Олон соёлын огтлолцол Малайз: Монголчуудад нээх шинэ аяллын гарц

Хүдэрчулууны Хулан
02 сарын 02, 2026


Ногоон замаас гэрэлт цамхаг руу… 


Малайз Улсын өмнөд хэсэгт орших Жохор Бару хотод бид нийт 12 хоногийн турш ажил, амралтыг хослуулан амьдарсан юм. Халуун орны энэ хотод өнгөрүүлсэн өдрүүд маань жинхэнэ утгаараа амралтын уур амьсгалтай, тайван ч гэлээ энэ дунд бидэнд нийслэл Куала Лумпур хотыг зорих ажлын уулзалт байсан нь аяллыг маань өнгийг улам тодрууллаа.

Жохор Бару хотоос Куала Лумпур хүртэлх замыг бид автобусаар туулж хүрэв. Ойролцоогоор 4 цаг үргэлжилсэн энэ аялал замын туршид нүд, сэтгэл баясгахуйц битүү ногоон ойгоор үргэлжилнэ. Ялангуяа замын хоёр талаар тасралтгүй шахам үргэлжлэх кокосын модон ой.

Кокосын мод бол Малайзын зах зээлд зүгээр нэг жимс биш. Хүнс, ундаа, гоо сайхан, уламжлалт анагаах ухаан, гар урлал, барилгын материал гээд бараг бүх салбартаа ашигладаг, эдийн засгийн чухал бүтээгдэхүүн юм. “Амьдралын мод” хэмээн нэрлэдэг нь ийм учиртай. Замын турш үргэлжлэх кокосын ойг харахдаа малайзын байгаль, эдийн засаг хоёр хэрхэн салшгүй холбоотойг илүү тод мэдэрч байлаа.

Автобус маань замдаа нэг удаа зогсож, зорчигчдод бие засах, амсхийх боломж олгосон. Харин автобусны хувьд хөл амраагчтай, ачаа тээш хадгалах тусдаа хэсэгтэй, цэвэрхэн, тухтай байдал нь холын замд ядаргааг мэдрүүлэхгүй байхад ихээхэн дэм болох аж.


Petronas ба хотын зүрхэнд амьдрах мэдрэмж

Ийнхүү дөрвөн цагийн дараа бид Куала Лумпур хотод ирж, дэлхийд алдартай Petronas ихэр цамхгийн яг дэргэдэх зочид буудалд байрлав. Энэ бүсийн зочид буудлуудын үнэ Малайзын бусад хоттой харьцуулахад харьцангуй өндөр. Гэсэн ч үүний цаана хотын хамгийн төв, хамгийн идэвхтэй, хамгийн “амьд” бүсэд байрлах давуу тал бий.


Petronas ихэр цамхагийн дотор болон эргэн тойронд олон улсын томоохон брэндийн дэлгүүрүүд, үзвэр үйлчилгээний газрууд, ресторан, кафе, супермаркетууд байрладаг бөгөөд өдрийн аль ч цагт хүний хөдөлгөөн тасардаггүй. Өдөр нь сүр жавхлантай харагддаг хоёр барилга оройн 20:00 цагаас шөнийн 00:00 цаг хүртэл гэрлээ асаахад хотын өнгө төрхийг бүхэлд нь өөрчилчих шиг болдог. Харанхуйд гэрэлтэх хоёр цамхаг үнэхээр үзэсгэлэн төгөлдөр, сэтгэл татам.

Эргэн тойрны зочид буудал, ресторан, оффисууд ч энэ хоёр барилгын сүр жавхланг “ар талын тайз” мэт ашиглаж, архитектурын шийдлээ түүнтэй уялдуулан барьсан нь анзаарагдана.

Бидний байрласан зочид буудлын өрөөнөөс ихэр цамхаг харагдахгүй байсан ч 32 давхрын усан бассейнаас харах боломж зочид буудалд байрлаж буй бүх хүнд нээлттэй байв. Хүмүүс тэнд усанд сэлэнгээ гэрэлт цамхагийг харж, бас дурсгалын зураг авахуулцгаана.  

Petronas цамхагийн эргэн тойронд орой болоход зурагчид гарч ирнэ. Цамхагийн гэрэл асахтай зэрэгцэн тэд хүмүүст зураг дарах үйлчилгээгээ санал болгоно. 10 ринггит буюу монгол мөнгөөр ойролцоогоор 8,700 төгрөгөөр тэд үнэхээр чанартай зураг авч өгдөг. Гар утсанд залгадаг жижиг оврын гэрлийг маш овжин ашиглаж, гэрэл сүүдрийг яг л тохируулна.

“Like this bebe” хэмээн поз зааж, үйлчлүүлэгчээ инээлгэнэ. Тухайн үедээ хөгжилтэй, инээдэмтэй санагдах ч эцэст нь гар дээрээ авсан зургаа хараад сэтгэл дундуур үлдэх хүн бараг үгүй аж. Тэдний туршлага, харилцаа, нарийн мэдрэмж энэ жижиг үйлчилгээний цаана ямар чухал болохыг харуулна.




 Дахин уулзахыг уриалсан их хот

Куала Лумпурт очсон өдрийн маань нэг адал явдал зочид буудлын үүдэнд эхэллээ. Бид таксигаар зочид буудалдаа хүргүүлээд буухдаа камер, зарим техник хэрэгслээ таксинд мартаж орхисноо удалгүй анзаарлаа. Аяллын тэмдэглэл, ажлын хэрэгсэл болсон эд зүйлсээ алдлаа гэх бодол тэрхэн зуур сандрал дагуулсан нь мэдээж.

Гэвч Куала Лумпурт такси үйлчилгээ үзүүлдэг, манай UB Cab-тай төстэй Grab хэмээх аппликэйшн яг энэ мөчид аврал болж таарав. Апп-аараа дамжуулан удирдлагын төвтэй холбогдоход таксины жолооч маань бидний эд зүйлийг аль хэдийн төв дээрээ хүлээлгэн өгсөн байлаа. Тун удалгүй бид камераа, техник хэрэгслээ бүрэн бүтэн хүлээн авч, малайз хүмүүсийн үйлчилгээний соёл,  ёс зүйд үнэхээр сэтгэл хангалуун үлдсэн юм. Итгэл гэдэг аяллын хамгийн үнэтэй дурсамжийн нэг байдгийг тэр мөч дахин сануулсан.

Өнөөдрийн Куала Лумпур хотод 8 сая орчим хүн оршин суудаг гэж тооцдог. Хотын амьдралын хэмнэл үүгээр зогсохгүй, жил бүр дэлхийн өнцөг булан бүрээс сая сая жуулчин хүлээн авдгаараа Зүүн Өмнөд Азийн аялал жуулчлалын томоохон төвийн нэгт зүй ёсоор орно. Австрали, Хятад, Энэтхэг, Япон, Солонгосоос гадна Европын орнуудаас ч жуулчид тасралтгүй ирдэг нь хотын гудамжинд алхахад л анзаарагдана.

Куала Лумпурын эдийн засгийн гол тулгуур нь санхүү, банк, худалдаа, технологи, аялал жуулчлал. Орчин үеийн шилэн барилгуудын дунд уламжлалт зах, жижиг дэлгүүр, гудамжны худалдаа зэрэгцэн оршиж, хотыг улам амьд, олон өнгөтэй харагдуулна.

Жуулчдын хувьд энд үзэж сонирхох зүйлс дуусахгүй. Petronas ихэр цамхагаас гадна Batu агуй, KL Tower, үндэсний музей, урлагийн галерей, ногоон цэцэрлэгт хүрээлэнгүүд хотын дотор талд багтана. Харин хотыг жинхэнэ утгаар нь “таньж мэдэх” хамгийн амархан арга бол гудамжны хоол.

Куала Лумпурын гудамжны хоол олон үндэстний соёлын нийлбэр. Малай, Хятад, Энэтхэг амтыг нэг дороос мэдрэх боломжтой. Наси лемак, сатай, роти чанаи, лакса зэрэг хоолнуудыг 5–15 ринггит буюу монгол мөнгөөр 4–13 мянган төгрөгийн хооронд амтална. Хямд атлаа амт, чанарын хувьд рестораныхтай эн зэрэгцэх нь аялал жуулчлалын бас нэг давуу тал.



Энэ хотод олон шашин зэрэгцэн оршдог ч хэн хэндээ хүндэтгэлтэй ханддаг нь анзаарагдана. Лалын сүм, Буддын хийд, Хиндү сүм, Христийн сүмүүд нэг бүсэд зэрэгцэн байрласан байх нь ч элбэг. Мөргөлийн цаг болоход хотын уур амьсгал хэсэгхэн зуур өөрчлөгдөнө. Сүмээс эгшиглэх залбирал, мөргөлчдийн намуухан хөдөлгөөн нь их хотын шуугиан дунд тайвшрал авчирч, энэ олон соёл хэрхэн эв найртай оршиж буйг илтгэнэ.


Малайз бол Азийн олон үндэстэн, олон соёл холилдон оршдог улс. Үүнийг төр, засгийн бодлогоороо ч дэмждэг. “Нэг Ази” үзэл баримтлал нь энэхүү ялгаатай байдлыг нэгэн бүхэл болгож, харилцан хүндэтгэлийн үндсэн дээр хөгжүүлэх зорилготой.

Энэ ч утгаараа 2026 оныг Малайзын Аялал жуулчлалын яамнаас “Visit Malaysia” жил болгон зарлаж, дэлхий дахинд, тэр дундаа монголчуудад өөрийн орны түүх, соёл, аялал жуулчлалын боломжийг танилцуулах сонирхлоо илэрхийлж байна. Цаашид Монгол–Малайзын хооронд шууд нислэгтэй болох асуудлыг ч хоёр талын төлөөллүүд нухацтай судалж буй нь аялал жуулчлалын салбарт томоохон боломж нээх нь дамжиггүй.

Малайзаас Зүүн Өмнөд Азийн олон улс руу хямд зардлаар нисэх, мөн усан онгоцоор аялж болох давуу тал бий. Үүнээс гадна Малайз улс өөрөө Лангкави, Пенанг, Борнео арал зэрэг дэлхийд алдартай аялал жуулчлалын бүсүүд, үзэсгэлэнт байгаль, далайн эрэг, түүхэн суурингуудтай.

Малайзын аялал жуулчлалын бүс, үзэсгэлэнт Лангкави арал


Сүүлийн жилүүдэд Малайз улс жуулчдынхаа тоогоор Тайландыг ч ардаа орхисон тухай судалгаанууд гарч эхэлсэн нь тэдний аялал жуулчлалд баримталж буй бодлого, үйлчилгээний чанар ямар түвшинд хүрснийг илтгэнэ.

Ийнхүү Куала Лумпурт өнгөрүүлсэн ажил, амралт хосолсон хоёрхон өдөр дуусаж, бид буцаад Жохор Бару хот руугаа хөдөллөө. Буцахдаа бид онгоцоор ниссэн бөгөөд ойролцоогоор 40 минут л үргэлжилсэн нь газар нутгийн хувьд хэр ойрхон атлаа сэтгэгдлийн хувьд хэр ихийг багтаадаг хот вэ гэдгийг сануулна.

Куала Лумпур бидний ард үлдэхдээ, “Буцаад ирээрэй, танд хараахан амжиж дэлгэж үзүүлээгүй гайхамшиг, сонин содон зүйлс их бий шүү” хэмээн даллан дуудсаар хоцрох мэт санагдана. Их хотын хэмнэлд хоёрхон хоног хэтэрхий богино аж. Амар тайван Жохор Баругаас ирсэн бидэнд Куала Лумпурт өнгөрүүлсэн цаг харвасан сум шиг өнгөрчээ.

Баяртай, Куала.
 Дахиад заавал уулзацгаая.

Өмнөх нийтлэлийг уншихыг хүсвэл ЭНД дарна уу.





Сэтгэгдэл бичих (6)

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.