Peak.mn
06 сарын 17, 2024
Эрүүл мэндийн сайдаар томилогдоод хоёр сар болж байсан А.Цогцэцэгийн өрөөнд 2016 оны есдүгээр сард нэгэн залуу эмч орж ирсэн нь Гэмтэл согог судлалын үндэсний төвийн мэс заслын эмч Тогтмолын Мөнхсайхан байв. Шууд л “Би эмнэлгээ удирдъя” гэх нь тэр.
-Ингэхэд чи хэдэн настай вэ?
-33.
Энэ нь “Би эмнэлгийн дарга болмоор байна” гэсэнтэй, албан тушаал хөөцөлдөж явахтай агаар нэг сонсогдож болох ч Мөнхсайхан эмчийг өөр зорилго, илүү сайн эмнэлэгт ажиллах амбийц энд авчирсан. Тухайн үед гэмтлийн эмнэлгийн ажил унаад удчихсан нь сайдын өмнө тулгарсан нэг бэрхшээл, удирдлагыг нь томилохоор шийдэл хайж байсан үе нь ч байв.
“Гурван жилд долоон дарга солигдчихсон, гаднаас томилогдож ирсэн хүмүүс гэмтлийн эмнэлгийн нөхцөлийг мэдэхгүйгээс ажиллах арга эвээ ололгүй явцгаадаг, эмх цэгцгүй, ундуй сундуй ужгирч орхисон. Би биш байсан ч манайхнаас хэн нэг нь ингэж зориглох ёстой. Манай эмч нарт ажиллаж байгаа эмнэлгийн орчин нөхцөл, удирдлагын арга барил огт таалагдахгүйгээс уур амьсгал ч нэлээд бухимдалтай болчихсон байлаа. Үүнтэй эвлэрээд суух ч утгагүй болсон. Тэгээд л би алхам хийхэд хүрсэн юм. ГССҮТ-ийг хөгжүүлэх стратеги төлөвлөгөө боловсруулснаа сайдын ширээн дээр үлдээгээд гарсан” гэж Т.Мөнхсайхан өгүүлэв.
Түүнтэй сайд нэлээд гайхсан, бас жаахан хөндий өнгөөр ярилцсан тэр уулзалтаас хоёр сарын дараа яамнаас дуудлаа. “Надад бол чи эмнэлэг удирдана гэхэд жаахан хүүхэд л санагдаж байна. Танайх ямар том эмнэлэг билээ. Чиний төлөвлөгөөг олон талаас нь авч үзлээ. Итгэл хүлээлгэвэл яг төлөвлөснөөрөө ажиллаж чадах уу?” гэв. “Чадна” гэж хариулав. Т.Мөнхсайханыг ГССҮТ-ийн ерөнхий захирлын үүрэг гүйцэтгэгчээр томилов.
***
1990-ээд онд ч бас Улаанбаатарын гэр хорооллын хөвгүүд өмнөх үеийнхнээсээ дутахгүй чулуу нүүлгэдэг байв. Зурагтынхан Ард Аюушийнхантай бараг өдөр алгасахгүй байлдана. Мөнхсайхан зургадугаар ангидаа Зурагтаас тоо, фикикийн сонгонд суралцахаар 28 дугаар сургууль руу шилжихэд би тэдний ангид Ард Аюушаас орсон юм.
“Зурагтаас шилжиж ирсэн өндөр шар хүүхдийг өдөхөөр очлоо. Сургуулийн гадаа урт сандалд ганцаараа сууж байхад нь “Цаашаа суу” гэхэд дуугүй л цаашилчихсан. Уг нь би өөдөөс ярдаглаж таарна, далимд нь болгож тавих төлөвлөгөөтэй нэг найзаа дагуулж очоод бүтэлгүйтэв. Тэгээд л тэр өндөр туранхай, жаахан гацаж ярьдаг, сандрахаараа бүр таг болчихдог нөхөртэй танилцаад, одоо Мөнхсайхантайгаа 30 жил дотно найзууд явна. Манай ангийнхан хичээлийн дараа өдөр бүр математикийн, физикийн давтлагатай. Эхлэх хүртэл харьж цай ууна. Хэдэн банди нийлж Мөнхсайханыд очихоороо эмээгийнх нь боорцгийг хувингаар нь “гөвчихнө”. Гэхдээ бас дахиж ирэх “нэр төрөө” бодоод очих өдрөө холдуулж, манайд бас цай ууна. Хөвгүүд давтлага тараад шууд л сагс шүү дээ. Зааланд тоглоод сургууль хаалгаа барьтал харихгүй. Манай математикийн багш Д.Цэдэн-Иш зориуд орж ирж биднийг хөөнө” гэж Т.Мөнхсайханы багын найз, нягтлан бодогч Гантөмөр дурсаж байна.
Т.Мөнхсайхан наймдугаар ангидаа нийслэлийн физикийн олимпиадад нэгдүгээр байранд орж, алтан медаль авав. Дараа жил нь математикийн олимпиадад нийслэлд гуравт орж, бас л медаль хүртлээ. 28 дугаар сургууль Мөнхсайханы эдгээр амжилт хүртэл сүүлийн 30 жил тоо, физикийн олимпиадаас медаль аваагүй байсан бөгөөд байгалийн ухаанаар, ялангуяа тоо физикээр Монголын хамгийн шилдэг хүүхдүүдийг нэг дор цуглуулан бэлддэг 1, 11 дүгээр сургуулийн сонгоныхонтой өрсөлдөж ялах нь бараг боломжгүй даваа байлаа.
Д.Цэдэн-Иш багш төгсөх ангид нь Мөнхсайханаас ямар мэргэжилтэй болохыг нь асуухад “Эмч” гэж хэлээд орхитол баахан загнуулав. “Би чамайг эмч болгох гээд математик заагаад байгаа юм уу. Тоо суурьтай хэчнээн сайхан сайхан мэргэжил байхад юуны чинь эмч вэ” гээд л толгой түрүүгүй юм болох нь тэр.
-Би үнэндээ яг ямар мэргэжилтэй болох тухайд бодсон юмгүй, зүгээр л аав ээж хоёрын ярианаас “Айлд ер нь нэг эмч байх хэрэгтэй” гэснийг олоод тогтоочихсоноос хэтрээгүй арав төгссөн хүн шүү дээ. Химийн хичээлээр математик, физик шиг дагнан бэлтгээ ч үгүй л анагаахын дээдийн элсэлтийн шалгалтад тэнцсэн. Тэгээд л эмч болохоор суралцсан юм даа.
Багын л хөдөлгөөнтэй хүүхэд байсан болохоор хичээлээс хальдаггүй, охид олонтой Анагаах уйтгартай, чимээгүй оргино. Нэгдүгээр курсэд сагсны тэмцээн болоход дээд курсийнхээ эрэгтэй оюутнуудыг нэг дор олж харж байгаа юм. Нэг нөхөртэй тэмцээний үеэр гар зөрүүлсэн биш тэр үйл явдлаас хойш анагаахын эрэгтэй оюутнууд яагаад ч юм жигтэйхэн дотно болцгоов. Тэдний төв цэг Мөнхсайхан гэх оюутан болсон доо. Дээд, доод курсийнхнээ нэгтгэн спортын уралдаан тэмцээнд оролцож, сургууль дээрээ урлаг уран сайхан ч зохиож, оюутны амьдралаа дурсамж дүүрэн өнгөрүүлжээ. Тэр үед оюутнууд ирээдүйд ажиллах эмнэлэг, ерөөс эрүүл мэндийн салбарын тухайд шүүмжлэхээс гадна илүү сайнаар өөрчлөх, шинэчлэх хэрсүү бодол санаагаа ч хуваалцаж байх тэртээх он жилүүдэд өнөөдөр хамтран зүтгэж буй олон сайн эмч нөхдөө олсон билээ. “Би бас ирээдүйд эмч болох охинд дурласан. Бид төгсөх курсэд байхдаа гэр бүл болсон. Тэр минь лабораторийн эмчээр ажиллаж байгаад намайг удирдах ажил хийх үеэс салбараа сольж хувийн бизнес эрхэлж байна. Бид хүү, охинтой”.
“Математикийн ангийн хөвгүүд голдуу л МУИС, ШУТИС-д ордог. Бидний дундаас ганцхан Мөнхсайхан л эмчээр сурсан. Түүнтэй уулзах нэрээр анагаахын охидтой танилцах гэж их явна аа. Гэтэл бид найз охинтой болсон ч үгүй, Мөнхсайхан л курсийнхээ охиныг эхнэрээ болгосон байдаг юм. Харин хожим эдийн засагч, инженер болох бидний хэдэн залуус охин эргүүлэх гэж Анагаах орсоор байгаад олон сайхан эмч залуустай нөхөрлөж үлдсэн юм даа” гэж Гантөмөр ярив.
***
-За, ингээд 2016 оны сүүлчээр Гэмтлийн эмнэлгийн дарга болов. Уул овоо шиг их ажил байгааг би анхнаасаа мэдэж байсан. Үүдээр ормогц тосдог эмнэлгийн гэхээргүй өмхий үнэр, бохир орчин, гадуур хувцастайгаа хонгилоор нааш цааш хөлхөх үйлчлүүлэгчид, хагалгаанд орохоо долоо хоногоор хүлээсэн өвчтөнүүд, бас “Чи яаж...” гэж сэжиглэнгүй асуух ахмад эмч нар ч мөн хүлээж байсан. Гэх мэт асуудалгүй, бэрхшээлгүй гэхээсээ болж бүтэж байгаа юмгүй байсан үе. Авахаас манай эмч нарын мэргэжлийн чадвар, туршлага хоёр л байсан нь миний гол түшиц. Үлдсэн нь “Боломж байх ёстой” гэх найдвар төдий л зүйл шүү дээ. Төлөвлөгөөнд эрэмбэлсэн дэс дарааллын дагуу хөдөлж эхэллээ дээ.
Арванхоёрдугаар сар гарч байсан тул эхний ээлжинд даатгалын хуримтлагдсан өрийн учрыг олж, даатгалаас мөнгөө нэхэхгүй бол данс бараг улайжээ. Дараагийн жилд авах санхүүжилтийн боломжоо босгохын тулд бичиг цаас шүүж олон цагаар сууж чадах нэг эмчид өвтөнүүдийн түүхүүдийг цэгцлэхийг даалгав. Эмч, аж ахуйн ажилтнуудаа дагуулаад эмнэлгийн газар доор байдаг хоёр давхраар ортол тэнд хөнжил, гудас ариутгадаг цоо шинэ машин хэвтэж байсан. 500 сая төгрөгийн тоног төхөөрөмж шүү дээ. Энэ машин манайд ямар чухал билээ, байрлуулах газраа тогтоож, тог татаад л болчих байтал шийдэх хүнгүйгээс бүтэн жил тэнд хэвтэж. Зөөж тээвэрлэх, цахилгааны урсгал зөв байх газар байрлуулахад таван сая төгрөгийн зардал гарсан.
Хоёр өдрийн дараа манай эмнэлэг хөнжил, гудсаа ариутгадаг орчин үеийн машинаа ашиглаж эхэлсэн юм. Үүд, хонгил, тасгуудын ариун цэвэр, эмх цэгц, дэг журам гээд эмнэлгийн орчныг сайжруулах, тусламж үйлчилгээг боловсронгуй болгох шийдлүүдийг бага багаар хэрэгжүүлж, эмнэлгээ эмнэлэг шиг эмнэлэг болгохыг л би зорьсон. Гэмтлийн эмнэлэг танигдахын аргагүй тав тухтай, гоё болсон. Хүүхдийн түлэгдэлтийг эмчилсэн тоо хэд дахин өсөж, гэмтлийн бүх төрлийн эмчилгээ, мэс заслын үр дүнгүүд ч огцом ахисан. ГССҮТ дээвэр дээрээ нисдэг тэрэгний буудалтай улсын анхны эмнэлэг болсон.
Гэмтлийн эмч нар осол аваар, гал түймэр гэх мэт онцгой байдлаас хүнд бэртсэн, амь нас нь дээсэн дөрөөн дээр дэнжигнэсэн хүмүүсийг хүлээж авдаг, ар гэртэй нь харилцдаг учраас сэтгэл санааны хувьд ч онцгой нөхцөлд шуурхай, мэргэшлийн өндөр уртай ажилладаг. Надад зөвхөн дарга захирал болоод авах нь чухал байгаагүй. Орчин үеийн сайхан эмнэлгээр үйлчлүүлэхийг хүн бүхэн хүсдэг шиг эмч бид ч ийм эмнэлэгт ажиллахыг хүсдэг юм. Би үүний төлөө л зориглосон, тэгээд чадсан.
***
33-хан настай, мэс засалчаар наймхан жил ажилласан Т.Мөнхсайханы гэмтлийн эмнэлэгт хэрэгжүүлэх төлөвлөгөөнд итгээд үзэх өөр нэг сэдэл байсан нь тэр хүлээн авахын эмчээс Мэс заслын тасгийн эрхлэгч хүртэл ажиллахдаа өвдөгний үе солих дурангийн мэс заслаар нарийн мэргэшсэн, Монгол Улсад энэ төрлийн хагалгааг нутагшуулах шанг анхлан татсан эмч байв. Эмч хүний, эмнэлгийн хүний мэргэжлийн амбийц нэвт шувт харагдах намтартай болоод ч амжсан байж.
“Би хүлээн авахын эмч болоод л манайд өвдөгний дурангийн мэс засал, үе солих хагалгааны хэрэгцээ маш их байгааг мэдсэн. 2010 онд ёстой нөгөө өвдгөөрөө “улайрчихсан” бие дааж ном сурах бичиг үзэж судлаад суудаг боллоо. 2011 онд Солонгост, 2012 онд Америкт, 2015 онд дахиад Солонгост өвдөгний үе солих дурангийн хагалгаагаар суралцсан. Гурван жил шахам ажиллахад 2016 оны ГССҮТ алга урвуулсан мэт өөрчлөгдсөн. Төлөвлөгөө биелсэн шүү гэж өөртөө баттай хэлж байв”.
Дарга болсоор яаман дээр цөөнгүй дуудагдах ч 2019 оны долдугаар сард түүнд шинэ томилолт өгөхөөр дууджээ. “Нэгдүгээр эмнэлгийн даргаар ажилла” гэв. Т.Мөнхсайхан энэ саналыг зөвшөөрсөн нь эмнэлэгт сайжрах боломж байдаг гэдгийг дахин нэг нотлохыг хүссэн, мөн өөрийгөө яаж ажилладгийг харуулахыг зорьсон залуу удирдагчийн амбийц байлаа. “Гэмтлийн эмнэлэг дээр гурван жил хийсэн ажлаа Нэгдүгээр эмнэлэгт нэг жилийн дотор амжуулсан. Энэ удаад уушги, зүрх, судасны шинэ технологийн дурангууд нэвтрүүлсэн. Тухайлбал, ходоод дурандах явцад биопси авах, ханыг нь нэвт дурангаар харж, хавдар ургахаас өмнөх шатны үүсгүүрийг илрүүлэх боломжтой болсон”.
***
УИХ-ын сонгуулийн дүн гарсан даруй шинэ Засгийн газарт ажиллах сайд нарын нэрс “бор шувуу” адил нисэлддэг жамтай. 2020 оны долдугаар сарын дундуур Нэгдүгээр эмнэлгийн дарга Т.Мөнхсайханыг Эрүүл мэндийн сайд болох таамаг дэвшүүлсэн мэдээнүүд хэвлэлээр гарч эхлэв. Хоёр ч эмнэлгийг дажгүй удирдчихсандаа овоо ч зориг орчихсон, энэ мэдээлэлд тэгтлээ ч барьц алдсангүй. Ахмад хоёр эмч тэр үед түүнтэй уулзахдаа “Яам руу явах болбол дэд сайд, төрийн нарийнаар очсонд орвол одоогийнхоороо хагалгаагаа хийгээд эмнэлгийнхээ даргаар үлдсэн нь дээр байдаг юм шдээ, хүү минь” гэж. “Сайд боллоо гээд хагалгаагаа хийж болдоггүй л юм байх даа” гэж дотроо сониучирхасхийн сууж. Тухайн үеийн Ерөнхий сайд У.Хүрэлсүх түүнийг танхимдаа урьж, 37 настай Т.Мөнхсайхан Эрүүл мэндийн сайдаар томилогдов. Энэ засаг Ковидын үетэй дөнгөж золгоод л огцорсон зургаахан сарын настай байсныг бид мэдэх билээ.
“Би алдсан”. 2020 оны арваннэгдүгээр сарын 11-нд Монгол Улсад ковид цар тахлын халдвар дотоодод анх удаа бүртгэгдэж, хатуу хөл хорио тогтоосноос хоёр сарын дараа энэ явдал болсныг бид мэдэх билээ. Дөнгөж төрсөн эх нярайгаа тэврээд өвлийн хүйтэнд нимгэн хувцастай эмнэлгээс гарч байгаа тохиолдлыг Eagle телевиз мэдээлснээрээ сэтгүүл зүйн түүхэнд энэ богинохон бичлэг Засгийн газрыг бүрэн бүрэлдэхүүнээр нь огцруулсан онцгой кэйс болсон юм. “Би Эрүүл мэндийн сайдын хувьд тахлын үед эмнэлэгт баримтлах ёстой журмыг дагаагүй эмчийн бурууг нэг эмчийн асуудал гэж үзээгүй, өөрийн зүгээс залруулшгүй, тайлбарлашгүй хэмээн огцрох өргөдлөө бичсэн”.
Сайдаар ажилласан хугацаанд Т.Мөнхсайхан хагалгааны өрөөнөөс анх удаа холдоход хүрсэн ч хагалгааны өрөөнөөс “төрсөн” менежерийнхээ хувьд бодлогын түвшинд очсон үүргээ тэр маш сайн биелүүлсэн.
Т.Мөнхсайхан сайд ажлаа өгөхдөө эрүүл мэндийн салбарт түүнээс хойш үргэлжлэх олон ажлын эхийг хатгаж амжсан юм. Гэмтлийн эмнэлгийг удирдаж эхэлмэгцээ даатгалтай ноцолдсон шиг сайд болоод мөн л эрүүл мэндийн даатгалын тогтолцоог шинэчлэхээр барьж авав. “Нэгдүгээр эмнэлгийн дарга байхдаа би эмнэлгийнхээ дэргэд Эрүүл мэндийг дэмжих төв буюу урьдчилан сэргийлэх оношилгоо явуулдаг багц үзлэгийн үйлчилгээг нэвтрүүлсэн юм. Сайд болмогцоо гурван дүүрэг, гурван аймгийн эмнэлэгт шууд энэ загвараа хэрэгжүүлж, бүх үйлчилгээ, өвчний түүхийг цахимжуулан мэдээллийн санг нэгтгэсэн. Маш амжилттай болсон. Одоо улс орон даяар ашиглаж байна. Бүх иргэнийг эрүүл мэндийн урьдчилсан үзлэгт даатгалаар нь нэмэлт төлбөргүй хамруулах, эрт оношлох сайн туршлага боллоо”.
Эмнэлгүүд төсвөөс төлөвлөн хуваарилдаг мөнгө харахаа больж, хэдэн хүнд тусламж үйлчилгээг хэр чанартай хүргэснээрээ санхүүждэг буюу гүйцэтгэлийн тогтолцоотой болсон. Энэ тогтолцоо цаашид нийгэм эдийн засгийн эргэлтэд орох хэрээр эзэлхүүн улам нэмэгдэж, өгөөжийг нь иргэн үйлчилгээний хүртээмж, чанараар, эмч цалин хөлсний нэмэгдлээр, эмнэлэг орчин нөхцөл, техник технологийн шинэчлэлээр хожих замын зураг ажиллаж эхэлсэн. Өмнө нь хоёр сая хүртэлх төгрөгт багтсан үйлчилгээг даатгал даадаг байсан бол ийм хязгаарлалтгүй байхыг Т.Мөнхсайхан сайдын хийсэн даатгалын шинэтгэл бий болгосон юм. Одоогийн байдлаар эрүүл мэндийн даатгал төлөгч иргэн хэрэв эрхтэн солиулах гэхчлэн 30 гаруй нэр төрлийн өндөр өртөгтэй мэс засал хийлгэхээр товлогдвол хагалгааны зардлын 75 хувийг ЭМД-аас дааж байна. Хувийн хэвшлийн эмнэлгүүдээр үйлчлүүлэхэд ч даатгал үйлчилдэг болсон. Түүнчлэн өмнө нь ЭМД-аас хөнгөлдөг эмийг цөөн газраар олгодог, өндөр настнууд үүрээр очиж дугаарлаж байж хүртдэг, хөнгөлөлттэй эмийн жагсаалт нь ч төрлийн хувьд ядмаг байсан бол одоо эдгээр бэрхшээл шийдэгдсэн билээ.
Сайдын карьер дөнгөж эхлээд унасан ч улстөржих завгүй эмч нар түүнийг сайдаар үргэлжлүүлэн ажиллуулах гэж Сүхбаатарын талбайд жагсав. Сайдаа хамгаалж жагссан анхны тохиодол эмч нарын төдийгүй Засгийн газрын түүхэнд анхных нь тэр өвөл болсон билээ. Ковидын үеийн онцгой нөхцөлд эрүүл мэндийн салбарыг эмнэлгээ мэддэг, эмч нарын дундаас гарсан менежерээр удирдуулах хүсэл органик байсныг бүх хүн хүлээн зөвшөөрч байсан ч Т.Мөнхсайхан өөрийг нь хүлээж байсан өвчтөнүүд, хагалгааны өрөөндөө буцав. Халатаа өмсөв.
***
-Би зургаан жил оюутан, хоёр жил резидент, тэгээд мэс заслын эмч, анагаах ухааны магистр, доктор гээд суралцсаар иржээ. Харин намайг ааваасаа менежерийн ухааныг нь аваад төрчихсөн гэлцдэг юм. Манай аав 1990 он хүртэл 30-аад жил жолоо мушгисан хүн. Олон жил тээвэрт явсан хүмүүс ямар байдаг билээ, нар салхинд гандаж үрчийсэн нүүртэй, хоол цайгаа холдуулаад турчихсан, гар нь хүртэл жолооны ард суудаг хэвэндээ ороод тохойгоороо тахийчихдаг шүү дээ, яг л тийм хүн бий. Өмч хувьчлах үед ажиллаж байсан автотээврийн 38 дугаар баазаа хэдэн нөхөдтэйгөө нийлж хувьчилж авсан нь өнөөгийн “Хүчит шонхор” зах юм. Аав маань ясны хөдөлмөрч, аж ахуйч хүн л дээ. Залуудаа машиныхаа доогуур орж хэвтээд засвар хийж байгаад даруулж үхэхээ алдсан, зах зээлд шилжихэд самбаа гаргаж өмчтэй болох эхлэлээ тавьсан тийм л аавтай айлын таван хүүхдийн отгон хүүхэд. Анх хүн ирдэггүй, эзгүй том хашаа байсныг хүмүүс одоо ер санах болов уу. Хэт нь хүнсний зах болгох гэж манай гэр бүлийн томчууд намайг хүүхэд байхын л өөрсдийн хүчээр ажилласаар өнөөдрийн хөлтэй захыг үүсгэн бий болгосон. Би зуны амралтаараа л тусалж байснаас биш эмч болсноосоо хойш мах худалдаж авахаар ч очиж үзээгүй л явна.
Эмээ бид хоёрт байшингийнхаа дэргэд залгуулаад хөөрхөн байшин бариад өгчихсөн. Эмээ бид хоёр тэрүүхэндээ ам бүл тусдаа маягтай. Эмээгийн өвдөг янгинаж өвдөөд их шанална. Би дөрөвдүгээр курст ороод эмээгийнхээ өвдгийг хэрэндээ л эмчилдэг боллоо. Нэг эмч манайхаар ирээд хийснийг нь хараад л дуурайж эхэлсэн юм. Яадаг вэ гэхээр, өвдөгнийх нь нүдэнд бугласан идээ, шүүсийг соруулж аваад оронд нь шингэн шахдаг. Ингэж л эмээ миний анхны үйлчлүүлэгч болсон юм. Миний энэ анхны үйлчлүүлэгч чинь намайг их магтана шүү дээ. “Ёстой нэг алтан гартай, буян нь дэлгэрсэн” гэж ирээд л. Намайг өвдөгнийх нь үеийг сольж чадах хүртэл хүлээж чадалгүй өөд болсон юм.
***
Улсын нэгдүгээр төв эмнэлэг, Гэмтэл согог судлалын үндэсний төвийн хамтарсан багийн гишүүд УНТЭ-ийн Хэрх үе судлал, үе сэргээх төвийн зөвлөх эмч Т.Мөнхсайхан, УНТЭ-ийн Хэрх үе судлал, үе сэргээх төвийн мэс заслын эмч Н.Энхтайван нарын “Өвдөг, мөрний үений зөөлөн эдийн гэмтлийг дурангийн аргаар нөхөн сэргээх мэс заслын тусламж, үйлчилгээг Монгол Улсад нэвтрүүлсэн үр дүн” бүтээлд 2023 онд Төрийн соёрхол хүртээв. Эрүүл мэндийн салбарын түүхэнд Төрийн соёрхол хүртсэн ганцхан сувилагч байдаг нь Т.Мөнхсайханы багт ажилладаг ГССҮТ-ийн Мэс заслын сувилагч Б.Жавзандулам билээ.
-Би 2011 онд Гэмтлийн эмнэлэгт асрагчаар орсон, Т.Мөнхсайхан эмчтэй 2012 оноос ажиллаж эхэлжээ. Эхэндээ хагалгааны өрөөг нь цэвэрлэдэг байсан, 2015 онд сувилагчаар сурч төгсөхөд намайг хагалгааны сувилагчаараа авсан юм. Эмч өөрөө олон үггүй хүн шүү дээ. Тэг ингэ гээд байдаггүй. Би бас ярьж хөөрөхдөө тааруу. Нэг удаа мэс заслын өмнө эмчийн гарыг багажнуудын дээр байрлалд бээлийг нь өмсгөөд айхтар зэмлүүлснээс хойш дахиж алдаа гаргаагүй. Хагалгааны өрөөнд орлоо л бол бүх үйл явцыг эмчтэй яг адилхан мэдрэх, өөрийг нь хараад хурдан ойлгох, суралцах, барьдаг зарчим, шаардлагыг огт зөрүүлэхгүй туслахыг л хичээж ажилладаг. Төрийн соёрхолт сувилагч болтол минь өсгөж өндийлгөсөн Гэмтлийн эмнэлэгтээ, сувилагч болохыг анх зөвлөж тусалсан сувилагч Болороо эгчдээ, манай багийн ахлагч Мөнхсайхан эмчдээ маш их баярладаг. Эмч бид хоёр одоо ч хамтарч ажилласан хэвээрээ. Хамгийн сүүлд өчигдөр нэг хагалгаа хийлээ хэмээв.
***
“Хагалгааны өрөөнд эрүүл мэндийн салбарын бүх зүйл нүдэнд тов тодорой, ив ил харагддаг”. Т.Мөнхсайхан ГССҮТ болон Нэгдүгээр эмнэлэгт долоо хоногт 2-3 удаа өвдөгний хагалгаа хийдэг бөгөөд энэ сард мэс засалчаар ажилласнаасаа хойш 5500 дахь хагалгаагаа хийж байгааг нь түүнд дуулгажээ. Монгол Улсад 2012 онд түүний анх нутагшуулсан өвдөгний үенд дурангаар хийх мэс заслыг өдгөө Т.Мөнхсайханы шавь нар 10-аад эмнэлэгт хийж байна. Багш, шавь нар хамтдаа нийт 10 гаруй мянган хүнд энэ мэс заслаа амжилттай хийжээ. “Би солгой гартай юм. Баруун гартай эмч нарт зааж сургах, хамт хагалгаа хийхэд миний солгой чинь их эвтэйхэн таардаг юм шүү дээ”.
Өвдөгний үе солих дурангийн хагалгааны 100 тохиолдол тутмын 1-д хүндрэл гардаг нь дэлхийн дундаж үзүүлэлт бол Монголын эмнэлгүүдэд хийсэн 100 удаагийн мэс засалд 0.5 эрсдэл гарсан тоогоор эмч нарын ур чадвар хэмжигдэж байна. “Үений дурангийн хагалгаа хийнэ гэдэг чинь 1 см талбай дотор хийдэг их нарийн ажилбар байдаг учраас би Солонгост сурч ирэхдээ мэдсэн дадсанаасаа алсрахгүйн тулд хувьдаа мэс заслын иж бүрэн шинэ аппарат авчирсан юм. Энэ аппарат минь олон эмчийг сургахад, олон хүнийг эмчлэхэд мөн их хэрэг болж билээ. Нэгдүгээр эмнэлгийнхэн намайг сайд болоход аппаратаа авах байх гэж бодож байсан гэсэн. Би тэдэндээ бэлэглэчихсэн”.
Т.Мөнхсайхан хагалгаа хийж тоотой хүнийг аварна. Бодлого тодорхойлогчдын дунд эмч нараа, иргэдээ төлөөлбөл Монголын эрүүл мэндийн төлөө илүү хурдтай, гүйцэтгэл сайн байх ямар шийдвэр гаргахаа тэр мэддэг.