БАНГКОК. /BBC/. Тайландын “Khao Yai” үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн “Haew Narok” хэмээх нэртэй хүрхрээнээс зургаан заан унаж үхсэн талаар тус улсын холбогдох албаны төлөөлөгчид мэдээлжээ.


Тэдгээр заан бие биеэ аврахаар оролдож байсан хэмээн мэргэжилтнүүд үзэж байгаа бөгөөд нэгэн тугал хүрхрээ рүү хальтран унаснаас үүдэн уг харамсалтай явдал тохиолдсон байж магадгүй ажээ. Түүнчлэн өөр хоёр заан хүрхрээний ойролцоох хавцлын орчимд байсныг цэцэрлэгт хүрээлэнгийн ажилтнууд олсон байна.


Haew Narok” буюу “Тамын хүрхрээ” нэртэй хүрхрээний ойролцоо дээрхтэй төстэй хэрэг урьд нь хэд хэдэн удаа гарч байсан аж. 1992 онд найман заан унасан явдал олон нийтийн анхаарлыг хамгийн их татаж байжээ.


Тайландын Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн Зэрлэг амьтан, ургамлыг хамгаалах хэлтэсээс мэдээлснээр, дээрх осол орон нутгийн цагаар бямба гарагийн орой гарсан ажээ. Мэргэжилтнүүд гурван цагийн турш ажилласны дүнд гурван настай тугалын цогцсын ойролцоогоос бусад таван зааны цогцсыг олсон байна. 

Эх сурвалж: Монцамэ агентлаг