НЬЮ-ЙОРК. /TASS/. АНУ-ын зүүн эрэгт цас орсны улмаас 800 гаруй нислэг цуцлагдлаа гэж CNN телевиз мэдээлжээ.


Тус телевизээр мэдээлснээр, цас орсны улмаас дотоод, гадаадын 6 мянга орчим нислэг хойшлогджээ. Цаг агаарын таагүй байдлын улмаас Америкийн агаарын тээврийн “Delta Air Lines” компанийн нисэх онгоцуудын нэг Нью-Йорк муж улсын Баффало хотын олон улсын нисэх онгоцны буудлын хөөрч, буух зурвасаас гарч унасан байна. Цаг уурчдын мэдээлснээр, цас даваа гараг хүртэл үргэлжлэн орох төлөвтэй байгаа аж.


Өнгөрөгч бямба гарагт Өмнөд Дакота муж улсад жижиг нисэх онгоц осолдсоны улмаас есөн хүн амиа алдсан байна. Уг нисэх онгоц Чемберлен хотын нисэх онгоцны буудлаас Айдахо муж улсын Айдахо-Фоллз хот руу нисэхээр хөөрөөд удалгүй осолдсон бөгөөд осол гарахад мөн цаг агаарын таагүй байдал нөлөөлсөн байж магадгүй байна.


Эх сурвалж: Монцамэ агентлаг