Хөдөлмөрийн чадвараа алдсан болон тахир дутуу иргэд тодорхой хэмжээний тэтгэвэр авдаг. Энэ талаар Нийгмийн даатгалын ерөнхий газраас тодрууллаа. Даатгуулагчийн хөдөлмөрийн чадвар алдалт 70 буюу түүнээс дээш хувиар тогтоогдсон бол хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсанд, 50-69 хувиар тогтоогдсон бол хөдөлмөрийн чадвараа хагас алдсанд тус тус тооцдог юм байна. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг эндээс авна уу. 

-Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоолгоход эхлээд хаана хандах вэ?

-Та харьяа аймаг (дүүрэг)-ийн сум (өрх)-ийн Эрүүл мэндийн төв, Нэгдсэн эмнэлэг, Бүсийн оношилгоо эмчилгээний төвд хандан эмчийн үзлэг, оношилгоо, шинжилгээнд хамрагдсанаар, хөдөлмөрийн чадвар алдалт тогтоолгох эсэх саналыг тухайн эрүүл мэндийн байгууллагын харьяа Эмнэлэг хяналтын комисст хүргүүлнэ.

-Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацааг шинээр тогтоолгохын өмнө хэдий хугацаанд эмчийн хяналтад байх вэ?

+ 3-6 сарын хугацаанд эмчийн хяналтад эмчлэгдэж, өвчний онош, явц, хүндрэл, өвчтөний биеийн байдлаас хамаарч хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа шинээр тогтоолгох эсэх асуудлыг шийдвэрлүүлнэ. 

-Ажил хөдөлмөр эрхэлдэг иргэн (даатгуулагч) хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоолгож болох уу?

-Ердийн өвчний үед 90 хоног, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчин, хорт хавдар, сүрьеэ өвчнөөр өвчилсөн тохиолдолд 180 хоногийн хугацаанд төрөлжсөн мэргэжлийн эмчийн хяналтад хянагдсаны дараа өвчний онош, явц, хүндрэл, өвчтөний биеийн байдлаас хамаарч хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацааг шинээр тогтоолгож болно. 

-Ямар өвчтэй хүн хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоолгох вэ?

 Тухайн  өвчний үе шат, хүндрэл, өвчтөний биеийн байдлаас хамаарч Эрүүл мэндийн сайд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2017 оны “Даатгуулагч (иргэн)-ийн хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтооход баримтлах өвчний жагсаалт, хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ, хугацааг шинэчлэн батлах тухай” А/39, А/12 дугаар хамтарсан тушаалд заасан өвчний жагсаалтын дагуу хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацааг тогтооно. 

-Ямар болзлыг хангасан хүн нийгмийн даатгалын сангаас тахир дутуугийн тэтгэвэр авдаг вэ?

-Нийгмийн даатгалын шимтгэлийг нийтдээ 20-оос доошгүй жил, эсхүл тахир дутуу болохын өмнөх 5 жилийн 3 жилд нийгмийн даатгалын шимтгэлийг төлсөн тохиолдолд ердийн өвчин, ахуйн ослын улмаас хөдөлмөрийн чадвараа 50-аас доошгүй хувиар алдаж тахир дутуу болсон бол тахир дутуугийн тэтгэврийг Нийгмийн даатгалын сангаас тогтоолгон авч болно. Дээрх шимтгэл төлөх хугацааг хангаагүй тохиолдолд нийтдээ 3-аас доошгүй жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн байвал шимтгэл төлсөн нийт хугацаандаа ногдох тахир дутуугийн тэтгэврийг хувь тэнцүүлэн авна.

 Дээрх 2 болзлыг хангаагүй бол Нийгмийн халамжийн сангаас тахир дутуугийн тэтгэвэр авна.

-Хэдэн хувиар хөдөлмөрийн чадвар алдсан тохиолдолд тахир дутуугийн тэтгэвэр авах эрх үүсэх вэ?

 Ердийн болон ахуйн ослын улмаас хөдөлмөрийн чадвараа 50-аас доошгүй хувиар, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа 40-өөс доошгүй хувиар алдсан тохиолдолд тахир дутуугийн тэтгэвэр авах эрхтэй.

-Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацааг шинээр тогтоолгоод Нийгмийн даатгалын хэлтэс (тасаг)-т баримт бичгийг өгснөөс хойш хэд хоногийн дотор тахир дутуугийн тэтгэврийг тогтоох вэ?

-Нийгмийн даатгалын байгууллагад иргэн (даатгуулагч) 14 хоногийн дотор  баримт бичгийг бүрдүүлж өгсөн байна. Нийгмийн даатгалын байгууллага  баримт бичгийг хүлээж авснаас хойш 30 хоногийн дотор тахир дутуугийн тэтгэврийг тогтооr шийдвэрлэнэ.

-Ажилд ороод нэг сар болоод үйлдвэрлэлийн осолд орсон бол тахир дутуугийн тэтгэврийг авах боломжтой юу?

-Нийгмийн даатгалын шимтгэл төлж ажилласан хугацааг үл харгалзан, үйлдвэрлэлийн ослыг тогтоосон акт болон Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэрийг үндэслэн, Үйлдвэрлэлийн осол мэргэжлээс шалтгаалах өвчний даатгалын сангаас тахир дутуугийн тэтгэвэр тогтоолгох боломжтой.

-Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацааг ямар хугацаанд сунгуулах вэ?

- Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хугацаа дуусахаас өмнө буюу хойно 14 хоногийн дотор хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацааг сунгуулах боломжтой.

-Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын хурлаар ороход 450 төгрөг авдаг. Энэ ямар учиртай вэ?

-НДЕГ-ын даргын тушаалаар хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон акт, шийдвэрийн хуудасны төлбөр 450 төгрөгийг иргэдээс авдаг.

- Гадаадад удаан хугацаагаар амьдарч байгаа Монголын иргэншилтэй иргэн Монголдоо хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацааг сунгуулах боломжтой юу?

-Тухайн орны Эрүүл мэндийн байгууллагын тодорхойлолтыг баталгаажсан орчуулгын төвөөр орчуулсан орчуулга болон тус улсад суугаа манай улсын Элчин сайдын яамны тодорхойлолт, бусад бичиг баримтын хамт харьяа аймаг (дүүрэг)-ийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комисст хандан хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацааг сунгуулж болно.

- Ажил хөдөлмөр эрхэлдэг иргэн (даатгуулагч) Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын хурлаар орж ажлын цаг хорогдуулсан шийдвэр гарсан тул цалинг бүтэн олгох уу?

-Хөдөлмөрийн хуулийн 67 дугаар зүйлийн 67.2 дахь заалтад ...хорогдуулсан цагийг бүтэн ажилласнаар тооцож олгоно... гэж заасан байх тул Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэрийг үндэслэн ажилласан цагийн хөлсийг бүтнээр тооцож олгоно.