Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг: Үндэсний эрх ашгийг заримдаа дуугарч, заримдаа дуугүй байж хамгаалдаг

Б.Номин
05 сарын 11, 2026

Сэтгүүлч Б.Энхцэцэгийн Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгтэй хийсэн ярилцлагыг хүргэж байна.

Сүүлийн 30 жилийн түүхэнд хамгийн олон жил буюу зургаа дахь жилдээ Гадаад харилцааны сайдаар улиран томилогдсон, өмнө нь энэ яамны Дэд сайдаар ажилласныг нь тооцвол төрийн дипломат салбарт арван жилийн турш зүтгэснээрээ Б.Батцэцэг “капиталаар” ялгарна.

Та бид хоёр улс төрийн өвөрмөц үед уулзаж байна. Бидний дассан тогтворгүй байдал, байдаг л нэг зөрчлүүд хурцадмал гэж хэлж болохоор нөхцөл рүү гулсаж орхисон. Та эрх барьж буй намаас УИХ, Засгийн газарт ажиллаж буй улстөрчийн хувьд намдаа бий болсон үзэгдлийг хэрхэн үзэж байна вэ?

Үнэхээр өвөрмөц үе. Цөөн хэдэн хүний эрх ашиг, албан тушаалын төлөөх өрсөлдөөн төдий зөрчил биш, илүү гүн гүнзий үйл явц өрнөж байна. Өнөөгийн нөхцөл байдал нэг намын доторх үзэгдэл мэт харагдавч яг үнэндээ улс төр  шинэ шат руу шилжиж байгаагийн шинж тэмдэг болов уу. Улс төрийн орчин гаднаасаа эмх замбараагүй юм шиг харагддаг үе байдаг. 

Чимээ шуугиан ихтэй, үл ойлголцол давамгайлсан, нэг нь нөгөөгөө үгүйсгээд л, нөгөөх нь ч бас няцаагаад л. Үйл явцыг дотроос нь нягт ажиглавал тийм ч санамсаргүй зүйл биш. Хуучин, хэвшмэл загвар шинэ бодит байдалдаа багтахаа больсны дохио нь тэр. Өөрөөр хэлбэл, улс төрийн хуучин сэтгэлгээ, хоцрогдсон арга барил, буруу зуршил шинэ цагийн шаардлагад хүрэхгүй болсон учраас дотор нь хагарал үүсэж байна гэсэн үг. 

Иймд би өнөөгийн улс төрд өрнөж байгаа үйл явцыг сөрөг үзэгдэл гэж туйлын утгаар бодохгүй байгаа. Хуучин, хэвшмэл загвар шинэ бодит байдалдаа багтахаа больсны дохио нь тэр.


Яг одоогийн нөхцөл өмнө нь манайд болж байсан нэг түүхийг давтаж байх шиг, тэгэхдээ нэлээд томсгосон, гүнзгийрүүлсэн хэлбэрээр давтагдаж байх шиг санагдаж байгаагаа тантай хуваалцъя л даа. Юу гэвэл, Ерөнхийлөгч Н.Энхбаярыг буухын өмнөх болон дараах улс төрийн нөхцөл байдал тухайн үеийн МАХН-ыг хоёр хувааж дөнгөсөн. Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн бүрэн эрхийн хугацаа дуусахад нэг жилийн хугацаа үлдэж байгаа энэ үед МАН-д мөн л ширүүн талцал үүслээ?

Тийм төсөө надад ч бас харагддаг. Түүх давтагдаж байна гэхээсээ Монголын улс төрд үе үе сэдэрдэг зөрчил илүү төвөгтэй хэлбэрээр дахин гарч ирж байж болзошгүй. Өнөөдрийн үзэгдэл зөвхөн нэг хүний улс төрийн ирээдүй, нэг бүлгийн байр суурь, эсвэл намын лидерийн асуудлаар тогтохгүй хальсантай холбоотой. Эрх мэдлийн бүлэглэлийн жин, нөлөө, залгамж, хүлээлт дараагийн эрх мэдлийн мөчлөгтэй холбогдож байна.

Гэхдээ өнөөдрийн нөхцөл байдал зарчмын хувьд ялгаатай. Ерөнхийлөгчийг нэг удаа зургаан жилийн хугацаагаар сонгоно гээд Үндсэн хуульд тов тодорхой заачихсан. Ерөнхийлөгч ч үүнийг удаа дараа эш татаж байгаа. Магадгүй энэ нь залгамжлалын талаарх сэдэв илүү эрт, хурц гарч ирэх, гаргаж ирэх шалтгаан болж байж мэдэх. 

Улмаар зөвхөн нам доторх өрсөлдөөн биш, харин дараагийн улс төрийн өрнөлийг аль нам, хэн, яаж тодорхойлох вэ гэсэн асуултын дэвсгэр дээр явагдаж байгаагаараа илүү гүнзгий байна. Иймээс үүнийг зөвхөн фракцын тэмцэл гэж жижигрүүлж харах боломжгүй. За бас шууд сүйрлийн дохио ч гэж хэтрүүлэмгүй. 

Нам үнэхээр үзэл баримтлал, хамтын сахилга, инститүцийн ой санамж дээр тогтож байна уу, эсвэл албан тушаалын эргэлт, нөлөөний тэнцвэр, хувь хүний нэр хүнд дээр тогтож байна уу гэдгийг ийм үед л мэднэ. Нам доторх зөрчил эцэстээ төрийн нэр хүндийг унагааж, олон нийтийн итгэлийг сулруулж эхэлбэл асуудал намынх байхаа болиод төрийнх болдог. Миний болгоомжилдог зүйл энэ.

Улс төр, эрх мэдлийг ойлгосон анхны харц тань юун дээр тогтож байв? Улс төрийн орчинд ороод Танд төрсөн эхний бодлуудаас өнөө хэр хүчтэй хэвээр байдаг нь юу бол. Улс төрд орох шийдвэрийг хэрхэн гаргасан бэ?

Улс төрд татагдсан анхны шалтгаан минь хувь заяаны тухай асуултад хариу хайж явахад ирсэн бодол байж. Улс орны хувь заяа гэж юу вэ? Ард түмэн яагаад зарим үедээ өндийж босдог, зарим үед төөрч будилж, бүтэлгүйтдэг юм бэ? Төр гэж юу вэ? Төрийн мөн чанар юу вэ? Хүн улс орныхоо өмнө хэзээ, яаж хариуцлага хүлээдэг вэ? Ийм асуултууд намайг багаас минь, залуу наснаас минь дагаж явсан. Тэр асуултуудад хөндлөнгөөс тайлбар хайгаад суух биш, дотор нь орж үзэх ёстой юм байна гэж бодсон нь улс төр рүү ойртуулсан болов уу. Улс орныхоо хувь заяанд бодитоор гар бие оролцох талбар юм байна гэдгийг аажмаар ухаарсан гэвэл илүү ононо.

Монголын шинэ түүхийн эргэлтийн мөчүүд, ардчилсан шилжилт, гадаад орчны өөрчлөлт, нийгэмд хуримтлагдсан үл итгэл, гутранги үзэл, бас хажуугаар нь Монголын ард түмний асар их тэсвэр, уужуу чанар, хүнд байдлаас гарч чаддаг ухаан бүгд нөлөөлсөн. Улс төрд ороогүй байсан ч миний залуу нас маш завгүй, бас том мөрөөдөлтэй байлаа. Ер нь залуу хүн мэргэжлээрээ, ажлаараа, бүтээлээрээ танигдана, байлдан дагуулна л гэж явдаг шүү дээ. 

Надад сайн хүмүүжил, боловсрол, бизнес, бас гэр бүл, хүүхдүүд гээд бүгд байсан. Тэхээр нь нэг шат ахиад эргэн тойрноо ажиглана. Нэг талаар манай ард түмэн асар их боломжтой юм байна гэж бодогддог. Нөгөө талаар тийм их боломжтой мөртлөө яагаад бусдаас дутуу амьдарч байна вэ гэж бодогдоно. 

Тэр хоёрын огтлолцлоос улс төрийн асуулт хариу нэхдэг.  Улс орныхоо зовлон бэрхшээлийг шүүмжлээд, тойрч өнгөрөөд байж болохгүй юм байна, шийдэх гэж оролдох чадвартай хүмүүс хэрэгтэй юм байна гэдэгт өөрийгөө багтаан бодож эхэлснээс хойш ухраагүй л явна. Хот, хөдөөгүүр явах үед, хүмүүсийн яриаг сонсох үед, алс хязгаар нутагтаа буйдхан буй айлын амьдрал ч дэлхийн улс төртэй холбогдож байгааг мэдрэх үед төрийн тухай боддог уртаас урт замаар би алхаж эхэлсэн. 

Монгол төр зөвхөн засаг захиргааны машин биш, хуульт ёс, ёс суртахуун, итгэлцэл, хүндлэлийн цогц ойлголт гэх монгол уламжлалд би гүн бат итгэдэг. Төр гэдэг тусгаар улс, эрх чөлөөт ард түмний хамгаалалт. Төр гэдэг үндэстэн эв нэгдэлтэй байх тулгуур багана. Энэ ойлголтыг тээж явдаг хүн улс төрөөс хол хөндий байж чаддаггүй.

Төр гэдэг тусгаар улс, эрх чөлөөт ард түмний хамгаалалт.

ТӨР БОЛ КОМПАНИ БИШ. БИЗНЕСИЙН ХУРДААР ХЭМЖВЭЛ АЛДАНА

Олон улсын харилцааны ээдрээт шинэ нөхцөлд Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнолыг амжилттай баталгаажуулж, гадаад харилцааг эрчимтэй урагшлуулснаараа Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг олны анхаарлын төвд орж ирсэн улстөрч. Улс төрийн хагарал, тэмцлийн дуулиан дотор сайн, муу дүрүүд гэнэт л сошиал орон зайн хийцлэл, түгээлтийн системээр тодордог жишгээр Б.Батцэцэг сайдыг олон тэрбумын луйварчин болгож цоллов. 

Харилцаа бүхий этгээдүүдийнхээ үүсгэн байгуулсан компанид гадаад паспортын тендер авч өгсөн гэх мэдээлэл сүүлийн өдрүүдэд цацагдаад буй. Түүнийг улс төрд орохоосоо өмнө эцэг эхийнхээ үүсгэн байгуулсан бизнесийг гэр бүлийн хамт залгамжлан авч, ном хэвлэлийн үйлдвэрлэлээр мэргэшсэн “Аз хур” компаниа хөгжүүлснийг 30 жил уг хэвлэх үйлдвэр, номын дэлгүүрүүдтэй нь хамт байсан зохиолч туурвилчид, уншигч олон мэдэх хэрээр эргэлзээ тээнэгэлзээ төрөх нь дамжиггүй. 

Сэтгүүлчид ч энэ талаар Б.Батцэцэг сайдаас даруй тодруулсан мэдээллүүд нийгмийн сүлжээнд хөвөрсөн. Хэвлэлийн эрх чөлөөний өдөр тод улаан сэрэмжлүүлэг цахим хуудастаа нийтэлсэн гээд ёстой л анхаарлын тэмдэг бүхий улстөрч болж хувирав. Үйл явдал ийнхүү өрнөж байна. Засгийн газрыг гуйвуулахад Батцэцэг сайдын нэр хүндээр туг тахих нь хамгийн дөт зам байх магадлал ч өндөр.

Түүнийг өнөө ч улс төрд тодорхойлдог “Мөнхийн үсэг” аавынх нь байгуулсан хэвлэх компанийн нэр л дээ. 

Монголд офсет хэвлэлийн шанг татсан анхны үйлдвэрлэгч Батмөнх агсаны үүсгэсэн компанийн голомтоос хүүхдүүд нь Монголын хэвлэх үйлдвэрлэлийн зах зээлд шинэчлэлийг бойжуулж, тэнд ажиллаж туршлагажсан мэргэжилтнүүд компаниа байгуулан өрх тусгаарлацгаасан нь нэг биш. Тэдний нэг нь өндөр технологи, нарийн стандарт бүхий төрийн өмчит үнэт цаасны компанийн хувьцаа эзэмшиж, тендерээр ажил гүйцэтгэсэн нь Б.Батцэцэг сайдыг албан тушаалын ноцтой хэрэгт буруутгасан мэдээлэл болон цацагдаад буй юм. “Би нэг их гайхахгүй байна. Сэтгүүлчдэд байр сууриа хангалттай илэрхийлсэн. 

Хууль шүүхийн байгууллагын шийдэх асуудал учраас нэмж хэлэх зүйл алга. Өдөр болгон гарч ирээд тайлбарлаад байх боломжгүй” хэмээсэн.

Та бизнесээс улс төрд орсны давуу болон сул талаа хэрхэн үнэлдэг вэ?

Бизнесийн орчноос улс төрд орж ирсэн хүнд давуу тал ч бий, сул тал ч бий. Хүн хэн байсан, хаанаас ирсэн нь түүний замналын нэг хэсэг болохоос бүхнийг тодорхойлдог тавилан нь биш. Улс төрд олон жил явсан хүн дүрэм журам, хурал, индэр, тунхаглалын ертөнцөд хэтэрхий дасчихдаг тал бий. 

Бизнесийн орчинд чи бодит эрсдэлтэй нүүр тулна. Алдаатай шийдвэр гаргавал үр дагаврыг нь шууд мэдэрнэ. Ажилчдын цалин, хамт олны уур амьсгал, өдөр тутмын сахилга, гэрээний үнэ цэн, цаг хугацааны хатуу шаардлага, итгэл алдвал ямар үнэтэй тусдагт суралцдаг. Бизнес хүнийг хоосон үгнээс илүү бодит тоо, үр дүн, хийсвэр санаанаас илүү тооцоо, хүсэл мөрөөдлөөс илүү хариуцлага гэж байдаг бодит хөрсөнд суулгадаг. Энэ утгаараа бизнесээс улс төрд орж ирсэн хүн төрийг зөвхөн хуваарилалтын машин биш, бусдад боломж нээх, саад багасгах, үнэ цэн, итгэлцэл бүтээх, бүтээснийг хамгаалах орон зай гэж харах магадлал өндөр. 

Төрийн нэг шийдвэр цаанаа хэдэн мянган хүний амьдрал, хөдөлмөр, эрсдэл, хүлээлттэй яаж огтлолцдогийг мэдэрдэг. Энэ бол давуу тал. Гэхдээ харьцангуй сул тал бас бий. Бизнест шийдвэр гаргах хурд өөр. Хариуцлагын бүтэц өөр. Эрх мэдлийн логик өөр. 

Заримдаа бизнесийн орчноос ирсэн хүн төрийг ч бас компанийн маягаар удирдаж болно гэж эндүүрэх эрсдэлтэй. Гэтэл төр бол компани биш. Компанид эцсийн зорилго нь үр ашиг байж болно. Харин төрийн эцсийн зорилго үр ашиг төдий биш. Төр бол шударга ёс, тэнцвэр, нийтийн ашиг, урт хугацааны тогтвортой байдал, бүр зарим тохиолдолд өнөөдрийн ашигтай зөрчилдөх ирээдүйн зөв шийдвэрийг хамгаалах үүрэгтэй. Тиймээс бизнесийн хурдаар төрийг хэмжвэл алдаа гарна. Төрд тэвчээр, олон талын тэнцвэр, илүү гүн ёс суртахууны мэдрэмж хэрэгтэй. 

Миний хувьд энэ ялгааг л хамгийн их анзаарч ирсэн. Бизнес чухал, гэхдээ төрийг орлож чадахгүй. Төр эрхэм, гэхдээ бизнесийг боомилж болохгүй. Энэ хоёрын дунд маш нарийн ёс суртахууны хил байдаг. Тэр хилийг алдахгүй байх нь чухал.

Таныг бизнесийн намтраар тань цоллох явдал гарч буй энэ үед юу бодож байгаа тань сонин байна?

Улс төрд хэвийн үзэгдэл шүү дээ. Үнэнийг хэлэхэд, улстөрч хүн зугтаж чадахгүй. Улс төрд яваа хүний бүх намтар ил. Өмнө нь хэн байсан чинь тодорхой хэмжээнд тайлбар байж болно, харин уучлал биш. Төрд байхдаа юуг хамгаалсан, юуг зөвшөөрөөгүй, юун дээр дуугарсан, юун дээр чимээгүй өнгөрөөгүй вэ гэдэг л тодорхойлно. 

Бизнесийн намтартай хүн улс төрд орж ирсний дараа хувийн ашигт үнэнч байна уу, эсвэл нийтийн ашигт үнэнч байна уу? Сүлжээнд үнэнч байна уу, эсвэл төрийн үүрэгт үнэнч байна уу? Албан тушаалыг хамгаалж байна уу, эсвэл төрийн нэр төрийг хамгаалж байна уу? Энэ л эцсийн шалгуур. Улстөрч хүний жинхэнэ хариулт үгэндээ биш, үйл замналдаа гэж бодож явдаг шүү.

ХҮЧНИЙ ЕРТӨНЦӨД ТЭСВЭР, ИТГЭЛЦЭЛ, УХААЛАГ ТЭНЦВЭРГҮЙГЭЭР ХЭН Ч ӨӨРИЙГӨӨ ХАМГААЛЖ ЧАДАХГҮЙ

Эрс тэс байр сууриас түдгэлзэж, хүчгүй нь хүчтэйнхээ өмнө бөхийх жамыг тойруулдаг ажилтай. Аюул эрсдэлийг болж өгвөл боломж, болохгүй бол болгоомж болгон хувиргадаг албатай. 

Монгол Улсыг гадаад ертөнцөд ойлгуулах, зөвшөөрүүлэх зорилготой. Үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнолыг дипломат арга замаар баталгаажуулах үүрэгтэй. “Тийм”, эсвэл “Үгүй” гэж хариулахгүйгээр ярьж тохиролцох чадвартай. Ийм хүний амнаас дотоодын хэвлэл л ямар ч сэдвээр “тийм”, “үгүй”-г унагах хамгийн өндөр боломжтой. Тэр нь ч явсаар Монголын мэдээллийг судалдаг гадныхны хувьд анхаарлын гаднаа үлдээмгүй сурвалж болж хүрдэг.

“Би Монгол Улсын Гадаад харилцааны сайд” гэж өөрийгөө танилцуулсан 2021 оны нэгдүгээр сараас хойших зургаан жил гаруйн хугацаанд дэлхий дахинд Монгол төрийн нэр төр, монголчуудын эрх чөлөө, ардчиллыг баталгаажуулахын төлөөх Б.Батцэцэгтэй бид танилцсан. Монголын эмэгтэй сайдын гадаад хэлний мэдлэг, биеэ авч явах соёл, сэтгэгдэл үлдээх чадварын тухай бид гадны хэвлэлээс, орос, хятад, англи хэлтнүүдийн сошиал хаягаас уншдаг болсон. 

Юүтүүб, фэйсбүүк, инстаграмын хил хязгааргүйн нөлөө бий ч, нэрт дипломатч Ц.Гомбосүрэнгийн хэлснээр, Б.Батцэцэгт харизм буюу нүүрийн буян байдаг. “Гадаад харилцааны салбарын тухайд би хувьдаа үргэлж хүндэтгэлтэй ханддаг байсан. Энэ бол зүгээр нэг албан тушаалын шугам биш. Энэ бол Монгол төр дуу хоолойгоо дэлхийд гаргах хамгийн ухаалаг нүүдэл шаардсан өрөг. Үндэсний эрх ашгийг заримдаа дуугарч, заримдаа дуугүй байж хамгаална. Заримдаа ойртож, заримдаа зай барьж хамгаална. Заримдаа гарын үсэг зурж, заримдаа татгалзаж хамгаална” гэж өөрөө тодорхойлж байна.  

2004 оноос ОХУ-ын Гадаад харилцааны сайдын албыг хашиж эхэлснээсээ хойших 17 жилийн хугацаанд С.В.Лавров Монгол Улсын Гадаад харилцааны 11 дэх сайдтай танилцсан нь Батмөнхийн Батцэцэг байв. Монголын Гадаад харилцааны сайдаар богино хугацаанд шинэ хүн томилогддог нь бараг уламжлал болчихсоныг эрс шулуун байр суурь илэрхийлдэг, заримдаа хатуу ширүүн, эсвэл ёж егөөтэй үгтэй хойд хөршийн нэгдүгээр дипломатч “Би олон монгол сайдтай танилцаж байлаа” хэмээн Батцэцэгт харин найрсгаар хэлж байв. 

БНХАУ-ын Гадаад харилцааны сайд, Төрийн зөвлөлийн гишүүн Ван И 2013 оноос Хятадын гадаад бодлогыг удирдаад долоон жилийн нүүр үзэж байхдаа танилцсан долоо дахь монгол сайд Б.Батцэцэг байлаа. Ван И бол гангамсуу цэмцгэр, гадаад төрхөөсөө л дэлхийн анхаарлыг татаж, Хятадын овжин, хэрсүү хуучин дипломат арга барилыг орчин цагийн хүчирхэг гүрний товч тодорхой, шийдмэг хатуу байр суурьтай чадварлаг хослуулдгаараа  алдартай.

Хоёр хөршийнхөө Гадаад хэргийн сайд нартай итгэмжилсэн, найрсаг дотно, аливаа асуудлыг илэн далангүй ярилцдаг харилцаа бүрдүүлж чадсандаа баяртай байдаг. Бид хоёр талын айлчлалын хүрээнд, олон улсын арга хэмжээний үеэр гээд олон удаа уулзаж ярилцдаг. Одоо бүр тоогоо ч мартсан байна. Ийм ойр дотно харилцаа бүрдүүлснээр элдэв оршилгүйгээр, жишээ нь “Тантай танилцахад таатай байна” гэх сул оршилгүй  уулзаж, асуудалдаа шууд орж, илэн далангүй санал солилцдог.

Аливаа уулзалтыг хийхэд “Энэ чинь том гүрний сайд шүү, дэргэд нь миний туршлага юу билээ” гэх мэтийг би огт тооцдоггүй. Яагаад гэвэл би Монгол Улсын Гадаад харилцааны сайд. Манай яам бол хоёр зуун дамнасан түүхтэй, эзэн Чингисээс улбаатай төрт ёсны уламжлал хийгээд шинэчлэлийн өргөн туршлагатай газар. Би хэлэлцээнд тогтсон жаягийг баримталдаг ч 100 жил ярьсан сэдвийг ч шинэ агуулгаар сэлбэж байх ёстой гэж үздэг. Ярилцагч талын “Яагаад” гэдэг асуултад яг таг хариулт, гарц, шийдлийг олох хариулт өгөх ёстой. Мэндлэхээс эхлээд гар бариад салах хүртэлх хэлэлцээний туршид би тайван байдаг. Ер нь айж сандардаг, сэтгэл нь догдолдог сайд нартай гар барихад л мэдрэгддэг юм.

Энэ албанд тогтвортой ажилласнаар зөвхөн хоёр хөрш гэлтгүй маш олон орны Гадаад хэргийн сайд нартай шууд харилцах боломжтой болсон. Энэ давуу талыг би Монгол Улсын гадаад харилцааны нэг томоохон капитал гэж боддог. Үүгээр дамжуулан идэвхтэй гадаад бодлого, олон тооны айлчлал, яриа хэлэлцээ бодит биеллээ олсон.

Дэлхий лав галзуурсан байх гэмээр ертөнцөд бид аж төрж байна. Олон улсын харилцааг шинжлэн судалдаг онол арга зүй ч, үйл ажиллагааны цар хүрээг мөрдүүлдэг дүрэм журам нь ч их гүрнүүдийн галзуурлыг даван туулах гэж оролдож л байна шүү дээ. Ер нь хүчгүй нь хүчтэйнхээ өмнө хүчин мөхөстөхийг хүлээн зөвшөөрсөн хандлага практик дипломатуудад ил тод болж байна уу?

Тийм шинж байгаа ч би үүнийг хүчгүй нь хүчтэйнхээ өмнө хүчин мөхөстөхийг бүгдээрээ зөвшөөрчихлөө гэж томъёолохгүй. Үүнээс илүү нарийн зүйл бий л дээ. Өнөөдөр олон улсын харилцаанд хоёр бодит байдал зэрэгцэн оршиж байна. Нэг давхаргад нь НҮБ-ын дүрэм, тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, хил хязгаарын халдашгүй байдлын зарчмууд, олон улсын эрх зүй, олон талт институцүүд хэвээрээ байна. Нөгөө давхаргад нь их гүрнүүдийн өрсөлдөөн, нөлөөний хүрээний сэтгэлгээ, түр зуурын хэлцэл, хүчийг нүцгэн хэрэглэдэг геополитикийн бодит байдал улам тодорч байна. CFR, "Chatham House", "Brookings" зэрэг дэлхийн томоохон судалгааны төвүүд 2025–2026 оны орчныг яг ийм “хуваагдсан”, “hybrid”, “fractured” дэг журам гэж тайлбарлаж байна. Тиймээс юу ил тод болж байна вэ гэвэл дүрэм журам дангаараа хүчний харьцааг тогтоож чадахгүй байна. Их гүрэн тогтсон дүрмийг зөрчвөл тогтолцоо түүнийг шууд хориглож чадна гэсэн өөдрөг итгэл суларсан. 

“Brookings” судалгааны төв нэг тайлбартаа, дайны дараах дэг журам нь цэргийн хүчтэй улс шийтгэл хүлээлгүйгээр бага буурай улсыг дайрч эзэлж болно гэсэн итгэлийг төрүүлэхгүй байх ёстой байсныг сануулсан бол "Chatham House" 2026 оныг “External accountability has become secondary to transactional interests” буюу гаднын хариуцлага тооцох зарчим нь наймаалцсан ашиг сонирхлын дараа орж байна гэж тодорхойлсон.

Гэхдээ энд нэг маш чухал ялгаа бий. Практик дээр сул дорой улс заавал бууж өгөх ёстой гэсэн үг биш. Жижиг, дунд улсуудын хувьд зөвхөн олон улсын эрх зүйд найдах, эсвэл зөвхөн нэг хүчирхэг ивээгчид найдах хоёрын аль аль нь хангалтгүй болж байна. Үндсэндээ өнөөгийн энэ шинэ орчинд олон улс rigid alliance-оос илүү issue-specific hedging буюу асуудал бүр дээр уян хатан тэнцвэржих, тал талтайгаа ажиллах арга барил руу орж байгаагийн бас нэгэн илрэл юм. Хүчгүй нь бууж өгөх ёстой гэсэн үг биш, харин амьд үлдэх дипломат ухаан илүү нарийн болно гэсэн үг.

Манай төр засгийн тэргүүнүүд гадаад улс оронтой хэлэлцээ хийхдээ хаалттай хаалганы цаана албаны цөөн төлөөллөө байлцуулдаг. Тэнд чухам юу болдог, уур амьсгал юунаас шалтгаалдаг, ямар тактикууд хэрэглэдэг нь надад лав маш сонин санагддаг. Төрийн нууцыг дэлгүүлэх гээгүйг минь ойлгоорой. Гэхдээ хэлж болох жаахан ч гэсэн зүйл бий биз дээ?  

Хэлж болох юм байлгүй яах вэ. Хоёр тал ширээний ард суугаад бэлдсэн үгээ уншаад байгаа юм шиг харагддаг ч үнэндээ тийм биш. Албан ёсны мэдэгдэл, гарын үсэг зурсан баримт бичиг, хэвлэлийн зургийн ард маш нарийн сэтгэл зүй, хэмнэл, хэмжээс байдаг. Тэнд үгнээс гадна өнгө аяс, түр зогсолт, хэн түрүүлж юу хэлж байгаа, ямар сэдвийг шууд хөндөж байгаа, юуг тойруулж хэлж байгаа, бүр заримдаа цайгаа яаж барьж байгаа хүртэл утгатай болчихдог.

Уулзалтын уур амьсгал ихэвчлэн гурван зүйлээс шалтгаалдаг гэж би боддог. 

Нэгдүгээрт, хүчний бодит харьцаа. Хоёр улсын хүч, нөлөө, тухайн үеийн олон улсын нөхцөл. Хэн нь юуг илүү хүсээд байгаа нь шууд мэдрэгддэг. Үл үзэгдэх ачаа дарамт мэдрэгдэнэ. Жижиг улс байр сууриа зөв илэрхийлж чадвал тэр ачаа хөнгөрдөг. Харин эхнээсээ бэлтгэлгүй, өөртөө эргэлзээтэй орвол тэр үл үзэгдэх ачаа улам хүндэрдэг. 

Хоёрдугаарт, улс төр, дипломатын харилцаа гэдэг зөвхөн албан үг, баримт бичиг биш. Эцэст нь хүн хүнтэйгээ ярьж байгаа хэрэг. Зарим уулзалт эхний таван минутад л ямар өнгөөр үргэлжлэх нь тодордог. Нөгөө талаа анхааралтай сонсож байна уу, эсвэл зөвхөн санаагаа тулгах гэж байна уу? Хамгаалалтын байрлалтай байна уу, эсвэл итгэлцлийн зай нээж байна уу? Энэ бүгд хэлэлцээ, уулзалт ярианы уур амьсгалыг шийддэг. Заримдаа хамгийн хүнд сэдвээр ч илүү тайван ярьж болдог. Өөртөө итгэхгүй бол энгийн сэдэв ч маш хүнд болдог. 

Гуравдугаарт, бэлтгэл. Энэ бол хамгийн чухал хэсэг. Хаалттай хаалганы цаана гэнэтийн уран цэцэн үгнээс илүү сайн бэлтгэл хэрэгтэй. Ямар үгийг ямар жинтэй хэлэх вэ, аль сэдэв дээр уян байх вэ, аль сэдэв дээр огт хөдлөхгүй байх вэ, ямар өгүүлбэр олон жилийн үр дагавартай байж болох вэ гэдгийг урьдчилж бодсон байх хэрэгтэй. Бэлтгэлтэй хүн тайван байдаг. Тайван байгаа хүн үл үзэгдэх дарамтыг даадаг. Бэлтгэлгүй хүн бол жижиг өгүүлбэр дээр ч бүдэрч орхино.

Хэлж болох өөр нэг зүйл гэвэл, хаалттай уулзалтын амжилт зөвхөн дотор суусан хоёр гурван хүнээс шалтгаалдаггүй. Түүний ард маш олон хүний хөдөлмөр бий. Үгийн төсөл бэлдсэн, судалгаа хийсэн, өгүүлбэрийн найруулгыг хянасан хүмүүс, өмнөх уулзалтуудын түүх, өнгийг сануулсан хүмүүс, ёслол протоколыг дэглэсэн хүмүүс, орчуулагчид, зөвлөхүүд чухал үүрэгтэй. Энэ бүх мэдлэг туршлага, хөдөлмөр бүтээлийн нийлбэр ширээний ард сууж байгаа тэр хэдэн хүний тайван байдлыг бүрдүүлдэг. Гаднаас бол хоёр тал ярилцаж байгаа мэт харагдана. Үнэндээ тэнд хоёр улсын инститүцийн бүх ой санамж, чадамж хамт орж ирдэг юм.

Бас нэг чухал зүйл бол чимээгүй байдал. Хүмүүс дипломат яриаг үгээр төсөөлдөг байтал хэлээгүй зүйлд хамгийн их хэлмээр, хамгийн гүн утгатай хэсэг үлдэх нь бий.


Тэнд үгнээс гадна өнгө аяс, түр зогсолт, хэн түрүүлж юу хэлж байгаа, ямар сэдвийг шууд хөндөж байгаа, юуг тойруулж хэлж байгаа, бүр заримдаа цайгаа яаж барьж байгаа хүртэл утгатай болчихдог.


Монгол Улсын Гадаад харилцааны сайд гэж чухам ямар алба юм бэ? Анхны сайд Чин ван Ханддоржийн түүхээс улбаалаад халуун эх орончдын үйл хэрэг гэж ойлгож болох уу?

Миний бодлоор Монгол Улсын Гадаад харилцааны сайдын албыг зүгээр нэг яамны сайдын албан тушаал гэж ойлговол дутагдалтай. Энэ бол улсын нэрийн өмнөөс үг хэлдэг, тусгаар тогтнолынхоо өмнөөс тайлбар өгдөг, түүхийнхээ өмнөөс хариуцлага үүрдэг алба. Манай орчин цагийн төрийн гадаад харилцааны суурийг тавьсан түүх бол анхны сайд Чин ван Ханддоржоос эхлээд эх орноо авч үлдэхийн төлөөх үйл хэрэг байсан. Монгол Улс тусгаар тогтнолоо зарлаж, төр улсаа дэлхийд таниулахад гадаад хэргийн асуудал орших эс оршихын тэмцэл байлаа.

Гэхдээ энд нэг зүйл нэмж хэлэх ёстой. Эх оронч байна гэдэг зөвхөн сүртэй үг хэлэхийг хэлдэггүй. Заримдаа эх орончийн хамгийн хэцүү дүр бол чанга хашгирах биш, харин дуугаа зөв хэмжээнд барьж, үгээ зөв мөчид хэлж, улсаа илүү том аюулаас хол байлгаж, нэр төрийг нь унагахгүй авч явахыг хэлдэг. Гадаад харилцааны сайдын алба ийм л алба.

Эцэст нь асуухад, дипломат ажиллагааг урлаг гэдэгчлэн Монголын гэх дипломат урлаг бусдынхаас юугаараа онцгой бол?

Монголын дипломат ажиллагааны онцлогийг ганц үгээр тэнцвэр гэж хэлнэ. Хоёр их гүрний дунд байдаг жижиг улсын болгоомжлол дээр тогтсон тэнцвэр ч биш. Түүх, газар зүй, соёл, төрийн ой санамж, дотоод нэр төрийн мэдрэмж дээр тогтсон тэнцвэр юм. Монголын дипломатын өвөрмөц чанар нь амьд үлдэхийн төлөөх заль мэхний түвшинд биш, нэр төрөө хадгалан орших ухааны түвшинд хөгжүүлж ирсэнд оршдог.

Монголын түүхийг харахад бид нэг зүйлийг маш сайн сурсан ард түмэн. Хэтэрхий бөхийж болохгүй. Хэтэрхий омгорхож болохгүй. Хэтэрхий ойртож уусаж болохгүй. Хэтэрхий холдож ганцаардаж болохгүй. Энэ завсрын зайг зөв олох ухаан л манай дипломат зангийн гол цөм болов уу. Өөрөөр хэлбэл, Монголын дипломатыг та урлаг гэж байгаа бол тэр нь өөрийнхөө хэмжээг мэдэж, жингээ алдахгүй байхыг хэлдэг. Энд манай нүүдлийн соёлын нөлөө бас бий гэж боддог. Нүүдэлчин хүн орон зайг онцгой мэдэрдэг шүү дээ. Хаана буухаа, хаана хөдлөхөө, хаана түр азнахaa, хаана салхи эргэхийг мэдэрч амьдардаг. Бид шууд мөргөлдөхгүйгээр, илэрхий нэг талыг сонгохгүйгээр, заримдаа хүлээж, заримдаа урьдчилж, заримдаа гуравдагч зай нээж, заримдаа хоёр талын хооронд амьсгалах орон зай гаргаж ирдэг. Энэ бол сул дорой зан биш. Энэ бол тэсэж гарах, бас өөрөөрөө үлдэхийн урлаг.


Түүх, газар зүй, соёл, төрийн ой санамж, дотоод нэр төрийн мэдрэмж дээр тогтсон тэнцвэр юм.


Та Монголын дипломат ажиллагаанд ямар шинэлэг өнгө аяс нэмсэн бэ?

Үе үеийн сайдууд тухайн цаг үеийнхээ гадаад улс төрийн нөхцөлд зохицож ажилладаг. Миний хувьд онцлог цаг үе таарсан болохоор гадны сайд нартай элдэв шат дамжлагагүй шууд харилцдаг болсон. Одоо харилцан айлчилсан, уулзаж танилцсан сайдуудтайгаа шууд утсаар залгаад ажил хэргээ ярьчихдаг. Дипломат харилцааг илүү амьд, шууд, хүн хоорондын итгэлцэл дээр суурилсан болгохыг зорьсон явдал. Мэдээж төрийн ёс, дэг журам, инститүцийн соёл хэрэгтэй. Гэхдээ хүн хоорондын итгэлцэл заавал хэрэгтэй. Заримдаа хэтэрхий албажсан үл ойлголцлыг хүн хоорондын итгэлцэл тайлдаг. Энэ утгаараа би Монголын дипломат ажиллагаанд шууд харилцааны, амьд холбооны, итгэлцэлд тулгуурласан нэгэн шинэ өнгө аяс авчирсан болов уу гэж боддог.

Нөгөө талаар би эмэгтэйчүүдийн оролцоог ч бас онцгой ач холбогдолтой гэж үздэг. Тиймээс дэлхийн Гадаад хэргийн эмэгтэй сайд нарын уулзалтыг санаачилж Монголдоо зохион байгуулсан нь онцгой ач холбогдолтой ажил байсан. Тэр уулзалтаас хойш бид бүх ажлаа ярилцдаг сүлжээ үүсгэсэн. Өөрөөр хэлбэл, олон улсын харилцааг сүртэй тунхаглал, том форумын хэмжээнд биш, өдөр тутмын амьд харилцаа, шууд холбоо, хэрэгтэй үед дэмжин хамтарч чаддаг итгэлцлийн орон зай бий болгохыг хичээсэн. Ийм сүлжээ чухал мөчид маш бодитой үр дүн авчирдаг.

Зарим хүнд хэтэрхий хялбаршуулсан санагдаж магадгүй, би дипломат ажиллагааг холбоо тогтоох урлаг гэж л энгийнээр бодож явдаг. Улс хоорондын холбоо, төр хоорондын холбоо, хүн хоорондын холбоо. Хэрэв тэр холбоо амьд байвал жижиг улс олон улсын тавцанд дуу хоолойгоо хүргэх зам суваг нь нээлттэй байна. Хэрэв тэр холбоо итгэлцэлд тулгуурласан байвал санаанд оромгүй сайн үр дүн гардаг.

Сэтгүүлч Б.Энхцэцэг

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.