А.Цогтмагнай: Хүүхдээ хүнтэй харьцаж, дэлгэцээс холдуулж, бие даалгаж сургая л гэвэл ЗУСЛАН-д явуул

П.Мөнгөнсор
06 сарын 26, 2026

Хүүхэд том болоод зуны амралтаа бүрэн санадаггүй ч зусланд өнгөрүүлсэн өдрүүдээ насан туршдаа санаж явдаг. Та бидний хүүхэд насыг бүтээлцсэн зуслангийн салбар үүсэж хөгжөөд 100 жилийнхээ босгон дээр иржээ. 

Энэ хүрээнд peak.mn сайт хүүхдийн зуслангийн ач холбогдол, амьд харилцааны үнэ цэнийн талаар Мөрөөдөл зуслангийн гүйцэтгэх захирал А.Цогтмагнайтай ярилцлаа. 


Гар утас, хиймэл оюуны хэрэглээ хэзээ ч амьд харилцааг орлохгүй 


"Хэрвээ онц дүн авбал зусланд явуулна шүү" гэдэг үг бидний үеийнхний хувьд хамгийн том зорилго, бүтэн жилийн хичээл зүтгэлээ үнэлүүлж байгаа хэрэг байлаа. 

Зусланд явна гэдэг хүүхэд бүрийн мөрөөдөл байсан цаг саяхан.

Гэтэл цаг үе өөрчлөгджээ. Орчин үеийн хүүхдүүд гар утас, технологийн хэрэглээгээ дагаад хүнтэй ч ярилцах хүсэлгүй, дотогшоо хумигдмал болж байгаа нь анзаарагддаг. Тав тухтай бүс гэж хэлдэг дээ. 

Яг л тийм тухтай бүсдээ шигдчихээд зусланд явах, шинэ найз нөхөдтэй болох, дуулж хуурдах хүсэлгүй болчихсон нь харамсалтай. 

Гэвч техник технологи, хиймэл оюун яаж ч хөгжөөд амьд харилцааг орлохгүй гэж би боддог. Хүн хүнтэйгээ харилцана, нүд рүү нь харж байгаад сэтгэл хөдлөлөө илэрхийлнэ гэдэг хүний төрөлх мөн чанар юм. 

Хиймэл оюун ухааны яаж хөгжлөө ч орлож чадахгүй тэрхүү харилцааны ур чадварыг л ирээдүйд өндрөөр үнэлнэ шүү дээ.

Тиймдээ ч хүүхдийн зуслангийн хэрэгцээ улам ихээр нэмэгдэж байна. Манай зусланд анх ирж буй хүүхдүүд "Утасгүй яаж 7 хонох юм бэ" гэсээр ирдэг. Төд удалгүй дэлгэцийн амьдралаа мартчихсан, утасгүй амьдрал, амьд харилцаа хэчнээн сайхан бэ гэдгийг мэдэрчихсэн, тоглож гүйж харайж явдаг юм. 


Зуслангийн орчин бол жижгэрүүлсэн нийгэм


Учир нь зуслан бол хүүхэд өөрийгөө болон бусдыг танин мэддэг жинхэнэ амьд орчин. 

Би хүүхдийн зусланг жижгэрүүлсэн нийгэм гэж нэрлэх дуртай. 

Учир нь энд өөр өөр орчинд өссөн, өөр өөр зан чанартай хүүхдүүд нэг дор цугларч, хамтдаа амьдарч, нөхөрлөж, зарим үед маргалдаж, ойлголцож сурдаг. Яг л энэ орчноос хүүхдийн танин мэдэхүйн процесс эхэлж, нийгэмшиж эхэлдэг гэж хэлж болно.

Зусланд хүүхэд бусадтай зөв харилцах, өөрийгөө илэрхийлэх, өөр хүний үзэл бодлыг хүлээн зөвшөөрөх гээд харилцааны чухал ур чадваруудыг өөрөө ч мэдэлгүй сурч байдаг.

Мөн зуслан бол хүүхэд амьдрах ухаанд суралцдаг орчин. Гэртээ шүдээ угаах дургүй хүүхэд өрөөнийхөө найзуудыг хараад дагаад угаачихдаг шиг жижиг дадлууд хүүхдүүдийн дунд аяндаа бий болдог. Ээж аав нь бүхнийг өмнөөс нь хийж өгөөд байвал хүүхэд бие дааж сурахгүй шүү дээ. Харин зусланд өөрөө шийдвэр гаргаж, гаргасан шийдвэрийнхээ төлөө хариуцлага хүлээж эхэлдэг.

Энэ чадварууд хүүхдийн ирээдүйд ус, агаар мэт хэрэгтэй. 

Өнөөдөр зусланд бие дааж сурсан хүүхэд маргааш гадаадад сургуульд явсан ч шинэ орчинд төвөггүй дасан зохицож, амьдралаа өөрөө авч явж чаддаг.


Олон улсын зуслангууд хүүхдийг байгальтай ойр байлгахыг эрмэлздэг


Би өөрөө бизнесийн удирдлага мэргэжилтэй хүн. Анх хүүхдийн зуслан удирдаж эхлэхдээ “Би боловсролын салбарын хүн биш байж яаж энэ ажлыг хийх вэ” гэж эргэлзэж байсан үе ч бий. Гэвч зуслан бол нийгмийн сайн сайхан, хүний хөгжил рүү чиглэсэн хамгийн үнэ цэнтэй ажил юм байна гэдгийг удалгүй ухаарсан. 

Монголд зуслангийн менежмент заадаг дагнасан хөтөлбөр байхгүй учраас 2015 онд олон улсын зуслангийн удирдлагуудыг бэлддэг сургалтад суухаар Японыг зорьж байлаа. Тэнд очоод миний төсөөлөл бүрэн өөрчлөгдсөн. 

Үнэнийг хэлэхэд өндөр хөгжилтэй орнуудын зуслан гэхээр таван одтой буудал шиг тансаг байна л гэж төсөөлж байгаа шүү дээ. Гэтэл үгүй юм билээ.

Швейцар, Япон, АНУ-ын зуслангууд маш энгийн. 

Байгаль, модон байшин, хүүхдийг нээж, задлах олон төрлийн хөтөлбөрүүд. 

Ердөө энэ гурван зүйл л сайн зусланг бий болгодог юм байна гэдгийг сайтар ухаарсан.

Хүүхэд дөрвөн ханатай байшингаас гараад буцаад дөрвөн ханатай байшинд очиж болохгүй гэж зуслангийн мэргэжилтнүүд үздэг учраас зуслан гэрээс нь тэс өөр, шинэ орчин байх ёстой. Тэгж гэмээнэ тэнд жинхэнэ утгаараа суралцахуйн процесс явагдана. 

Энэ тал дээр гаднын орнуудтай харьцуулахад Монголд давуу тал асар их бий. Хотоос ердөө 50-хан км яваад л уул ус, байгалийн сайхан биднийг хүлээж байдаг. 


Хүүхэд бүрийн хүсэл мөрөөдлийг хөглөх орчин Мөрөөдөл зуслан 


Манай зуслан анх 1981 онд "Баянгол пионерын зуслан" нэртэйгээр байгуулагдсан түүхтэй. 2007 оноос хойш нэрээ "Мөрөөдөл зуслан" болгон өөрчилсөн. 

Бид социализмын үеийн модон байшин, байгалийн унаган төрхийг аль болох хэвээр нь хадгалж үлдэхийг зорьдог. 

Өглөө сэрэхэд модон байшингийн цонхоор салхи сэрчигнэж, шувууд жиргэхийг сонсох тэр мэдрэмж л Мөрөөдөл зуслангийн амин сүнс гэлтэй.

Манай зуслан “Хүсэл мөрөөдөлтэй хүүхэд - Монголын ирээдүй” гэсэн уриатай. 



Нэг ёсондоо хүүхэд бүрийн мөрөөдлийг зөвхөн төсөөлөл дээр нь биш, бодит туршлага дээр хөгжүүлэх орчныг бүрдүүлэхийг зорьдог юм.

Хүүхэд “Би тийм хүн болно” гэж толгой дотроо төсөөлөх нь нэг хэрэг. Харин тэр нь бодит амьдрал дээр үнэхээр тохирч байна уу, үгүй юу гэдгийг туршиж үзэх нь огт өөр зүйл.

Үнэхээр сагсан бөмбөгчин болохыг хүсэж байвал бөмбөгөө барьж, талбай дээр гарч үзэх хэрэгтэй. Багаар тоглож үзээд “Би энэ багийн нэг хэсэг байж чадах уу” гэдгээ мэдрэх хэрэгтэй. Хэрэв тэр нь өөрийнх нь сонирхол биш бол эртхэн өөр чиглэлээ олсон нь дээр. Хотод очоод өөр дугуйланд явж, өөрийгөө үргэлжлүүлэн хөгжүүлэх боломж үргэлж байдаг.


Манай зусланд явсан хүүхдүүд юу чаддаг, юунд авьяастай, юунд сонирхолтой, юу мөрөөддөг, зарим нь ямар мэргэжилтэй хүн болохоо хүртэл ойлгоод буцдаг тохиолдлууд бий. Бид үүнийг 150 гаруй хөтөлбөрөөр дамжуулж олгохыг зорьдог.


Энэ зуны хувьд Мөрөөдөл зуслангийн брэнд хөтөлбөрүүд  болох спорт, урлаг, амьдрах чадварын ээлжүүд тогтмол явагдана.  

Зуслангийн ээлжийн хуваарь болон дэлгэрэнгүй мэдээллийг Мөрөөдөл зуслангийн цахим хуудас, dreamcamp.mn сайтаас авах боломжтой.

Холбоотой сэдвүүд

зуслан хүүхэд

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.