Коронавирусийн халдвартай холбоотой асуудлаар Улсын онцгой комиссын шуурхай штабаас өнөөдөр мэдээлэл хийлээ.

Мэдээллийн үеэр Гадаад харилцааны яамны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг "Сүүлийн гурван удаагийн тусгай нислэгээр 28 улсаас 800 гаруй иргэнээ татан авлаа. Зөвхөн транзит зорчигч авсан хоёр нислэгийг зохион байгуулах ажил маш хүнд байсан. Цар тахлын улмаас улс орнууд хилээ хаасан, зорчих хөдөлгөөнөө зогсоосон энэ цаг үед холбогдох байгууллагууд сэтгэл зүтгэл гарган, бүхий л зохицуулалтыг харилцан уялдаатайгаар хийсний дүнд 28 улсад байсан иргэдээ Сөүл, Франкфурт ирэх боломжийг хангаж, эх оронд нь ирүүлсэн.

Бид тусгай үүргийн онгоцоор зөвхөн өөрийн орны иргэдийг татан авахаас гадна гадаадын иргэдийг эх орондаа буцах боломжийг дээрх нислэгүүдээр хангаж байгаа. Өнгөрсөн гурван удаагийн нислэгээр 24 улсын 132 иргэн эх орондоо буцсан. 

800 иргэнээ татан авсан ч дахин олон иргэн эх орондоо ирэх хүсэлт ирүүлсээр байна. Өнөөдрийн байдлаар 35 улсаас 10.076 хүн эх орондоо буцах хүсэлт гаргасан. 

Бид Улсын онцгой комиссоос өгсөн үүргийн дагуу Турк, Энэтхэг улс руу тусгай үүргийн нислэгийг ойрын хугацаанд хийхээр төлөвлөж байна. Мөн БНСУ-д манай улсын 47.000 орчим иргэн байгаа учир тус улс руу дахин нислэг хийх шаардлага бий. Эдгээрийн зохион байгуулалтын ажлуудыг эхлүүлсэн. 

Огт нислэг үйлдээгүй бүс нутгууд бий, судалгаа хий байгаа. Ялангуяа Зүүн өмнөд азид ирэх хүсэлт гаргасан манай улсын 300 орчим иргэн байна. Тэднийг хэрхэн татах авах талаар мөн судалж байна. Энэ чиглэлийг Турк, Энэтхэгийн тусгай нислэгийн дараа тэргүүн эгнээнд анхаарна.

Зөвхөн тусгай үүргийн нислэгээр биш ОХУ-аас нутаг буцах хүсэлтэй 2000 иргэнийг татан авах ажиллагааг нарийвчлан судалж байна" хэмээлээ