Улсын онцгой комиссын даргын 2021 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 31 дүгээр тушаалаар “Тусгаарлан ажиглах үйл ажиллагааг зохицуулах түр журам”-ын 2.1.2-т коронавируст халдварын батлагдсан тохиолдлын ойрын хавьтлыг өөрийн хүсэлтээр тусгаарлан ажиглах байрны төлбөрийг төлүүлж, 7 хоног тусгаарлахаар заасан. 

Уг заалт нь “Эрүүл мэндийн тухай” хуулийн 24.6.4-т заасан “Нийгмийн эрүүл мэндийн үйл ажиллагаа, арга хэмжээ болон гамшиг, нийтийг хамарсан халдварт өвчний дэгдэлтийн үеийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг төр хариуцна” гэсэн заалттай зөрчилдсөн тул дахин өөрчилжээ.

Улмаар коронавируст халдварын батлагдсан тохиолдлын ойрын хавьтлыг тандалтын багийн санал, эсвэл тухайн хүний хүсэлтийг харгалзан 7 хоног тусгаарлах байранд тусгаарлана гэж өөрчлөхөөр болжээ.

Өөрөөр хэлбэл, коронавируст халдварын батлагдсан тохиолдлын ойрын хавьтал болсон хүн тусгаарлах байранд тусгаарлагдахад ямар нэгэн төлбөр төлөхгүй, зардлыг төр хариуцна.

“Эрүүл мэндийн тухай” хуульд тохируулан энэхүү залруулгыг хийжээ.


Эх сурвалж: УОК-ын Шуурхай штаб