Дархан-Уул аймаг Улаанбаатар хотоос орон нутагт шилжин суурьших иргэд, аж ахуйн нэгжүүдийг дэмжих зорилгоор “Нээлттэй Дархан” хөтөлбөр хэрэгжүүлж, хүн амынхаа тоог 20 хувиар нэмэгдүүлэхээр төлөвлөжээ. 

Энэ хүрээнд шинээр шилжин суурьшигчдыг хүлээн авах, залуу гэр бүлийг дэмжих хүрээнд дэд бүтцийн асуудлуудыг аймаг орон нутгаас анхаарч өмнөх жилүүдэд эхлүүлсэн томоохон ажлуудыг эрчимжүүлж байгаа аж.

Үүний нэг нь Залуус хорооллын бүтээн байгуулалт бөгөөд үүгээр 10 мянга гаруй өрхийг орон сууцтай болгох юм.

Тус хорооллын зураг төслийн ажил энэ сард багтаж дуусвал хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг аймгийн ИТХ-аар батлах аж. Одоогоор инженерийн шугам сүлжээг түлхүүр гардуулах буюу ажлаа гүйцэтгэж дуусаад санхүүжилтээ төрөөс авах нөхцөлтэй тендер Барилга хот байгуулалтын яаманд зарласан байна. 

Ингэснээр Дарханы залуус болон Улаанбаатараас шилжин ирэгсэд "Залуус" 1,2 дугаар хороололд 10 хувийн урьдчилгаа өгөөд ипотекийн 3 хувийн зээлд хамрагдан байртай болох боломж бүрдэх юм. "Залуус" хороололд нийтдээ 32 мянган хүн амьдарна гэж тооцоолон сургууль цэцэрлэг цагдаа, онцгой байдал гээд төрийн бүх үйлчилгээг дунд нь байршихаар төлөвлөн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө хийгдэж байна.