Д.Оюундэлгэр: Хүүхдээ өндөр болгоё л гэвэл эхлээд хоолонд нь анхаар

НЭМҮТ-ийн Хоол судлал, хүнсний аюулгүй байдлын албаны эрдэм шинжилгээний ажилтан Д.Оюундэлгэртэй бага насны хүүхдүүдийн хооллолтын талаар ярилцлаа. Тэрбээр хүүхдээ эрүүл чийрэг хүн болгож өсгөе л гэвэл хоол хүнсэнд нь анхаарах хандуулах ёстойг эцэг эхчүүдэд аминчлан зөвлөж байна. 

Хүүхдийг 5 нас хүртэл нь өсөлтийн хоцрогдолгүй өсгөчихвөл цаашид хангалттай өндөр болдог

Сүүлийн үед хүүхдүүдийн дунд өндөр болж  байна гэж ярьдаг. Үнэндээ монгол хүүхдүүдийн дундаж өндөр Ази тивд намхан  талдаа орно. Хүүхдийн өсөлтөд амин дэмийн дутагдал, нойр, удамшил гэр бүлийн стресс хүртэл нөлөөлдөг.

Өсөлт хөгжлийн хоцрогдол гэдгийг манайхан төдийлөн мэддэггүй. Хамгийн энгийнээр танай хүүхэд үеийнхээ хүүхдүүдтэй харьцуулахад харьцангуй намхан байвал өсөлтийн хоцрогдолтой байна гэсэн үг. 

Өсөлтийн хоцрогдолтой хүүхдүүдийг эцэг эхчүүд  “Аав нь намхан шүү дээ, өвөө нь ч намхан. Удмаа дагажээ. Яваандаа өснө дөө” гээд тоодоггүй. Гэтэл өндөр эсэх нь ганцхан удмаас хамаардаггүй. Аав ээж нь намхан ч өндөр хүүхдүүд зөндөө л байна. Үүний цаад шалтгаан нь ерөөсөө л тухайн хүүхдэд амин дэм, эрдэс дутагдалтай байгаагийн илрэл юм. Тодорхой хэмжээний уураг, тэжээллэг хоолоор л хооллох хэрэгтэй байна. 

Хүүхдийг 5 нас хүртэл нь өсөлтийн хоцрогдолгүй өсгөчихвөл цаашид хангалттай өндөр болдог нь судалгаагаар батлагдчихсан.

Хэт их сахрын хэрэглээ хүүхдийг хоолны дуршилгүй болгодог 

Хүүхэд төрөхөөс эхлээд л хооллолт эхэлдэг. Иймээс л дөнгөж төрсөн ээжүүд хүүхдээ 6 сар хүртэл нь зөвхөн эхийн сүүгээрээ дагнан хооллох хэрэгтэй. 

6 сараас хойш эхийн хөхний сүү бүрэн хэмжээнд цатгаж чаддаггүй учраас нэмэгдэл хоолонд оруулдаг. Яг энэ үеэс нь хооллолтод нь онцгой анхаарч эхлэх учиртай. 

Мах, гурил, жимс, хүнсний ногоо, үр тарианы бүтээгдэхүүн, ногоон ногоо, цагаан идээ зэрэг шим тэжээлтэй хүнс сонгох нь маш чухал. Гол нь хүүхдэдээ тохируулж хүнсээ бэлтгэнэ. Махаа гэхэд хоёр дахин машиндаж, лууван үрж жижиглэсэн байдлаар хоолонд хийдэг.

         Бичлэг үзэх:

Хүүхдэд багаас нь л чихэргүй тараг өгөөд сургачихвал зүгээр. Хүүхдийн хоолны дуршил хэт их чихэрлэг хоол хүнс хэрэглэх тусам л буурдаг. Иймээс нэмэгдэл хоолонд орж байгаа үед нь сахар өгч мэдрүүлэлгүй өсгөсөн хүүхэд чихэр нэхдэггүй. 

Бэлэн биш бэлдсэн хоол чухал

Бага насны хүүхдүүдэд гэрт нь л хоол бэлтгэж явуулах, гэртээ хооллох нь хамгийн чухал. Яагаад гэвэл гадуур идэж байгаа хоолны давс, амтлагчийн хэмжээ гэхэд л бидэнд тохирсон байдаг биз дээ. Гэтэл томчууд бид хүүхдэдээ тийм амтыг л өгч дасгаад байна. Тэр их хэт боловсруулсан, амтлагч ихтэй хоол идсэнээр хүүхэд донтож, ахиад тэр хоолыг идэх хүсэлтэй болдог.

Мэдээж хоёр сардаа ганц хоёр удаа гадуур хооллох үе байлгүй л яах вэ. Харин тэр үедээ аль болох амтлагч багатай, шарж хуураагүй хоол сонгох нь л зүйтэй. Тиймээс эцэг эхчүүд минь зөвхөн хүүхдийнхээ биш өөрсдийнхөө ч хооллолтод анхаарах хэрэгтэй юм шүү. 

Хүүхэд эцэг эхийн толь гэдэг шүү дээ. Хэрэв аав нь тамхи татдаг бол хүүхэд нь яваандаа тамхи татах нь тодорхой. 

Зарим ээжүүд манай хүүхэд лууван, байцаа зарим нь сонгино иддэггүй гээд хоолондоо хийдэггүй шүү дээ. Энэ нь хамгийн буруу зүйл. Хүүхдээ идэж суртал нь л ногоо өгөх хэрэгтэй. Дуртай хоолыг нь баяжуулж хүүхдийн хоолны дуршлыг нэмэгдүүлэх нь чухал. Өндөг шарсан ч хэлбэр оруулаад, будаандаа жижигхэн жимсээр нүд оруулчихвал хүүхэд “Эхлээд би амыг нь идлээ, нүдийг нь идлээ” гээд дуртай иддэг. 

Мөн эцэг эхчүүдийн зайлшгүй анхаарах ёстой нэг зүйл бол хүүхэд хоолоо гүйцэд идэж байгаа эсэх. Бага насны хүүхдүүд хоолоо идэж байгаад өөр зүйлд сатаараад идэхгүй орхичихдог талтай. Эсвэл ямар ч хоолны дуршилгүй хүүхдүүд ч байна. 

Хоолоо хангалтгүй иддэг, шим тэжээлтэй хоол идэхгүй байгаа хүүхдүүд өвчлөх магадлал нь өндөр байдаг. Ер нь л байн байн ханиад хүрнэ дээ. Тэгэхээр  хүүхдийнхээ 5 хүртэлх насан дээр нь л эцэг эхчүүд маш сайн анхаарах ёстой байх нь. Ганцхан мах гурилаар хооллоод байхгүйгээр төрөл бүрийн жимс, ногоо, сүү цагаан идээ зэрэг олон төрлийн баялаг хүнс хэрэглүүлж хэвшээрэй.

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.