ЮНЕСКО-гийн “Дэлхийн дурсамж” хөтөлбөрийн Ази, Номхон далайн бүсийн хорооны 10 дугаар чуулган энэ сарын 6-10-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагджээ. 

Чуулганаар гишүүн орнуудаас 2023-2024 онд нэр дэвшүүлсэн баримтат өвүүдийг танилцуулж, санал хураасны үндсэн дээр нийт 20 баримтат өв Ази, Номхон далайн бүсийн жагсаалтад шинээр бүртгэгдэхээр шийдвэрлэсэн байна. Ийнхүү Ази, Номхон далайн бүсийн орны жагсаалт нийт 85 өвийн бүртгэлтэй болж байна.

Манай улсаас тус жагсаалтад өмнө нь 2010 онд Лу Алтан Товч, 2014 онд Сахиусан дара эх, 2016 онд Мэргэд гарахын орон судрын модон бар бүртгүүлээд байжээ.

 Харин энэ жил “Халхын долоон хошуу, дөрвөн аймгийн ноёдын гэрийн үеийн бичмэл” болон Монгол Улсын анхны марк “Элдэв-Очир” гэсэн өвүүдийг нэмж бүртгүүлснээр ЮНЕСКО-гийн “Дэлхийн дурсамж” хөтөлбөрийн Ази, Номхон далайн бүсийн жагсаалтад манай улсын нийт 5 баримтат өв бүртгэлтэй болжээ.