ШИНЭ ДЕЛИ. /Anadolu/. Энэтхэгийн Шинэ Дели хотын үйлдвэрт ням гарагт гал гарсны улмаас 43 хүн амиа алдсан гэж тус улсын цагдаагийн газраас мэдээллээ.


Амиа алдсан хүмүүсийн ихэнх нь барилга дотор унтаж байсан үйлдвэрийн ажилчид байжээ. Ослын газарт ажиллаж байгаа цагдаагийнхны мэдээлснээр, 50 гаруй хүний амийг аварч, гэмтсэн хүмүүсийг “Hindu Rao” болон “RML” эмнэлгүүдэд хүргэсэн бөгөөд заримынх нь биеийн байдал хүнд байгаа тул цаашид амиа алдсан хүний тоо нэмэгдэж болзошгүй байгаа аж.


Гудамжнууд нарийн учир аврах ажиллагаа явуулахад түвэгтэй байсан бөгөөд гал сөнөөгчид болон түргэн тусламжийн багийнхан хүн ам шигүү суурьшсан тус бүсэд нэвтэрч чадаагүй гэж Шинэ Дели хотын гал унтраах ангийн дарга Атул Гарг “Anadolu” агентлагт мэдэгджээ. Албаныхан галын шалтгааныг тогтоохоор ажиллаж байна.

Эх сурвалж: Монцамэ агентлаг