PISA 2025: Монгол хүүхдүүдийн сурлагын амжилт 3 жилийн өмнөхөөс төдийлөн сайжирсангүй

П.Мөнгөнсор
09 сарын 08, 2026

Суурь боловсрол эзэмшсэн 15 настай сурагчид сургуульд олж авсан мэдлэг, чадвараа амьдралдаа хэрэглэж чадаж байна уу гэдгийг гурван жил тутамд үнэлдэг PISA олон улсын үнэлгээнд манай улс хоёр дахь удаагаа хамрагдлаа.

2025 оны үнэлгээнд 91 улсын 760 мянга гаруй суралцагч оролцсон бол Монгол Улсаас 191 сургуулийн 7146 суралцагч хамрагджээ.

Үнэлгээний тайлангийн үр дүнг OECD бүрэн боловсруулж, өнөөдөр дэлхий нийтэд үр дүнг нь танилцуулж байна.


МОНГОЛ УЛС 91 ОРНООС 49 ДҮГЭЭР БАЙРТ ЭРЭМБЭЛЭГДЭВ


Энэ удаагийн PISA үнэлгээг математик, байгалийн ухаан, унших чадвар болон цахим хэрэглээг ашиглан асуудлаа шийдвэрлэх чадвар гэсэн дөрвөн чиглэлээр зохион байгуулжээ.

Монгол сурагчдын үр дүнг нэгтгэн үзвэл:


  • Математик: 419 оноо авч, 49-р байрт эрэмбэлэгдэв. Энэ нь OECD-ийн дунджаас 44 оноогоор доогуур үзүүлэлт юм. 2022 онтой харьцуулахад математикийн оноо 6 нэгжээр буурчээ.


  • Байгалийн ухаан: 424 оноо авч, 56-р байрт эрэмбэлэгджээ. Энэ нь OECD-ийн дунджаас 58 оноогоор доогуур боловч 2022 онтой харьцуулахад 12 оноогоор өссөн үзүүлэлт юм.


  • Унших чадвар: 374 оноо авч, 69-р байрт эрэмбэлэгдсэн нь манай улсын хувьд хамгийн сул үзүүлэлт болж байна. Энэ нь олон улсын дунджаас 87 оноогоор доогуур үзүүлэлт бөгөөд өмнөх үнэлгээтэй харьцуулахад мөн л 4 оноогоор буурчээ. 

  • Цахим хэрэглээг ашиглан асуудлаа шийдвэрлэх чадвар: PISA 2025-д шинээр нэмэгдсэн уг үнэлгээнд монгол сурагчид 443 оноо авсан нь OECD-ийн 500 онооны дунджаас доогуур үзүүлэлт болжээ.


Дүгнэн үзвэл, монгол сурагчдын сурлагын амжилт 2022 оны үнэлгээтэй харьцуулахад төдийлөн ахисангүй. 

СУУРЬ ТҮВШИН ХАНГАЛТГҮЙ БАЙНА

Үнэлгээг зохион байгуулагч OECD-гээс дундаж онооноос гадна бас нэгэн чухал хэмжүүр гаргадаг нь  “Level 2” буюу суурь түвшин юм. 

Сурагчдын хэдэн хувь нь суурь түвшиндээ хүрч байна вэ гэдгээр тухайн улсын боловсролын тогтолцооны чадавхыг хэмжиж болно.


Математикийн хичээлийн хувьд сурагчдын 48 хувь нь суурь түвшиндээ хүрсэн нь дийлэнх олонх буюу 52 хувь нь математикийн мэдлэгээ амьдралдаа хэрэглэж чадахгүй байгаагийн илрэл болж байна. 

Үнэлгээний дүнгээс бас нэгэн анхаарал татах хэсэг нь математикийн үнэлгээнд хамрагдсан сурагчдын ердөө 1 хувь нь PISA-гийн хамгийн өндөр түвшин буюу 5, 6 дугаар түвшний оноо авчээ. Харин үнэлгээнд хамрагдсан бусад орнуудын дундаж 8 хувьтай байна. 


Унших чадварын тухайд дөнгөж 33 хувь нь суурь түвшиндээ хүрсэн байна. Өөрөөр хэлбэл, 15 настай монгол хүүхдүүдийн 70 гаруй хувь нь эх хэл дээрээ сэтгэн бодож чадахгүй байна гэсэн үг. 


ЭЕРЭГ: МОНГОЛ ХҮҮХДҮҮД СУРАЛЦАХ ХҮСЭЛ ЭРМЭЛЗЭЛТЭЙ, БАГШДАА ИТГЭДЭГ

Үнэлгээнд оролцсон монгол сурагчдын 81 хувь нь сониуч зантай, суралцах хүсэл эрмэлзэлтэй гэдгээ илэрхийлсэн байна. Мөн 85 хувь нь хичээлээ ойлгохгүй байвал багшаасаа асуудаг, тусламж хүсдэг нь итгэлцэл өндөр байгааг илтгэж байна. 

Мөн сурагчдын 87 хувь нь ойлгоогүй зүйлээ ангийн найз нөхдөөсөө асуудаг гэжээ.

Суралцагчдын сониуч зан нэг нэгжээр нэмэгдэх тутам байгалийн ухааны гүйцэтгэл 11 оноогоор сайжирч байна. 


PISA үнэлгээний давуу тал нь үндэсний үр дүнгүүдийг нэгтгэн харуулахаас гадна эдгээр тоонуудыг  нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал, жендэр, сургалтын орчин, ээж аавуудын оролцоо зэрэг олон хүчин зүйлтэй уялдуулан, харилцаа хамаарлыг нь холбон үзүүлдэг дата өгөгдлийн бааз юм.


Яагаад байгалийн ухааны үзүүлэлт өсөв? Яагаад унших чадвар ийм сул хэвээр байна вэ? Сургууль хоорондын ялгаа хэр их байна? Нийгэм, эдийн засгийн нөхцөл сурагчдын амжилтад хэрхэн нөлөөлж байна? Монгол хүүхдүүд хиймэл оюун ухааныг хэр их, хэрхэн ашиглаж байна вэ зэрэг олон асуултын хариултыг энэ тайлангаас мэдэх боломжтой.

Тогтвортой хөгжлийн боловсролыг дэмжигч Peak.mn сайт PISA 2025 үнэлгээний үр дүнг задлан шинжилж, цуврал контентоор хүргэх болно.

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.