Саруулын Ариунжаргал
02 сарын 03, 2022
Дэлхийн 53 улсад хүүхэд зодохыг хуулиар хориглосон гэдгийг та мэдэх үү?
Энэ асуудлаар Нэгдсэн Үндэсний Байгууллага (93 гишүүн оронтой) хамгийн их санаачилга гаргаж ажилладаг бөгөөд НҮБ-ын хүүхдийн эрхийн талаар олон улсын конвенцээр “Бие махбодийн шийтгэл нь хүний эрхийг зөрчиж буй хэрэг” гэдгийг тогтоосон байдаг.
Өнөөдрийн байдлаар НҮБ-ын гишүүн 53 улсад бие махбодийн шийтгэлийн ихэнх хэлбэрийг хуулиар хориглож, 56 улсад бүрмөсөн хоригложээ. Ингээд бие махбодийн шийтгэлтэй холбоотой сүүлийн үед хийгдсэн шинжлэх ухааны судалгаануудын талаар сонирхъё.
Хүүхдэд маш муу нөлөөтэй
Journal of Family Psychology эрдэм шинжилгээний сэтгүүлд нийтлэгдсэн өгүүлэлд “Бие махбодийн шийтгэлийн үзүүлэх сэтгэл зүйн нөлөөллийг хүчирхийллийн нөлөөлөлтэй харьцуулж болох уу?” гэсэн асуудлыг дэвшүүлэн судалгаа хийсэн байна. Энэ асуултыг хариултыг олохын тулд судлаачид 160 000 гаруй хүүхдүүдийг оролцуулсан 100 гаруй судалгааг явуулжээ. Хүчирхийллийн 17 тохиолдлын 13-т нь бие махбодийн шийтгэл байсан гэсэн дүн гарсан байна.
Остин дахь Техассын Их сургуулийн профессор Элизабет Жершофф:
“Эцэг эхчүүд хүүхдээ хүмүүжүүлэхийн тулд бие махбодиор шийтгэх аргыг сонгодог боловч энэ нь хүүхдэд хүмүүжүүлэх нөлөө үзүүлэхгүй харин эрүүл мэнд болон сэтгэл зүйн хувьд маш муугаар нөлөөлдөг” хэмээн мэдэгджээ. Өөрөөр хэлбэл хэрэв та хүүхдээ зодох юм бол хүүхэд тань дуулгавартай болохгүй харин ирээдүйд сэтгэл зүйн хувьд өөрчлөлттэй, биеэ авч явах байдал болон орчин тойрноо хүлээн авах тал дээр асуудалтай болох магадлалтай юм.
Шийтгэл бол гарц биш
Йелийн Их сургуулийн сэтгэл судлалын профессор Алан Каздин хэлэхдээ шийтгэл хүүхдийг эцэг эхийнхээ үгэнд ордог, дуулгавартай болгохгүй: “Бие махбодийн шийтгэл тэр дундаа зодуур бол хоромхон зуурын нөлөөтэй. Учир нь хүүхэд зодуулахаас айна. Харин хэсэг хугацааны дараа айдас нь байхгүй болдог”.
Профессор Каздины үзэж буйгаар хүүхдийн оюун ухаанд шийтгэл, сайшаал гэсэн механизм суугаагүй байдаг. Үүний улмаас тэр шийтгүүлснийхээ дараа биеэ авч явах байдлаа өөрчлөх ёстой гэдгээ бүрэн ойлгодоггүй. 2011 онд Child Abuse and Neglect эрдэм шинжилгээний сэтгүүлд нэгэн судалгааны үр дүн хэвлэгджээ. Уг судалгаанд бие махбодийн шийтгэл нь дараагийн хэдэн үе удам дамжин гэр бүлийн хүчирхийлэл үүсэх шалтгаан болдог гэдгийг баталсан байна. Өөрөөр хэлбэл эцэг, эхчүүд өөрсдийн мэдэлгүйгээр хүчирхийллийн дуусашгүй тойргийг эхлүүлж байдаг аж.
Судлаачид ойролцоогоор 100 гаруй гэр бүлийн эцэг эх, 3-7 настай хүүхдүүдээс судалгаа авчээ. Судалгааны дүнд бие махбодиор шийтгүүлдэг хүүхдүүд өөрсдөд нь тохиолдсон аливаа асуудлыг хүчирхийллийн хэлбэрээр шийдэх хандлагатай болсон байж.
Эрдэмтдийн хэлж буйгаар бие махбодийн шийтгэлийн нөлөөлөл эхэндээ илт илэрдэггүй.
“Хүүхэд зодуулсныхаа дараа дэлгүүр дээрэмдэхээр явахгүй. Гэхдээ ирээдүйд энэ нь түүний сэтгэл санаа, оюун ухаанд нөлөөлсөн байх болно”.
Өөр өнцгөөс харахад
Оклахомагийн Их сургуулийн профессор Роберт Ларзелер дээрх судалгаануудын үр дүнтэй санал нийлэхгүй байна: “Эдгээр судалгаанууд бие махбодийн шийтгэлийн янз бүрийн төрлийг ялгаж хийгээгүй байна. Бие махбодийн шийтгэлийг хүмүүжлийн гол арга барил болгосон үед л сөрөг нөлөөтэй”.
Р.Ларзелер бол бусад олон аав, ээжүүдийн адил хүүхдэд бие махбодийн шийтгэлийг зохих хэмжээнд амсуулж байх хэрэгтэй гэж боддог хүн. Ялангуяа дуртай зүйлийг нь хураах, гадаа тоглох цагийг нь хязгаарлах гэх мэт хүмүүжлийн бусад аргатай хослуулан хэрэглэж буй үед асуудал үүсэхгүй гэжээ. Хүүхдийн хүмүүжлийн асуудал дээр санал нэгдэх маш хэцүү. АНУ-д 3 гэр бүл тутмын 2 нь бие махбодийн шийтгэлийг хүмүүжлийн зорилгоор ашиглаж байна.
Бие махбодийн шийтгэлийг эсэргүүцэгч болон дэмжигч талууд аль аль нь энэ төрлийн шийтгэлийг хүмүүжлийн үндсэн арга барил болох ёсгүй гэдэг дээр санал нийлжээ.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.