"Өглөө бүр сонгуулиа өгнө дөө" гэсэн чин хүсэлтэй сэрэхэд ердөө сар хүрэхгүй хугацаа үлдлээ.Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хорооноос гаргасан нэг мэдээллийг харж байна. Энд бичсэнээр өнөөдрийн байдлаар гадаадын 31 улсад Монгол Улсын 2459 бүртгэгдсэн сонгогчид байна гэжээ.

(Гэхдээ энэ мэдээллийг 2024 оны 5 дугаар сарын 28-ний өдөр гэж тодотгож оруулжээ.). Үүнээс хойш өдрийг нь тоолохоор 7 хоногийн өмнөх мэдээлэл байна. Харин яг өнөөдрийн байдлаар 3921 иргэн бүртгэлтэй гэжээ. ( 2024 оны 6 дугаар сарын 4- ний өдрийн байдлаар). Миний амьдарч байгаа Осака хотод Монгол Улсаас Япон улсад суух Ерөнхий консулын газар бий. Тус Ерөнхий консулын газарт Кансай бүсийн 7 муж, Чюүгокү бүсийн 5 мужид ажиллаж, амьдарч байгаа нийт 1777 иргэн харьяалагдана гэсэн үг. 

Энэ мужуудын нэрсийг жагсаавал;  Мие, Шига, Киото, Осака, Хёого, Нара, Вакаяама, Тоттори, Шиманэ, Окаяма, Хирошима, Ямагүчи зэрэг нийт 12 муж байна. Эдгээр мужуудад амьдарч, ажиллаж суралцаж байгаа иргэд 6 дугаар сарын 20, 21, 22, 23- ны өдрүүдийн 07:00- 22:00 цагийн хооронд Токио дахь Элчин сайдын яам болон Осака дахь Ерөнхий консулын газарт биеэр ирж саналаа өгнө. Биеэр ирнэ гэдгийг онцлоод байгаа шалтгаан нь сонгогчид мэдээллээ дутуу ойлгосон байна. Энэ удаагийн УИХ-ын сонгуулийн саналаа цахимаар өгнө гэж бодож. Цахимаар гээд байгаа нь бүртгүүлэх үйл явцаа андуураад байгаа аж. 

Тодруулж хэлбэл, та сонгогчдын нэрсийн жагсаалтад багтахын тулд https://election.burtgel.gov.mn/ request хаягаар ороод бүртгэлийн маягт татан авч бөглөөд гадаад паспорт болон эсхүл иргэний үнэмлэхийн хуулбарыг osaka@mfa.gov.mn цахим шуудангаар ирүүлж болно. Цаг завтай бол өөрсдөө биечлэн ирж болно, энэ бол таны сонголт юм. (БҮРТГҮҮЛЭХ ХУГАЦАА:  2024 оны 5 дугаар сарын 06 -наас 6 сарын 15 -ны өдөр хүртэл).Энэ удаа сонгогчид юуг анхаарах хэрэгтэйг бодит байдалтай холбож тайлбарлах гээд оролдъё.

Ерөнхийдөө гадаад улсад амьдарч байгаа иргэдийн хувьд саналаа өгөхийн тулд очих газар нь хол, газраа мэдэхгүй, зардал өндөр гардаг аж. Жишээ нь, эндээс хамгийн хол орших Хирошима мужаас нэг сонгогч ирлээ гэж тооцоход Монгол мөнгөөр ирж очихын зардалд 150-200 мянган төгрөг албан бусаар тооцогдож байна. Тэгэхээр энд ажиллаж байгаа иргэдийн хувьд  цагийн нөхцөл байдал, ажил үүргийн хуваарь өөр бөгөөд санхүүгийн хувьд хүндрэлтэй болоод байгаа юм. Тиймээс цаашдаа гадаадад байгаа иргэдээ сонгуульд идэвхтэй ирц бүрэн оролцуулахын тулд өнөө яриад байгаа цахим үндэстэн гэсэн нэршлээ ашиглаж emongolia.mn апп -даа суулгаж өгмөөр байна. Энэ бол маш зөв санаачилга гэж ойлгосон. 

Өөрөөр хэлбэл , тоолдог таван төгрөгөөсөө болоод сонгуулиа өгч чадахгүй байдал харагдаад байна. Гадаадад амьдарч байгаа олон иргэд бүгд цагийн ажил хийж амьдралаа залгуулдаг. Цагийн ажил хийж үзээгүй нэг ч хүн байхгүй дээ. Хэдийгээр нөхцөл байдал ийм боловч УИХ- ын Сонгуулийн санал хураалт өдөр бүр болохгүй, дөрвөн жилдээ нэг л удаа болно. Ийм боломж байгаад иргэд баярлах хэрэгтэй юм. Учир нь, та өөрийнхөө ирээдүйг сонголцоход гар бие оролцоно гэсэн үг.Үндсэн хуулиар олгосон БҮРЭН ЭРХЭЭ ЭДЛЭХ БҮТЭН БОЛОМЖ гэж ойлгох хэрэгтэй. Өнөөдөр таны, миний, та бүхний үр хүүхдийн саналаар МОНГОЛ ТӨР ДУТАЖ байна.

Тиймээс өнөөдрөөс эхлээд гадаадад амьдарч байгаа Монгол иргэд Төрийн сонгуульдаа идэвхтэй, зүрх сэтгэл, цаг заваа гаргаад хүрээд ирээрэй. Тус тусынхаа амьдарч байгаа газрынхаа Элчин сайдын яам, Консулын газрынхантайгаа найзалж нөхөрлөөд, асууж сураглаад байгаарай. Тэд саяхан Сонгуулийн тухай хуулиар сургалтад хамрагдсан, мэдээлэл их байгаа шүү. ЕРДӨӨ 12 ХОНОГИЙН ХУГАЦАА ҮЛДЖЭЭ. Хэдүүлээ наадам, цагаан сараа тэмдэглэхдээ яаж ийгээд холоос ч хамаагүй хүрээд ирдэг. Ганцхан өдрийнхөө ажлыг зохицуулаад ирээрэй. Миний хувьд Сонгуулийн хуулийн талаарх мэдээллийг та бүхэнд өнөөдрөөс эхэлж тасралтгүй хүргэж, сайн дурын ажилтны үүргийг гүйцэтгэе.

СОНГОГЧ ТАНЫ ЭРХИЙГ ҮЛДЭЭЕ.Осака хот.Сэтгүүлч В. Сарантуяа