БНХАУ-ын дарга Ши Жиньпин болон Их Британийн Ерөнхий сайд Тереза Мэй нар худалдаа, хөрөнгө оруулалт болоод бусад салбарт хоёр талын харилцаа, хамтын ажиллагаагаа бэхжүүлэхийн зэрэгцээ Бээжингийн “Бүс ба Зам” санаачилгын хүрээнд хамтран ажиллахаар тохиролцсон тухай “Синьхуа” агентлаг мэдээллээ.

Ши Жиньпин өчигдөр Бээжин хотноо Тереза Мэй-г хүлээн авч уулзах үеэрээ “Эдийн засгийн томоохон бүсийг бий болгох зорилго бүхий “Бүс ба Зам” бол нээлттэй, ил тод бөгөөд харилцан ашигтай санаачилга юм. Энэхүү санаачилгын хүрээнд манай хоёр улс өндөр түвшинд хамтран ажиллах хэрэгтэй” гэжээ.

Харин хатагтай Т.Мэй хэлэхдээ “Энэ санаачилга дэлхий дахинд хүрч нөлөөлж байна. Манай хоёр улс энэ санаачилгын хүрээнд хамтран ажиллах боломжтой” гэсэн байна.

Хоёр талын харилцааны “Алтан эрин үе”-ийг хүлээн авч, өргөн цар хүрээг хамарсан салбарт хамтын ажиллагаагаа бэхжүүлэхээр хоёр улсын удирдагчид мөн тохиролцсон гэнэ.

Т.Мэй-г дагалдан яваа Их Британийн компаниудын албаны хүмүүс Хятадын талтай 12 тэрбум ам.долларын өртөг бүхий гэрээ хэлэлцээрүүдэд гарын үсэг зурах аж.

2016 онд Их Британийн Ерөнхий сайд болсон Т.Мэй нь энэ долоо хоногийн лхагва гарагт Хятад улсад гурван өдрийн албан ёсны айлчлалаар хүрэлцэн очсон юм.




Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг