Хөл хорионд компьютертайгаа зургаан сар "ярилцсны" эцэст цахим хичээл дуусаж зуны амралт эхэллээ. Зун цаг үнэндээ “Энэ хичээлийн даалгавар хэзээ явуулах билээ?”, Бие даалтаа хийсэн үү?, “Эсээ бичих билүү?” гээд л ямар нэг зүйлд яарч сандрахгүй, санаа зовнилоос багахан ч гэсэн хөндийрч болох үе. Өөрөөр хэлбэл цагийг тайвнаар өнгөрөөх боломжтой богинохон хугацаа. Энэ хугацаанд шинийг сурч мэдэх, ахиж дэвших, амрах зугаалах гэж ярихаас гадна, хэдхэн өдрийг ч болтугай өөр рүүгээ өнгийж, эргэн тойрноо ажиглаж, анхаарал тавьж өнгөрөөхийг зөвлөе.

Жишээлбэл та дараах зүйлсийг хийх боломжтой. Эдгээрийг хийхэд тийм ч их цаг, зав шаардахгүй.

Гэр бүл, найз нөхөдөө халамжлах

Гэр бүлийнхэнтэйгээ цагийг илүү удаан өнгөрөөх боломж зун бүр ч ихэсдэг. Ахтайгаа хамт явган аялах эсвэл эгчтэйгээ хамт охидын үдэшлэг хийж ч болох юм. Гэр бүлээрээ  оройн хоол  хийж, идэх гэх зэргээр  цаг зав гаргаарай. Нэмж зөвлөхөд нэг оройг зарцуулаад хамтдаа зургийн цомгоо үзээрэй. Ингэхдээ аав ээжийнхээ яриа сонсож, багын дурсамжаа хуваалцах нь жижиг мэт боловч тэдэнд хамгийн сайхан байх болно.

Шинэ хүмүүстэй танилцах амархан боловч харилцаагаа удаан хадгалах нь чухал. Тиймээс боломж олдсон дээр нь хуучны найзуудтайгаа уулзаж ярилцан, тэдэнд бүрэн анхаарлаа хандуулах чөлөөт цаг гаргахыг эрмэлзээрэй. Хийхийг хүссэн сонирхолтой зүйлсээ хамгийн итгэлтэй найзуудтайгаа туршиж,олон шинэ дурсамжийг бүтээх


Шинэ газар хайж, олох

Жилд нэг удаа  шинэ газар очиж үзэх хэрэгтэй гэж ярьдаг. Гэхдээ энэ ньзөвхөн гадаад орон эсвэл ямар нэг уул байх шаардлагагүй гэж бодож байна. Заримдаа бид дэргэдээ байгаа зүйлсээ ч анзаардаггүй үе ч бий. Тиймээс төрж өссөн орон нутаг, аймаг, хот дотроо очиж үзээгүй газар байхыг үгүйсгэхгүй. Томоор төсөөлөх хэрэггүй, шинэ кафе, сонирхолтой хөшөө дурсгал, цэцэрлэгт хүрээлэнг байж ч болох юм. 

Цэгцлэх

Дэвтэр ном, бичиг хэргийн шүүгээнд ч, хувцасны шүүгээнд ч хэрэглэхээ больсон хэрнээ хаяж чадахгүй зүйлс байдаг. Ахиж ашиглах эсэх нь ч эргэлзээтэй хичээлийн тэмдэглэл, бичгийн ажлын ноорог гэх мэт зүйлсийг цэгцлэнгээ өнгөрснийг дурсаарай. Ингэхдээ тухайн зүйлээ анх хэрхэн худалдаж авсан, яаж ашиглаж байснаа сэргээж бодохыг хичээгээрэй.  "Шинэ зүйл гэж байдаггүй, сайтар мартагсан хуучин зүйл байдаг" гэж үг бий. Магадгүй таныг сайхан дурсамж руу хөтлөхийн зэрэгцээ шинэ санаа өгч болох шүү дээ. 

Хатгамал оёх 

Инээдтэй сонсогдож болох ч хатгамал оёх үед анхаарал төвлөрч бодол цэгцрэхэд тустай байдаг гэнэ. Хүн бүхэн уран нарийн хийцтэй гайхалтай бүтээл урлаж чадахгүй ч оролдоод үзэхэд бүтэхгүй зүйл биш юм. Та YouTube дээр олон тооны DIY видеог олж болно. Та зүгээр л эхлэх хэрэгтэй!