Буяндэлгэрийн Мөнхчимэг
09 сарын 18, 2023
ЮНЕСКО-ийн Дэлхийн өвийн хорооны 45 дугаар чуулганаар “Буган чулуун хөшөө, хүрлийн үеийн холбогдох дурсгалууд” өвийн газрыг Дэлхийн өвийн жагсаалтад бүртгэлээ.
Монгол Улс 2018 онд “Буган хөшөө бүхий хүрлийн соёлын цогцолбор дурсгалууд” өвийг Дэлхийн өвийн жагсаалтад бүртгүүлэхээр номинацийг бэлтгэн, өргөн барьсан билээ.
Дэлхийн өвд бүртгүүлэхийн тулд тухайн соёлын болон байгалийн өв нь дэлхий нийтийн хосгүй гайхамшигт үнэ цэнтэй байх ёстой. Үүний тодруулахын тулд тавигдсан 10 шалгуураас нэг ба түүнээс илүүг хангах зайлшгүй шаардлагатай байдаг аж.
Буган чулуун хөшөөг хүрлийн цаг үеийн Төв Азийн нүүдэлчдийн бүтээсэн соёлын орон зайг танин мэдэх, нүүдэлчдийн угсаа гарвал, нийгэм, аж ахуй, соёл, овог аймаг хоорондын харилцаа холбоо зэрэг олон талт ой санамжийг бүрдүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг түүх, соёл, урлаг, гоо зүй, танин мэдэхүйн асар их мэдээллийг агуулсан, нандин, дахин давтагдашгүй, хосгүй үнэт өв хэмээн үзжээ.
ЮНЕСКО-ийн Дэлхийн байгалийн болон соёлын өвийг хамгаалах тухай конвенц нь байгалийн болон соёлын өвийг хамгаалж, таниулан сурталчлах, хойч үедээ үлдээх зорилгоор 1972 онд батлагдсан. 2023 оны байдлаар тус конвенцод 192 улс нэгдэн орсон бөгөөд 167 улсын нийт 1157 байгалийн болон соёлын өвийг Дэлхийн өвийн жагсаалтад бүртгүүлсний дотор 900 нь соёл, 218 нь байгалийн, 39 нь хосолмол өв байна.
Дашрамд дурдахад, манай улс тус конвенцод 1990 онд нэгдэн орсноосоо хойш Дэлхийн өвийн жагсаалтад Увс нуурын ай сав газар (2003), Дагуурын ландшафт (2017), Орхоны хөндийн соёлын дурсгалт газар (2004), Монгол Алтайн нурууны хадны зургийн цогцолбор (2011), Бурхан Халдун уул, түүнийг хүрээлсэн тахилгат газар нутаг (2015) зэрэг 5 өвийн газрыг бүртгүүлээд байсан бол Буган чулуун хөшөө, хүрлийн үеийн холбогдох дурсгалууд өвийн газрыг ийнхүү бүртгүүлснээр нийт 6 байгаль, соёлын өвийг бүртгүүлээд байна.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.