Дэлхийн банкинд орсныхоо дараа Тэнзин гээд Бутан хамгийн их хүндэтгэдэг хүнтэйгээ танилцсан. Маш энгийн хэрнээ аливаа шийдвэрлэх хуралд ороод өөрийн үзэл бодлыг хүлээн зөвшөөрүүлж чаддаг энэ хүн хэдийд хүнлэг байх суурийг минь тавьж өгсөн.
-Эмэгтэйчүүд мэдлэг боловсролтой болохын хэрээр будаж шунхдах нь багасдаг гэж ярьдаг?
-Заавал тийм байх албагүй.
Бүсгүйчүүд өөр өөрийнхөө таалагддаг дүрээр л амьдрах ёстой гэж боддог. Сайхан хувцаслаад өндөр өсгийт угласан бүсгүйчүүд өөртөө ямар их итгэлтэй болдог билээ.Тэр давуу бид тал, зэвсэгээ ашиглаж байх ёстой. Харин хаана ямар үед ашиглахаа мэддэг байх нь чухал.
-Миний мэдэхийн 3-4 томоохон төсөл дээр ажиллаж байна. Яаж ийм олон ажлыг зэрэг амжуулдаг вэ?
-Надад маш олон ур чадвар байгаа олон улсын төсөл бичихээс авахуулаад гэрээ хэлэлцээр байгуулах хүртэл. Онгирч байгаа юм биш шүү. Гэхдээ нэг газар цалингаа аваад өглөө 9-6 хүртэл ажиллаж чадахгүй байхаа. Нэгэнт эзэмшсэн мэдлэг чадвараа бусдад хуваалцаж, буцааж өгөх ёстой гэж боддог. Тийм учраас энэ ажлуудыг зэрэг амжуулахдаа түүртээд байдаггүй байх.
-Өөрийгөө өдөр тутамдаа яаж хөгжүүлдэг вэ?
-Сурч, өөрийгөө хайрцагласан сэтгэлгээнээс гаргаж байх ёстой. Тэр болгон хийгээд байдаггүй зүйлээр өөрийгөө сорих гэж оролддог.
-Өдрийн ажлын хувиараа яаж зохицуулдаг вэ?
-Google calendar-аар л хамаг ажлыг амжуулдаг.
-Өнөөгийн нийгэмдээ хэр сэтгэл хангалуун явдаг вэ?
-Манай улсад Сингапур, Израйл шиг хөгжих боломж нь нээлтэй. Одоо бол хөгжсөн орон бол мартагдсан.Харин хөгжиж буй орнуудаас гарааны бизнесийн гайхалтай жишээ олон гарч байна. Жишээлбэл Беларусаас гарсан анхны долларын тэрбумтан world of tanks тоглоомыг бүтээсэн. Энэ мэтийн олон төслүүд Беларусаас эхтэй. Тэр улсад ямар ч баялаг, уул уурхайн нөөц алга. Зөвхөн толгойгоо л ашигласан. Тэр улсад ямар ч баялаг, уул уурхайн нөөц алга. Зөвхөн толгойгоо л ашигласан. Харин манайх өнөөх л уул уурхайгаа ярьсаар. Заримдаа баялаг нь хурдан дуусч идэж ууж дуусч, тэр хүмүүс нь төрөөс холдоосой гэж хүсдэг. Уг нь тэр Оюутолгой, Таван толгойн гэж яригдаад байгаа орлогыг Facebоок-ийн хувьд сарын л орлого. Бидэнд боломж байгаа.
-Тэр хөгжүүлэх залуус нь эх орондоо ирэх сонирхолгүй байна уу даа. Монголд орчин нь алга гэдэг?
-Би энэ хандлага өөрчлөгдөж байгааг мэдэрч байна. Саяхан надтай уулзсан мундаг программист залуучууд гадагшаа явж сурна гэж байсан бол одоо эх орондоо ажиллахаар шийдэж. Энэ бол аль хэдийнэ олон улсад өрсөлдөөд эхэлцэн lend.mn буюу andglobal-ийн нөлөө.
-Монголын энтреренеруудын чуулганаар дуулгах сонинтой гэж байсан тэр нь юу билээ?
-”Wonder woman academy’төсөл юм. Монголд эмэгтэйчүүд өндөр албан тушаал хашиж байгаа нь цөөхөн. Тиймээс хэдэн эмэгтэй найзуудтайгаа хамтраад эмэгтэйчүүдэд зориулсан “Wonder women” академиг байгуулах санаа гараад байгаа. Ингэснээр амжилттай яваа эмэгтэйчүүдийг урьж түүхийг яриулж, удирдлагын түвшинд хэрхэн ажиллах, бизнес эрхэлдэг бол инновацийг хэрхэн ашиглах тал дээр зөвлөгөө өгөхөөх төлөвлөж байна. Хүссэн хүсээгүй дэлхий нийт эмэгтэйчүүдийн манлайлалыг дэмжээд эхэлчихлээ. Ингэж байж дараагийн үеийн бүсгүйчүүдэд эрчүүдтэй зэрэгцэн ажиллах орчныг нь бий болгоно. Бүсгүйчүүд бид нэгдэхээрээ юу хийж чадах вэ гэдгийг харуулмаар байна.ээрээ юу хийж чадах вэ гэдгийг харуулмаар байна.
гарааны бизнес монголын энтрепренерүүдийн нэгдсэн чуулга энхболор инноваци wonderwoman
Сэтгэгдэл бичих (24)
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.