Хөрөг зургийн мастер гэгддэг цөөхөн уран бүтээлчдийн нэг зураач Б.Насанцэнгэлтэй ярилцлаа. “Хөрөг зураг бол хамгийн их шүүмжлэгчтэй урлаг, гурван настай хүүхэд ч шүүмжилж чадна” хэмээн ярих тэрбээр социализмын үеийн уриа лоозон, удирдагчдын хөргөөс эхлээд Төрийн ордон дахь гурван ч Ерөнхий сайдын хөргийг зурсан юм. Б.Насанцэнгэл зураач үслэг эдлэлээс татгалздаг, хэвлэлийнхэнээс зай барьж даруухан амьдралыг эрхэмлэдэг нэгэн юм.

-Зураач, уран бүтээлч болно гэдэг өгөгдөл үү эсвэл?

-Энэ бол цэвэр бурханы бэлэг, өгөгдөл. Зарим хүн зураач болох амархан гэж бодоод хүүхдээ зургийн чиглэлийн сургуульд оруулдаг. Гэтэл цаанаасаа өгөгдөлгүй хүүхэд хоцроод байдаг талтай. Харин мэдрэмж байвал ганц зураас татсан ч цаанаа л өөр. Солгой хүүхэд дуучин болж чадахгүйтэй л адилхан юм. Нэг хувийн авъяас 99 хувийн хөдөлмөр гэдэг үг бий. Энэ үг урлаг дээр үнэмшилтэй санагддаггүй. Магадгүй 50 хувийн авъяас 50 хувийн хөдөлмөр бол байж болох юм. 

-Уран зураг танд юу өгдөг вэ, та яаж төвлөрдөг вэ?

-Би азтай хүн. Өөрөө хүссэн мэргэжлээрээ сураад түүгээрээ амьдарч байна. Үүн шиг жаргал хаана байхав. Би хүссэн ч хүсээгүй ч урландаа ороод бийр будаг нийлүүлэхээр төвлөрчихдөг онцлогтой. Голдуу хаалгаа түгжээд зураад суучихдаг юм. Заримдаа юу ч зурмааргүй санагдвал толгойдоо зургийн санаагаа бодож боловсруулаад явна. Эсвэл нэг уран бүтээл дээр хэд хоног толгой өндийх завгүй суудаг. Уран бүтээлч бид нар зоргоороо улс шүү дээ.

-Таныг хөрөг зургийн “Насанцэнгэл” гэж тодорхойлдог. Хөрөг зурахдаа яаж тухайн хүнийхээ араншинг гаргадаг юм бэ?

-Зуруулахаар сууж байгаа хүн эхэндээ цовоо сэргэлэн сууна. Тэгж байгаад удаан суугаад ирэхээр уйдна, зүүрмэглэнэ. Тэр үед нь юм ярина, халуун цай ууж ярьж хөөрдөг. Энэ зуур тухайн хүнийхээ араншин, характерийг ойлгож мэдрэхийг хичээнэ. Тэр ойлгосон мэдрэмжээ уран бүтээлдээ гаргадаг. Бас гэрэл зураг биш аль болох тухайн хүнээ өөрөөр нь харж зурах дуртай. Өнгө нь ч илүү гоё гардаг юм. Бидний залууд талийгаачийн хөрөг, номын дарга нар биш л бол заавал өөрөөс нь харж хөрөг зурдаг байлаа.

-Таны сүүлийн үеийн уран бүтээлд бясалгалын, зүүд зөн совингийн мэдрэмж нэлээн тусчээ. Энэ нь ямар нэгэн билгэдэл агуулж байна уу эсвэл таны дотоод ертөнцийн тусгал уу?

-Сүүлийн үед Шинжлэх ухаан соёл антропологи судлалын гностик нийгэмлэгийн сургалт, бясалгалд суудаг.. Тэндээ бясалгалд явж байна. Энэ маань миний уран бүтээлд нөлөөлсөн болов уу. Хүн эхлээд өөрийгөө таниад дараа нь орчлонг тань гэсэн үг бий. Хүн өөр өөрийнхөө дотоод дуу хоолойг мэдэрснийхээ дараа өөрийгөө танин мэддэг гэдгийг надад ухааруулсан юм.

-Зүүдний тухайд юу хэлэх вэ, энэ унтаж буй бүсгүйн зураг сонирхол татлаа?

-Энэ бол “Унтаа сэрүүний завсар байгаа хүн”. Зүүд гэдэг өөрөө хийсвэр ба бодит ертөнцийн зааг юм. Хүн унтана гэдэг хийсвэр ертөнцөд очиж байгаа хэрэг. Бид зүүдээ тайлдаггүй зөв ойлгодоггүй. Гэтэл тэр зүүд бүхэн утга учиртай.

-Тэгвэл та өөрийгөө хэр танисан бэ?

-Би өөрийгөө олж нээх гээд юу ч юм эрж хайгаад явсан. Тэр зүйл нь юу гэдгийг би мэдэхгүй. Цагаан хоолтон болж, Буддын сургаал, библи, ведийг сонирхдог байсан . Одоо л хайж явсан зүйлээ олсон юм шиг мэдрэмж төрж байна.

-Таны дотор ямар хүн байдаг болохоор энэ гэрэл гэгээтэй уран бүтээлийг зурдаг гэж боддог вэ?

-Хүн бүхний дотор сайн муу хүн бий. Нэг уурлахад нөгөө нь тайвшруулдаг. Нэг нь шунахад нөгөө нь яах юм бэ гэж ухааруулна. Хүн тэр доторх зөрчилдөөнөөс муу чанарыг дараад сайн зан чанараа гаргахыг хичээх нь чухал. Би ч бас ийм байхыг хичээдэг.

-Уран бүтээлч бүхэн өөрийн хэлэх санаатай байдаг. Харин та зургаас тань хүмүүс юу ойлгоосой гэж хүсдэг вэ?

-Зарим уран бүтээлчид нийгмийг илчилж байна гээд хар бараан талыг нь илчилж шүүмжилдэг. Магадгүй тэр хүмүүст миний бүтээлүүд хэтэрхий нялуун санагдаж мэдэх юм. Гэхдээ би нийгэм хангалттай стресстэй байхад түүнийг давтаж үзүүлэхийг хүсдэггүй. Харин миний зургаас тайвшрал, ухаарлыг олж харвал болох нь тэр.

 -Өөрийгөө зурдаг уу?

-Залуудаа зөндөө зурдаг байлаа. Одоо охиноо зурах дуртай. Хамгийн ойрхон дуудахад амархан учраас (инээв)

-Зармааргүй зураг гэж байдаг уу?

-Зарим хүн зургаа зарах дургүй гэдэг. Харин би зарж л орхидог. Миний бүтээл өөр хэн нэгний ивээл дор илүү хайрлагдаад байж байвал болох нь тэр. Бас надаас илүү бүтээл минь танигддаг байх л сайхан. Харин эсрэгээрээ би олны танил болчихсон хэрнээ, миний бүтээлийг хэн ч мэдэхгүй байвал ичмээр шүү дээ.

-Хөрөг зураач болоход юу нөлөөлсөн гэж боддог вэ?

-Залуудаа намын төв хорооны үзэл суртлын асар том лоозон, дарга нарын хөрөг зурдаг байлаа. Зарим томоохон хөргийг зурахдаа газар дэвссэн даавуун дээр нэг нүдийг нь зураад 2 алхаад нөгөө нүдийг нь зурдаг байсан. Заримдаа ажил тарах гэж байхад  Хотын намын хорооноос даалгавар ирвэл манай зураач урчууд шөнөжин ажилладаг. Эргээд бодоход тэр ажил минь ажлын ард тэсвэр тэвчээртэй, шантрахгүй гарч чаддаг болгосон. Нүдэнд баримжааг ч сайн хөгжүүлсэн.

-Та тэр хайрцаглагдсан сэтгэлгээнээс яаж гарч байв?

-Тухайн үед бид бүтээл гэхээсээ илүү үйлдвэрийн ажилчин шиг төлөвлөгөө нормтой ажилладаг байлаа. Ардчилал гарахад нэг л гоё хөнгөхөн салхи мэдэрсэн. Юу ч зурсан бид нарын эрх юм байна гэдгийг ойлгох сонин мэдрэмж байлаа. Тухайн үед “Нөлөөт шил ба туйлшрал” гээд хийсвэр сэтгэлгээний зураг зурсан. Одоо 25 дугаар телевизэд хадгалагдаж байгаа. 

-Хөрөг зурахад хамгийн чухал зүйл юу юм бол?

-Тухайн хүний дотоод сэтгэл, нүдний харцыг гаргах чухал.  Яагаад гэвэл хөрөг зураг хамгийн олон шүүмжлэгчтэй урлаг. Байгалийн зураг, уулын оройг жаахан өөр зурчихвал хүн бараг анзаарахгүй. Гэтэл хөрөг зургийг гурван настай хүүхэд ч хараад адилхан эсэхийг хэлж чадна. Тийм учраас хөргийг хариуцлагагүй хийх эрхгүй. 

-Магадгүй тийм учраас зураач бүхэн хөрөг зурдаггүй байх?

-Тийм байж болох юм. Гол нь зураачаас рисунк буюу нүдэн баримжаа маш их шаарддаг. Нүдэн баримжаа муутай бол хөрөг зургийг яаж ч хичээгээд адилхан болгож чаддаггүй.

-Ордонд таныг хэд хэдэн хөрөг байдаг байх аа?

-Н.Энхбаяр, С.Батболд, Н.Алтанхуяг нарыг ерөнхий сайдын ажлаа өгснийх нь дараа зурсан хөрөг бий.

-Амьдралдаа заавал хийх ёстой зүйл гэвэл юуг хэлэх вэ?

-Ухамсараа сэргээх. Өөрийн хэр чадлаараа бага ч гэсэн гэгээрэл рүү тэмүүлэхийг хүсч байна. Мунхаг харанхуй чигээрээ нэг насыг өнгөрүүлбэл эмгэнэлтэй биш гэж үү.

-Ухамсарын өгөгдөл гэж үү?

-Бид ээж ааваас, сургууль соёлоос авсан хүмүүжлээрээ нэг насыг туулдаг. Энэ бол хэвтээ тэнхлэгээр амьдралаа өнгөрүүлж байгаа хэрэг. Гэтэл хүн өөрийн ухамсараа сэргээх ёстой. Сэргээж чадвал хэвтээ тэнхлэгээс дээш босоо шат руу өгсөнө. Тэр шат дотроо зөндөө олон зэрэглэлтэй. Дээшлэх тусмаа ухамрын өгөгдөл их болно гэж багш маань хэлдэг.

/"Өөрийгөө ажиглахуй" 2016, зотон тос, 80х80см/

-Энэ амьдралаас хүн олон зүйлийг авдаг бас алддаг. Тэр дунд хэзээ ч хаяж гээж боломгүй зүйлийг та юу гэж боддог вэ?

-Хүн хэзээ ч хаяж гээж болохгүй зүйл бол хүн чанар. Хүн чанаргүй бол тэр хүн хичнээн мундаг байлаа гээд яах юм. Мөнгөтэй болонгуутаа хүн чанараа гээдэг, бусдыг дорд үздэг хүмүүсийг би ойлгодоггүй.Үйлийн үрийн хуулийн өмнө бүх хүн нэг л шугаман дээр адилхан зогсоно. Тэр цагт хэн нь зөв явсан, хэн нүгэл үйлдсэн нь тодорхой болно.

-Хэт хэрэглээ шүтсэн энэ нийгмийн нэг хэсгийг та юу гэж хардаг вэ. Эсвэл энэ байх л ёстой зүйл үү?

-Брэнд өмсөөгүй л бол хүн биш юм шиг хардаг тэр хандлага бол аймшигтай өрөвдмөөр сэтгэлгээ. Магадгүй тэр брэнд бүтээгдэхүүн илүү чанарлаг байж болох юм. Эцсийн эцэст зөвхөн хаяг шошго шүү дээ. Хүн хүний хүсэл мөрөөдөл өөр. Гол нь тухайн хүн бусдыг тэр үнэлэмжээрээ үнэлдэг бол ухамсрын дорд түвшинд байна гэсэн үг. 

"Дотоодоо чагнахуй"

-Та үслэл эдлэлээс татгалздаг. Энэ чинь уран бүтээлчийн эрэл хайгуул уу, хувь хүний үзэл бодлын зөрчилдөөн үү?

-Булган дээл хийхийн тулд тэр амьтныг амьдаар нь арсыг нь өвчиж нүцгэн биеийг нь газар чулууддаг юм билээ. Нүд нь нээлттэй тэр булга гэгч амьтан 10 минут орчим тарчилж байгаад үхдэг. Тэр их гаслантай, амьтны зовлонгоор бүтсэн хувцас өмсөөд сайхан харагдах уу гэж бодоод л өмсөхөө больсон, 2010 оноос хойш үслэг эдлэл, савхи өмсөөгүй. Өөртөө байсан булган дээлээсээ заримыг нь хүнд өгч нэгийг нь якут бүсгүйд зарчихсан юм. Гэхдээ би булга өмсч зүүсэн хүнийг үзэн ядаж, туйлширдаггүй. 

"Орчлонг танихуй"

-Зурагт чинь хэр нөлөөлсөн бэ?

-Нөлөөлсөн. “Гэгээрэлд хүрэх зам” гээд зураг зурж эхэлсэн.

-Та олны дунд байхдаа өөрийгөө мэдэрдэг үү ганцаараа байхдаа илүү дуртай юу?

-Ерөнхийдөө би ганцаараа байх дуртай. Хүссэн зургаа зураад  дуртай номоо уншаад л...Гэнэтхэн олны дунд ороод гол дүрд тоглож чаддаггүй, бүрэг талдаа хүн. 

-Уран бүтээлч хүнээс онгодын талаар асуухгүй өнгөрч болохгүй болов уу?

-Заримдаа юу ч хиймээргүй сууж байснаа гэнэтхэн бийрээ аваад санаандгүй хэрнээ сайхан зураг зурчих тохиолдол байна. Үүнийг л онгод гэдэг юм болов уу. Гэхдээ “Онгодоо оруулахын тулд...” би тийм сүржин зүйлст дургүй. Түүнийг хүчээр бий болгож болохгүй.

-Орчин үеийн урлагийн талаар ямар бодолтой байдаг вэ?

-Би цаанаасаа өгүүлэмжтэй орчин үеийн урлагт дуртай. Гэхдээ би залу уран бүтээлчдийг хараа хурц дээрээ гарын ур, нүдний ур шаардсан нарийн ажиллагаа шаардсан бүтээлээ залуудаа хийгээсэй гэж хүсдэг.  Ингэж хэлэхээр зарим нь эмзэглэчихдэг юм билээ. Гол нь орчин үеийн урлаг гэж дулдуйдахаас илүү чадвар шаардсан бүтээлээ залуу насандаа хийхгүй өнгөрөөчих вий гэсэн санаа шүү дээ.

"Анирлахуй"2017, зотон тос, 89,9х69,9"Төвлөрөхүй"

Залбирахуй

Анирлахуй