БНСУ-д монголын хоёр иргэн шинэ коронавирусийн халдвар авсан гэх мэдээлэл өчигдөр орой тус улсын зарим сайтаар гарсан.

Тус мэдээллийн дагуу Монгол Улсын Гадаад харилцааны яам БНСУ-ын холбогдох байгууллагуудтай холбогдож тодруулахад, тус хоёр хүний нэг нь Covid-19 халдвар авсан нь өмнө тогтоогдсон манай улсын иргэн (элэгний хурц өрөвслийн улмаас нас барсан тухай эмнэлгийн албан ёсны дүгнэлттэй) байсан. Хоёр дахь хүний мэдээлэл тодорхой бус байна гэсэн юм.

Тэгвэл хоёр дахь хүний талаарх албан ёсны мэдээлэл дөнгөж сая иржээ.

Энэ талаар Гадаад харилцааны яамны Консулын газрын захирал н.Мөнхтүшиг "Тус улсын ХӨСҮТ-тэй холбогдоход манай нэг иргэний талаар нарийвчилсан мэдээлэл байгаагүй, тодорхой бус байсан. Иймд Гадаад харилцааны яам Элчин сайдын яамаараа дамжуулан бүрэн гүйцэт тогтоож албажууллаа.

Манай улсын иргэн 28 настай Б нь хоёрдугаар сарын 23-нд ханиадны шинж тэмдэг илэрснээр дүүргийнхээ эмнэлэгт хандсан байна. Улмаар шинжилгээ өгөхөд хоёрдугаар сарын 27-нд эерэг буюу шинэ коронавирусийн халдвартай гэсэн хариу гарсан. Гэхдээ тухайн дүүргийн эмнэлгээс тус иргэнд илэрсэн вирусийн хэмжээг маш бага байна гэж үзээд нэг удаагийн дуслын эмчилгээ хийгээд, гэртээ тусгаарлагдахыг зөвлөсөн байна.

Улмаар манай иргэн 14 хоногийн дараа буюу энэ сарын 06, 07-нд хоёр дахин шинжилгээ өгөхөд хариу нь сөрөг буюу шинэ коронавирусгүй гарсан байна. Одоо тус иргэн эрүүл саруул, чөлөөтэй байгаа" хэмээн мэдээллээ.