Apple Event 2026: Эвхэгддэг Iphone худалдаанд гарна

Л.Дэлгэрмаа
09 сарын 03, 2026

Жил бүрийн есдүгээр сард Apple компани тухайн оныхоо шинэ загвар, бүтээгдэхүүний шинэчлэлтүүдээ танилцуулдаг билээ. Iphone, Airpod, Iwatch гээд Apple-н үнэнч хэрэглэгчдийн тэсэн ядан хүлээдэг уг эвент энэ жил 9-р сарын 09-нд болохоор товлогджээ.  


Тэгвэл энэ жилийн өөрчлөлтүүд юу байх вэ гэдгийг уншигч танд  тоймлон хүргэе.

Шинэ захирлын мэндчилгээ 


2011 оноос хойш Apple-ийг удирдсан Тим Күүк есдүгээр сарын 1-нээс гүйцэтгэх захирлын албан тушаалаа Жон Тернусд шилжүүлж, өөрөө ТУЗ-ийн даргын үүрэгт шилжсэн юм. Тиймээс Жон Тернус шинэ захирлын хувиар анхны томоохон бүтээгдэхүүний танилцуулгаа хийнэ. 

Технологийн салбарынхан түүний эхний илтгэлээс Apple-ийн ирэх жилүүдийн инновац, ялангуяа хиймэл оюун ухааны салбарт ямар бодлого баримтлан ажиллахыг чих тавин хүлээж байна. 


Онцлох загвар

 

Энэ жилийн хамгийн хүлээлттэй загвар бол эвхэгддэг iPhone. Энэхүү загвар нь ном шиг хөндлөн эвхэгддэг хэлбэртэй байх бөгөөд утас болон таблетын хэрэглээг нэг төхөөрөмжид хослуулах юм. 

Мөн дэлгэцийн голд үүсдэг нугалаасыг аль болох бага харагдуулахад анхаарч, шинэ нугасны технологи ашиглахаа мэдэгдлээ. 

Төхөөрөмжийн хийц нимгэн, дээд зэрэглэлийн материалтай байх бөгөөд аюулгүй байдлын хувьд царай таних технологийн оронд утасны хажуу талын товчлуурт суурилсан Touch ID ашиглах гэнэ.



Үүнээс гадна Apple шинэ үеийн iPhone 18 Pro болон Pro Max загваруудаа танилцуулах төлөвтэй байна. 



Мөн Apple Watch-ийн шинэ загварууд эрүүл мэнд, фитнесийн үзүүлэлтүүдээ хэмжих функцүүдээ сайжруулж, дотоод технологийн шинэчлэлд түлхүү анхаарчээ. 




AirPods-ийн тухайд дууны чанар, орчны шуугиан дарах технологио сайжруулснаас гадна Apple-ийн хиймэл оюуны функцүүдтэй нягт уялдаатай ажиллах юм. Ингэснээр тус чихэвч өдөр тутмын хэрэглээнд гэхээсээ илүүтэй ухаалаг туслагчийн үүрэг гүйцэтгэх чиглэлд хөгжих боломжтой гэж мэргэжилтнүүд үзжээ. 



Үнийн өөрчлөлт 

Үнийн хувьд шинээр гарах эвхэгддэг iPhone 2,000 ам.долларт хүрч магадгүй гэсэн таамаг байна. 

 Үүнд шинэ технологийн өртгөөс гадна дэлхийн нийлүүлэлтийн сүлжээнд хагас дамжуулагч чип болон бусад эд ангийн өртөг нэмэгдсэн нь нөлөөлж болзошгүй. 

Нөгөөтээгүүр, шинэ загвар танилцуулагдсаны дараа өмнөх үеийн iPhone-уудын үнэ буурах нь элбэг. Тиймээс утсаа шинэчилье гэж зориогүй л бол шинэ загварын iPhone авахаасаа илүүтэй өмнөх үеийн Pro эсвэл Pro Max загварыг худалдан авах нь илүү ухаалаг сонголт байж мэднэ. Мэдээж шинэ бүтээгдэхүүнүүдийн албан ёсны үнэ, техникийн үзүүлэлт танилцуулагдсаны дараа өөрийн хэрэгцээ, боломжид тохирсон хувилбарыг сонгох нь хамгийн зөв шийдвэр юм.



О.Анужин

Холбоотой сэдвүүд

apple iphone технологи

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.