Улсын онцгой комиссын Шуурхай штабаас өнөөдөр мэдээлэл хийлээ.

Энэ үеэр ГХЯ-ны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг "Улсын Онцгой комиссын шийдвэрийн дагуу дөрөвдүгээр сарын 02-нд Сөүлээс, дөрөвдүгээр сарын 03-нд Токиогоос монгол иргэдээ татан авах ажиллагааны бэлтгэл ажлыг хангаж байна.

Үүнтэй холбоотойгоор Гадаад харилцааны яамнаас албан ёсны тайлбар мэдээлэл өгөхгүй бол буруу ташаа мэдээлэл түгээх, гүтгэх, иргэдээ авчрах ажиллагаанд саад учруулах мэдээллүүд яваад байна.

Өмнө нь Улсын онцгой комиссоос гаргасан шийдвэрийн дагуу Сөүл, Токио, Станбул, Берлинээс ирэх хүсэлтэй монгол иргэдийг тодорхой шалгуур тавьж, Элчин сайдын яам, Консулын газрууд бүртгэл хийсэн. Энэ бүртгэл нэг онгоцоор хязгаарлагдаагүй.

Тухайлбал, Сөүл дэх Элчин сайдын яаманд хоёр хоногийн турш 500 гаруй хүн өөрийн биеэр оочерлож, бүртгүүлсэн. 

Тэгэхээр энэ удаагийн нислэг шинээр иргэдийг бүртгэж аваад эх оронд нь авчрах гэж буй юм биш. 10 гаруй хоногийн өмнө бүртгүүлсэн байсан иргэдийн нэрсийн жагсаалтынг МИАТ компанид өгөөд билетийг бичиж байгаа. Өмнө нь бүртгүүлсэн ч одоо нутаг буцахаа больсон тохиолдлууд гарахаар нь жагсаалтын дараагийн хүмүүсийг бичиж байгаа. Энд Элчин сайдын яам, МИАТ-ын ажилчид ямар нэгэн байдлаар авлига авч буй асуудал байхгүйг хариуцлагатайгаар хэлье.

Иргэдийн зүгээс тусгай нислэгээр явах хүмүүсийг хаана бүртгүүлэх, хэдэн хүн болохоор ирж авах вэ гэсэн асуултуудыг олноор ирүүлж байна.

Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу Элчин сайдын яам, Консулын газарт иргэдийг олноор цуглуулахыг хориглосон. Иймд гадаадад байгаа монголчуудад консулын үйлчилгээг цахимаар үзүүлж байгаа. Сөүл дэх Элчин сайдын яамыг утсаа авахгүй, ажиллахгүй байна гэсэн гомдлууд бас ирж байна. Тэнд байгаа 5 хүн 24 цагийн турш ажиллаж, утсаар мэдээлэл өгч байгаа. Дуудлага давхцаж, өөр хүнд мэдээлэл өгч буйг ажиллахгүй байна гэж болохгүй. Зөвхөн Сөүл биш бусад оронд байгаа Элчин сайдын яамд бүгд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байгаа.

Гадаадын бусад орноос ирэх хүсэлтэй иргэдийг яах вэ гэсэн асуулт олон ирж байна.

Бид энэ хүсэлтийг хүлээж авч, ойлгож байгаа. Бүх мэдээллийг нэгтгэхэд гуравдугаар сарын 30-ны байдлаар гадаадын 45 бүс нутгаас манай улсын 5600 гаруй иргэн эх орондоо ирэх хүсэлт гаргасан байна. Газар газраас нь очиж авах боломжгүй ч бид хамгийн боломжтой хувилбараар ажиллана. Улсын онцгой комиссын хамгийн сүүлийн хурлаар гадаадаадс ирэх хүмүүсийг нэг нэгээр нь 21 хоног тусгаарлахаар шйидвэрлэсэн учир тусгаарлах байрны нөөцийг бий болгох асуудал тулгарч байна. Иймд гадаадад буй иргэд нөхцөл байдлыг зөвөөр ойлгож, тайван байхыг хүсэж байна.

АНУ-д буй зарим иргэн эх орондоо буцах хүмүүсийн тоо тодорхой тоонд хүрвэл татан авна гэсэн ташаа мэдээлэл гаргаж, бусдыг үймүүлж байна. Тус улсаас 1000 гаруй иргэн ирэх хүсэлтээ гаргасан. Бид нарийвчлан судална" хэмээлээ.