Улс төр судлаач Б.Анхзаяатай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Нам, эвслүүд сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчдээ тодрууллаа. Таны хувьд нэр дэвшигчид болон намын жагсаалтын тухайд ямар байр суурьтай байна вэ?

-Өнгөрсөн долоо хоногт зарласан нам, эвслүүдийг жагсаалтыг олон нийт анхааралтай ажиглаж, товч дүгнэж хэлбэл улс төрийн сайн маркетинг байлаа гэж хэлмээр байна. Энэ бүхэн хэлбэр тал руугаа хэтэрхий хэлбийх юм бол парламентын чадамжид сөргөөр нөлөөлөх учир болгоомжтой хандах нь чухал. Ер нь намын жагсаалтыг энгийн сонгогч хараад үнэлэлт дүгнэлт өгөхөд нэлээн хүндрэлтэй байна. 

МАН-ын жагсаалтыг өнгөц харж дүгнэвэл маш гоё харагдах ч нарийн харвал өнгөлөн далдлалт ч гэж хэлж болохоор. АН-ын жагсаалтын хувьд ямар зарчмаар намын жагсаалтаа зурсан нь тодорхойгүй фракцуудын өрсөлдөөний үр дүн байсан. Намын дүрэм, нэр дэвшүүлэх журам тодорхойгүй байсан нь нэлээд зөрчил маргаан дагуулж эв нэгдэлгүй харагдсан нь нууц биш. Энэ мэт олон асуудлыг ярьж болох ч намууд олон нийтийн хүлээлтэд нийцүүлэх гэж хамаг сайнаараа хичээлээ гэж харж байна.

Ер нь намууд нэр цэвэр, мэргэжлийн хүн гээд улс төрийн туршлагагүй, сонирхдоггүй хүнийг жагсаалтын эхэндээ бичиж улмаар УИХ-ын гишүүн болгох нь хууль тогтоох байгууллагын нэр хүнд, чадамжид шууд нөлөөлнө. Энэ байдал удаан үргэлжилбэл аюултай. Мөн намын листээр сонгогдсон гишүүдийн хууль тогтоох үйл ажиллагааны бие даасан байдал маш чухал. Намын даргын нөлөөнөөс ангид хууль тогтоох үйл ажиллагаа явуулах боломжийг хуулиар олгох ёстой. Ингэж байж бид энэ сонгуулийн тогтолцооны намын листийн үнэ цэнийг хадгалж үлдэнэ.

Үгүй бол намын даргын даалгавраар кноп дардаг хүмүүсийн улс төрд орох үүд хаалга болох талтай.

-Намууд олон нийтийн дэмжлэгийг авах бүхий л боломжийг ашиглаж байна гэж та хэллээ. Тэгвэл үүнийг дагаад төрд тэр тусмаа намд итгэх олон нийтийн итгэл сэргэх болов уу?

-2012 онд бид сонгуулийн холимог тогтолцоог хэрэглэж намын жагсаалт гэх зүйлтэй анх танилцсан. Тэр үед жагсаалтаар ихэнхдээ намыг санхүүжүүлэгч хуучин ах нар орж ирсэн учраас олон нийт намын жагсаалтын талаар сөрөг төсөөлөлтэй үлдчихсэн. Тэр үеийг бодвол одоо олон нийтийн мэдлэг ойлголт харьцангуй дээшилж, оролцоо нэмэгдсэн учир намууд олон нийтийн хүсэл сонирхолд нийцүүлэхийг ихэд хичээсэн нь харагдаж байна. Гэхдээ улс төрийн намд итгэх итгэл нэг удаагийн сонгуулиар бүрэн сэргэх боломжгүй. Сонгуулийн бус үед ч явуулж буй улс төрийн тогтвортой үйл ажиллагаа, улс төрийн боловсрол олгох үр дүнтэй процессын дараа аажмаар сэргэх байх.

-Намын жагсаалт хүйсээр сөөлжлөх нь парламентад эмэгтэйчүүдийн төлөөллийг нэмэгдүүлэх бодит боломж болж чадах уу?

-Өнгөрсөн 2023 оны УИХ-ын Хаврын чуулганаар гарсан өөрчлөлтүүдийн нэг амжилт бол энэ юм. Намын жагсаалтыг хүйсээр сөөлжлөхийг Сонгуулийн тухай хуульд тусгаж өгсөн. Хэрэв энэ зохицуулалт байгаагүй бол сонгууль дахиад л эрэгтэйчүүдийн өрсөлдөөн болж өнгөрөхөөр байлаа. Улс төрийн тавцанд эмэгтэйчүүд орж ирж, тоглох боломжийг хүйсээр сөөлжилсөн намын жагсаалт, квот олгож байгаа нь мэдээж давуу талтай. ХҮН намын тухайд 50:50 бодлого дэвшүүлж энэ чиглэлд манлайлж ажиллахыг хичээсэн. Үүний үр дүнд ч бусад намуудыг бодвол эмэгтэйчүүдийг олноор нь нэр дэвшүүлж байна.

МАН, АН-ын тухайд 13 тойрогт 14 эмэгтэйг нэр дэвшүүлж, намын жагсаалтынхаа 24-ийг эмэгтэйчүүдээр бүрдүүлсэн харагдана. Ерөнхийдөө Сонгуулийн тухай хуульд тусгасан аль нэг хүйсийн төлөөлөл 30 хувь байна гэх заалтад шүргэх төдий нэр дэвшүүлж байна гэсэн үг. 30 хувийг нэр дэвшүүллээ гээд тэр чигээрээ сонгогдоно гэсэн үг биш. Одоо сонгогчдын мэдрэмжид л найдах үлдлээ.

Гэхдээ манай сонгогчдын хувьд харьцангуй мэдрэмжтэй гэж хэлж болохоор. Өнгөрсөн 2020 оны УИХ-ын сонгуулийн тухайд нийт нэр дэвшигчдийн 25 орчим хувь нь эмэгтэйчүүд байсан бол сонгуулийн дүнгээр 17 хувь нь сонгогдоод парламентад төлөөлөл болж ажилласан. Өөрөөр хэлбэл, манай сонгогчид намаас нэр дэвшүүлсэн эмэгтэйчүүдийг хангалттай хэмжээнд сонгочихсон гэсэн үг. Ингэхээр эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоо муу гэж дүгнэх нь өрөөсгөл. Харин намууд тэдэнд шийдвэр гаргах түвшинд орж ажиллах боломжийг олгодоггүй буюу хангалттай нэр дэвшүүлдэггүй гэж дүгнэж болно. Жишээ нь одоо 10 мандаттай тойрогт нэг л эмэгтэйг нэр дэвшүүлж байна шүү дээ.

-Өнгөрсөн саруудад бүхий л хэвлэл мэдээллийн хэрэгслээр зорилтот контентууд цацагдаж, олон нийт ч энэ тал дээр нэлээн бухимдалтай байгаа нь харагдсан. Энэ бүхэн сонгуулийн үр дүнд хэр нөлөөлөх бол?

-Үндэсний хэмжээний бүх телевизээр нэгэн ижил контент цацагдаж, үүнийгээ хамгийн олон дагагчтай нөлөөлөгчдөөр олон нийтэд хүргэх гээд маш өндөр зохион байгуулалттай сонгуулийн өмнөх хар пиар хөвөрлөө. Заримдаа ардчилсан улсын иргэн гэдэгтээ эргэлзэхэд ч хүргэсэн. Гэхдээ улс төрийн коммуникаци талаасаа энэ бол хуучирсан, үр нөлөө нь багатай арга л даа. Төдийлөн сонгуулийн үр дүнд нөлөөлдөггүй ч хамгийн хортой нь нийгмийг талцуулж, итгэлцлийг эвдэж байдаг.

Манай намууд нийгмийн хөгжлөө дагаад өөрчлөгдөхгүй байгаад л гол асуудал байна. Нийгэм олон нийт нь улс төрийн өөр өрсөлдөөн, соёл хүсэж хүлээж байхад намууд хэн нэгэн дайсанг санаатай болон санамсаргүйгээр гаргаж ирээд хоорондоо “байлдаж” байгаа нь утгагүй. Бид олон жил энэ драмыг үзээд уйдаад залхчихсан шүү дээ.

-Энэ удаагийн сонгуулийн үр дүнгээр байгуулагдах парламен-тын бүтцийг та хэрхэн харж байна вэ?

-Урьд өмнөх сонгуулиудаас ялгаатай нь энэ удаагийн сонгуульд хамгийн олон нам эвсэл оролцохоор байна. Өрсөлдөөн арай өргөн хүрээнд өрнөнө гэсэн үг. Битүүхэн дүгнэхэд олон нам парламентад суудалтай болохоор байна. Сонгуулийн тогтолцоо мэдээж санал гээгдэхгүй, олон намын тогтолцоог дэмжсэн учраас ийм үр дүн гарах байх. Ер нь том тойрогт эвтэй хамтарч ажилласан нам л амжилтад хүрнэ. Сонгуулийн үр дүнд эвслийн засгийн газар байгуулагдах төсөөлөл байна.

Эцсийн дүндээ манай парламентад үгүйлэгдэж байгаа зүйл бол хяналт. Нэг улс төрийн хүчин хэт олонх болохоор заавал үүсдэг эффект л дээ. Сонгогчид энэ талыг харгалзаж сонголтоо хийгээсэй л гэж хүсэж байна.

-Улс төрийн нам, эвсэл, бие даагчид тус бүрдээ аль нам нь хэдэн суудал авах шинжтэй болоо. Энэ талаар нийгмийн өнөөгийн хандлагыг харж ойролцоо тооцоолол хийж болох уу. Тэр нам тэдэн суудал авна гэх мэтээр…?

- Сонгуулийн үр дүнг урьдчилж харсан судалгаанууд мэр сэр байгаа. Гэхдээ үүнийг сонгуулийн өмнө олон нийтэд дэлгэх нь хуулиар хориотой. Олон нийтийн улс төрийн боловсрол тааруу учраас нууцалдаг байх. Угтаа бид сонголтоо хийхдээ аль улс төрийн хүчин давамгай байхаар байна, алийг нь дэмжих шаардлага байна гэж хараад сонголтоороо хүчний тэнцвэрийг хангахад энэ судалгааны үр дүнгүүд туслах учиртай. Ер нь одоогийн нөхцөл байдлыг хараад дүгнэхэд улс төрийн шинэ соёл хандлагыг түгээж, түүнийгээ олон нийтэд танилцуулж хүлээн зөвшөөрүүлж чадсан улс төрийн хүчинд их боломж байна. Ер нь сонгогчид намыг дэмжихгүй, итгэхгүй гэх хандлагатай байна. Энэ орон зайд зөв тоглолт хийж чадвал сонгуулийн үр дүн төсөөлснөөс өөр ч байж магадгүй.

-Сонгуулийн зардал ч өндөр гарахаар байна. Бууруулах боломж бий юу?

- Сонгуулийн холимог тогтолцоо, Сонгуулийн тухай хуулийн өөрчлөлтийн гол концепц сонгуулийн зардлыг бууруулах байсан. Гэтэл сонгуулийн тойргийн бүтэц нь үүнийхээ эсрэг болж хувирсан. Одоо тойрогт нэр дэвшиж байгаа хүмүүс үр дүнтэй хамтарч ажиллаж чадвал зардлаа бага зэрэг хэмнэж чадах байх. Дараа дараагийн сонгуульдаа бид сонгуулийн зардлыг бууруулах тал дээр онцгой анхаарах шаардлагатай.

Харин сонгогчдын хувьд хийх ажил их байна. Нийгмийн сүлжээг ажиглахад сонгогчид буюу олон нэр дэвшигчдийн үйлдлийг харж шоолж, даапаалж байгаа дүр зураг их ажиглагдаж байна. Нэг үгээр хэлбэл тэд зөвхөн нэр дэвшигчдийн уралдааныг сонирхохоор ирсэн үзэгчдийн байр суурь дээрээ л үлдэж. Гэтэл сонгууль бол сонгогчдын хувьд сонгох эрхээ эдлэх нөгөө талд нэр дэвшигчдийн хувьд сонгогдох эрхээ эдлэх олон талт үйл ажиллагаа байдаг. Гэтэл манай сонгогчид сонгуулийг зөвхөн улс төрийн намд хамааралтай хэсэг бүлэг хүмүүсийн л “ажил” гэж үзээд, хэн надад хамгийн ойр ирж, танигдахыг харъя гэх хандлагаасаа салахгүй л байсаар байна. Энэ нь манай сонгуулийн улмаар улс төрийн гажуудлын нэг суурь болдог. Сонгуулийн өндөр зардал ч үүнтэй холбоотой. Ингээд харахаар сонгуулийн зардлыг бууруулах нь олон талт үйл ажиллагаанаас хамаарах зүйл болчихоод байна.

-Бие даагчдын хувьд яг ямар боломж байгаа гэж үзээд энэ сонгууль нэр дэвшин өрсөлдөх гэж байгаа юм бол. Олон бие даагчид хүсэлтээ өгсөн гэж байгаа шүү дээ. Бие даагчдад ер нь боломж хэдэн хувь байгаа вэ?

- Бие даагчдын хувьд том тойрогт, сонгуулийн зардал өндөр энэ үед боломж нэлээд хязгаарлагдмал болов уу даа. Манай улс төрийн намууд олон нийтийн улс төрийн эрхийг хангах, хүсэл сонирхлыг илэрхийлэх платформын үүргээ биелүүлж чадахгүй байгаа учраас хувь хүн бие даан нэр дэвших сонголтыг хийдэг шүү дээ. Намын дотоод соёл хандлага нь хуучинсаг, тоглоомын дүрэм нь тодорхойгүй байдал манай намуудын нийтлэг дүр төрх л дөө. Энэ байдлаа засаж сайжруулахгүй л бол цаашид хүлээн зөвшөөрөгдөх байдлаа алдаж, улс төрийн тавцнаас арчигдах нь гарцаагүй.

-Энэ сонгуулиар иргэдийн оролцоо ямар байх бол. Сонгуулийн ирц хүрдэг болов уу?

-Олон хүний санаа зовоож байгаа асуудал бол энэ. Олон нийт сонгуулийн тогтолцоо яаж өөрчлөгдсөн сонгууль ямар дүрмээр явагдах талаар мэдээлэл тааруу байна. Энэ удаагийн сонгогчийн саналын хуудас гэдэг асар нүсэр бүтэцтэй зүйл учир мэдээлэлгүй, судалгаагүй хүнд хэцүү даалгавар байх болно. Тийм учраас сонгогч түмэн минь саналын хуудсын загвартай урьдчилж танилцаж, санал өгөх байрт очихдоо сонголтоо хийчихээд очоорой л гэж хэлмээр байна.

Мөн энэ сонгуулийн санал өгөх өдөр нь баасан гараг. Урт амралтын өдрүүд тохиох учир хүмүүс хөдөө явахыг илүүд үзэж магадгүй. Хэрэв ийм шийдвэр гаргаж байгаа бол та сонгуулийн үр дүнд сэтгэл дундуур байх, миний амьдрал болохгүй байна гэж гоншигнох ч эрх байхгүй.

-Улс төр, нийгмийн анхаарлыг татсан өөр нэг асуудал байна. Тэр нь ШХАБ. Энэ хавар билүү, зунаас ШХАБ-т Монгол Улс элсэнэ гэж Лавров хэлж байсан. Энэ ямар учиртай юм бол. Үнэхээр Лавровын хэлснээр манай улс ШХАБ-д элсэнэ гэж үү?

-Манай улсын хувьд ажиглагчийн байр суурь дээр олон жил явсан. Олон ч жил шахалтад байсан. Энэ удаагийн хурлаар ажиглагч орон гэх статусыг байхгүй болгох ч эрсдэл байна. Гэхдээ нөхцөл байдал яаж ч эргэсэн бид тусгаар улсын бодлогоор шийдвэр гаргах нь гарцаагүй. Хоёр том гүрний дунд орших “жижиг” улсын зовлон их. Гадаад харилцааны тухайд бол манай улс хамгийн боломжит зөв бодлогыг барьж ирсэн гэдэгт би эргэлздэггүй.

Олон нийт дотроо ШХАБ-т элсэх, элсэхгүй талаар олон байр суурь илэрхийлж болно. Бид чинь ардчилсан улсын иргэд шүү дээ. Гэхдээ элсэх элсэхгүйн тухайд Монгол Улс нэг цонхны гадаад бодлогоороо шийдээд явах болов уу л гэж харж байна.

Э.МӨНХТҮВШИН