Сөүл-Улаанбаатар чиглэлд өчигдөр тусгай үүргийн хоёр онгоцоор нислэг үйлдэж, АНУ, Сингапур, Тайланд, Бразил, Аргентин улсад байсан нийт 428 иргэнээ эх орондоо авчирлаа.

Өчигдөр 18:25 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардсан эхний транзит онгоцоор нийт 261 иргэн ирсэн. Үүнд, бага насны хүүхэдтэй гэр бүл 71, эрүүл мэндийн шалтгаантай болон асран хамгаалагчтай 53, өндөр настан 33, жирэмсэн 2, хүндэтгэн үзэх бусад шалтгаантай 102 иргэн байна.

Хоёрдахь тусгай үүргийн транзит онгоц 20:40 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардсан багаад нийт 167 иргэн иржээ. Үүнд, бага насны хүүхэдтэй гэр бүл 73, эрүүл мэндийн шалтгаантай болон асран хамгаалагчтай 22, өндөр настан 11, жирэмсэн 3, хүндэтгэн үзэх бусад шалтгаантай 58 иргэн байна.

Иргэдийг ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, “Хабу”, “Зүчи”, “Наранбулаг”, “Ивээлэн” зочид буудал, сувилалд байршуулсан бөгөөд нийт 21 хоног тусгаарлана.