Та хананд 5 зураг тогтоох ажилтай байя гэж бодоё. Ингэхийн тулд 5 удаа хадаас тогтоох хэрэгтэй. Бүх хадаасаа хадаад, зургуудаа тогтооход 10 минут зарцуулна.

Яг алхаа бариад хадаасаа нүдэхдээ 5 удаа 5-ууланд нь хуруугаа хүчтэй цохьчихсон гэж төсөөлье. Энэ үед 10 мин аль хэдийн дуусчихсан ч гэсэн зураг өлгөх ажил хийгдэх ёстой хэвээрээ. Та хэсэг амраад үргэлжлүүлж болно (цаг яваад л байгаа) аль эсвэл өөр хэн нэгэнд ажлаа даатгах сонголт бий. Ямар ч сонголт хийгээд, ямар ч хувилбараар ажлаа дуусгасан бай та ажлаа (хананд 5 зураг өлгөгдсөн) 10 минутаас илүү хугацаанд хийж гүйцэтгэсэн. Тиймээс хуруугаа гэмтээгээгүй бол таны бүтээмж 10 мин (зорилт) хуваах нь 10 мин (бодит зарцуулсан) буюу 1 байх байснаасаа 10/20=хоёрны нэг, эсвэл 10/30=гуравны нэг гэх мэтчилэн унажээ. Хэдий зураг хананд өлгөгдсөн ч гэсэн тухайн ажлыг маш бага бүтээмжтэйгээр хийчихлээ. Тэгэхээр бодит өсөлт нь 1 бус, 1/2, 1/3 гэж тооцоо гарна. Project Management-ийн онолоор өсөлт болон бүтээмжийг ийн тооцдог.

Үйлдвэрлэлийн бүтээмжийн талаар ярихад “efficiency” буюу хэрхэн хамгийн их тоо ширхгийг хамгийн бага зардал, хугацаанд хийх вэ гэсэн ойлголт бий. Харин орчин үеийн менежментийн онолын эцэг гэгддэг Петр Дракер (Peter Drucker) дан ганц efficiency хангалтгүй, “effectiveness” буюу хэрхэн хүссэн үр дүнгээ хамгийн зөв, оновчтой шийдлээр хийх вэ гэх ойлголт эн тэнцүү чухал болохыг өөрийн бүтээлүүддээ онцолсон байдаг.

Харин Пулитцерийн шагналт сэтгүүлч Чарлз Дахиг (Charles Duhigg) 2012 онд хэвлүүлсэн “The Power of Habit: Why We Do What We Do in Life and Business” номдоо хэр ихийг хийх вэ, хэрхэн зөв хийх вэ гэхийн өмнө хэрхэн хийх вэ буюу хүн аливаа зүйлийг хийхэд дадал ямар их үүрэгтэй байдаг тухай бичжээ.

Тэрээр номондоо “keystone habits” буюу тулгуур дадлын тухай Alcoa компани жишээгээр тайлбарласан байдаг.

Alcoa нь орчин үеийн хөнгөн цагаан хайлуулах технологийг нээсэн гэдгээрээ алдартай ба халбага сэрээ, ундаа хүнсний лаазаас эхлээд NASA-ийн пуужинд хэрэглэгдэх хөнгөн цагааныг хийдэг салбарынхаа тэргүүлэх компаниудын нэг байсан аж. 1980-аад онд компанийн бүтээгдэхүүний чанар муудаж, бүтээмж унасантай холбоотой алдагдал их байжээ.

1987 онд компанийн удирдлага Paul O’Neill-д гүйцэтгэх захирал болох хүсэлт тавихад түүний хамгийн их анхаарал хандуулсан асуудал нь аюулгүй байдал (Safety), аюулгүй үйл ажиллагаа байжээ.

Paul O’Neill хөрөнгө оруулагчид, аналистуудтай анхны удаа уулзахдаа тогтсон заншлаас (ашгаа хэрхэн нэмэгдүүлж, зардлаа хэрхэн багасгах, бараа материал нөөц, татварын орчин г.м) тэс хөндлөн ажилчдын аюулгүй байдал, хөдөлмөрийн аюулгүй байдлын талаар ярьж гэнэ. Компанийн асуудал бүр сууриндаа байгаа учир бид тийш анхаарлаа хандуулна. Та бүхэн цаашид манай компани ямар үзүүлэлттэй байгааг мэдэхийг хүсвэл аюулгүйн үзүүлэлтүүдийг харахыг зөвлөе гэж тэрээр хэлжээ.

Паникдсан хөрөнгө оруулалтын сангийн менежерүүд ийм зүйл ярьж байгаа нөхрийг компанийн захирлаар томилоод дүүрчээ хэмээн хувьцааг нь нэн даруй зарахыг хөрөнгө оруулагчдадаа зөвлөсөн гэдэг.

2000 онд Paul O’Neill ажлаа өгөхөд компанийн цэвэр орлого түүнийг томилогдохоос өмнөх үеийнхээс 5 дахин өсөж компанийн үнэлгээ 27 тэрбум ам доллараар нэмэгдсэн гэж Чарлз Дахиг номдоо бичжээ.

Энэ бүх өсөлтийн хажуугаар Alcoa дэлхийн хамгийн аюулгүй үйл ажиллагаатай компаниудын нэг болсон байв. Paul O’Neill-аас өмнө, бараг үйлдвэр бүрд долоо хоногт нэг удаа ямар нэгэн осол гардаг байсан бол түүний аюулгүй ажиллагааны төлөвлөгөө хэрэгжсэнээс хойш зарим үйлдвэрүүд хэдэн жилийн турш ямар ч осол гаралгүй явж иржээ.

Ажил олгогч нь ажилчдаа аюулгүй орчинд байлгахын тулд бүх хүчээ дайчилж байгаа гэж итгэдэг ажилчид осол эндлийг багасгаад зогсохгүй олон эерэг өөрчлөлтүүдийг бий болгож эхэлдэг. Тиймээс аюулгүй байдлыг тэргүүн зорилтоо болгосон удирдлагын баг ажилчдынхаа гүйцэтгэлийг сайжруулахаас гадна ашиг орлогоо ч нэмэгдүүлдэг гэж Чарлз Дахиг онцолсон.

Paul O’Neill-ын туршлагаас хойш аливаа компанийн, ялангуяа үйлдвэрлэл, эрчим хүчний салбарын компанийн, хувьцааг авахдаа хөдөлмөрийн аюулгүй байдлын системийг нэг шалгуураа болгодог хөрөнгө оруулалтын арга барил хүртэл бий болсон байдаг аж.

Өнөөдөр Монголд зам тээврийн осол, ахуйн ослоор нас барах хүний тоо улам нэмэгдэж байна. 

Нэг бодлын хувь хүний хайхрамжгүй үйлдэл байх тул бид зэмлээд өнгөрөх нь элбэг боловч, нөгөө бодлын Монгол улс, нийгэм, албан байгууллага, компанид учрах нөлөө нь тааруу бүтээмжээр илэрнэ

(5 зураг өлгөх ажлыг 1 хүн 10 минутанд хийх байсан 2,3 хүн 2, 3 цаг зарцуулан хийхтэй адил хэдий ажил хийгдсэн ч гэлээ маш бага бүтээмжтэй байна). 

Гэмтсэн, бэртсэн, өвчтэй учир ажлаа хийж чадахгүй байвал оронд нь хэн нэгэн заавал нөхөж хийх учиртай. Ингээд бүтээмж унана, efficiency унана, зардал нэмэгдэнэ. Эцэст нь ашиг буурна.

Чарлз Дахиг номдоо “Аюулгүй байдал бол эхлээд удирдах албан тушаалтны толгой дотор бий болох ёстой” гэсэн. Нэгэнт байгууллагын аюулгүй ажиллагааны төлөвлөгөөг удирдах баг боловсруулж, хэрэгжүүлэх учир тэр ч ойлгомжтой биз. Simon Sinek ч мөн адил аюулгүй байдал бол удирдах албан тушаалтны нэн тэргүүний зорилт байх ёстой хэмээн илтгэлүүддээ онцолдог. Удирдах албан тушаалтан аюулгүй ажиллагааг зөвхөн дээрээс тушаах байдлаар хэрэгжүүлнэ гэвэл том эндүүрэл болох аж.

Аюулгүй байдлаа бүрэн хангаж ажиллах нь хувь хүний, албан байгууллагын үйл ажиллагааны тулгуур дадал болж чадсан цагт бүтээмж өсч, гүйцэтгэл сайжирч, үүнийг дагаад ажилчдын хандлага эерэг болж, цаашлаад байгууллагын зардал буурч, орлого өсдөг болохыг Paul O’Neill-н Alcoa дахь он жилүүд баталж байна.

Бид бүтээмжээ нэмэгдүүлэхийн тулд нэн түрүүнд аюулгүй байдлыг өдөр тутмын дадлаа болгох шаардлагатай болов уу. 2021 оныг Монгол орон даяар аюулгүй байдлын жил болгон зарлацгаая.