Монголд бизнесийн соёл одоо л хөгжиж эхэлж байгаа гэж боддог, үүнд нэтворкинг бас орно. Монгол маягийн нэтворкингийг бид өөрснөө бодож олж, дэлгэрүүлж хэвшүүлвэл зүгээр гэж боддог.

Нэтворкинг гэдэг бол “network” буюу “сүлжээ” гэдэг англи үгнээс гаралтай бөгөөд гадаад хэлнээс монгол хэлэнд орж ирсэн хэллэгүүдийн нэг болж хэвшиж байна. Оксфордын тайлбар толинд networking гэдэг ухагдахууныг “мэдээлэл солилцож, мэргэжлийн болон нийгмийн хүрээллээ тэлэхийн тулд бусадтай харилцах үйлдэл, үйл явцыг хэлнэ” гэжээ (миний албан бус орч.). Нэтворкингийн ухагдахуунд зөвхөн танихгүй хүмүүстэй танилцах бус, ажлын шугамаар таньдаг хүмүүстэйгээ харилцаагаа бэхжүүлж, нэг нэгэндээ ажил мэргэжлийн хувьд харилцан туслах зэрэг орно.

Монголд бизнесийн орчинд нэтворкинг хийж чадахгүй эсвэл хүсэхгүй хүмүүс олон юм билээ, би өөрөө ч анх учраа олохгүй байж байгаад одоо туршлагажаад явж байна. Гадаад дотоодод хурал, хүлээн авалтад оролцохдоо анх би таньдаг хүмүүстэйгээ ярилцсаар байгаад, эсвэл ганцаараа зогссоор байгаад шинэ хүмүүстэй танилцаж ажил хэргийн яриа өрнүүлэх алтан боломжоо алддаг. Олон монголчууд мөн ийм алдаа гаргаж байгааг ажиглаж байлаа. Гэтэл ажлын өрөөнөөс гадуур хийсэн яриа илүү чөлөөтэй болж, хүнтэй илүү “зузаарах” боломж нь өндөр байдаг юм билээ. 

Даанч бид ямар нэг танихгүй хүнтэй барууныхан шиг “Сайн байна уу, намайг ... гэдэг” гээд шууд хэлдэггүй болохоор учраа олдоггүй байж магадгүй. Мөн бид таньдаг хүнтэйгээ ч харилцаагаа услахгүй байсаар байгаад “гэнэт хэрэг болохоор” холбогдож гуйлт гуйх бол элбэг. Хааяа “гэнэт хэрэг болохоор” холбогдохоос санаа зовоод бүр холбогдох ч үгүй байсаар байгаад сүүл рүүгээ бүр танил байхаа больдог ч тал бий.

Тэгэхээр хэрхэн нэтворкинг хийх вэ?

Эхний ээлжинд танихгүй хүмүүстэй танилцах тухай . Ямар нэг арга хэмжээнд очиж байгаа бол юуны өмнө ямар хүмүүс үг хэлэх, илтгэл тавих, оролцох гэж байгааг судлавал зүгээр. Ажилд чинь хэрэгтэй хүн байвал танилцахаар төлөвлөөд, болж өгвөл тэр хүнээ товч судлавал зүгээр, ганц гүүглдээд үзэхэд мэдээлэл нь гарч ирдэг болсон хорвоо.

Хуралд очоод үг хэлсэн, илтгэл тавьсан хүмүүстэй хэчнээн ярихыг хүсч байсан ч бид яриа өдөхөөс эмээж “цэвэр ичимтгий монгол зангаа” хэрэггүй үед гаргадаг. Тэгэх ер шаардлага байхгүй, эсрэгээрээ үг хэлсэн эсвэл илтгэл тавьсан ихэнх хүмүүс өөрийнх нь яриаг анхааралтай сонсож, асуулт асуухаар ирж байгаа хүмүүстэй танилцаж ярилцахдаа дуртай байдаг болохоор харин ч амархан. Ярьсан сэдвээр нь лавшруулж асуух, ярьсан зүйлстэй нь санал нийлсэн нийлээгүйгээ хэлж болно. Харин үг хэлээгүй, илтгэл тавиагүй хүмүүстэй танилцахдаа “сонирхолтой яриа болж байна шүү тийм ээ”, “энэ хүний ярьсныг ойлгосон уу, би ... хэсгийг ойлгосонгүй”, “цагтаа дуусахгүй болохоор өлсчихлөө”, “аль байгууллагаас явж байгаа вэ” гэх зэргээр хөнгөхнөөр яриа эхлүүлэхэд тохиромжтой санагдсан.

Яриагаа амжилттай эхлүүлсэний дараа ажил төрлөө шууд ярьж, нэг нэгэндээ хэрхэн “хэрэг болж” болох талаар нээлттэй ярихаас санаа зовох хэрэггүй гэж бодогдсон. Ажил хэргээ явуулцгаах гэж л ирсэн болохоор хэн нэгнийг “ашиглах” гэж байгаа сэтгэгдэл төрүүлэхээс айхаасаа илүү өөрөө бас хэрхэн тус болж чадахаа хэлбэл тийм сэтгэгдэл төрөхгүй гэж бодож байна. 

Хэн нэгэнтэй ярьж байгаа бол анхаарлаа тэр хүндээ бүрэн төвлөрүүлээрэй, учир нь өөртэй чинь ярьж байгаа хүний нүд нь тогтохгүй эргэн тойронд өөрөөс чинь “илүү хэрэгтэй” хүн байгаа эсэхийг сканнердаад байвал ямар санагдах вэ?

Нэрийн хуудас. Япончууд танилцах үедээ, нэрийн хуудсаа уншдаг талаар нь нөгөө хүн рүүгээ харуулж хоёр гараараа тогтсон градус бөхөлзөн өгөх дэг жаягтай байдаг. Бид заавал танилцахынхаа эхэнд өгч, бөхөлзөх шаардлага байхгүй боловч нэрийн хуудсаа унших талаар нь харуулж хоёр гараараа өгөх нь монголчуудад тохиромжтой санагддаг.

Төгсгөл чухал. Зарим хүн нэг ярьж эхлэхээрээ зогсохгүй, нөгөө хүнийхээ нэтворкинг хийх боломжийг хааж орхидог тал байдаг, үүнийгээ үтэр түргэн болих хэрэгтэй. Мэдээж хоёулаа удаан ярих сонирхолтой байж болно л доо, гэхдээ цаад хүнээ “танд өөр хүмүүстэй ярих боломж олгоё”, “өөр уулзах ёстой хүмүүс байсан уу, хоёулаа яриагаа үргэлжлүүлбэл зүгээр үү?” гэх зэргээр асуувал боловсон байх бол уу. Тэгээд “сайхан танилцлаа”, “хэрэг болбол яриарай”, эсвэл өмнө нь ярьсан хошин зүйл байвал түүнийгээ давтаж инээлдэж салж болох юм.

Танилцсан хүнтэйгээ ямар нэг зүйл тохирсон бол эргэж холбогдож тохирсоноо хэрэгжүүлэх хэрэгтэй. Эсвэл тэр хүнтэй ярьсан яриа сонирхолтой санагдсан бол товч имэйл бичиж талархлаа илэрхийлж, яриагаа үргэлжлүүлэх сонирхолтой бол кофе ууж ярилцъя гэж урьж ч болно.

Танил хүнтэйгээ нэтворкинг хийж болох талаар бодлуудаа дараачийн бичвэртээ оруулна.