Өнөө цагт интернет орчинд боломжгүй зүйл гэж бараг л үгүй болсон билээ. Яг л энэ эр шиг, цахим ертөнцөд хүн хүсвэл хэн ч болж болох юм. 

Бидний ихэнх нь FaceApp гэж мэднэ. Фэйсбүүк дээр уйдахдаа өөрийнхөө эрэгтэй, эмэгтэй, хөгшин эсвэл хүүхэд хувилбарыг тавьж хөгжилддөг л аппликейшн. Харин @zaitaku_iyada гэх хаягын эзэн, 50 настай энэ эр уг аппликейшнийг ашиглан өөрийгөө эмэгтэй дүрд хувилж, илүү ялдам, эгдүүтэй, залуу охины төрхөөр инстаграмынхаа дагагчдын тоог огцом өсгөжээ.


Гэхдээ тэр үүнийг ердөө л зугаацахын тулд хийдэг бөгөөд ямар нэг залилан, хууран мэхлэлтийн шинжгүй. Тэрээр өөрийн инстаграм болон твиттер танилцуулга дээрээ “Би 50 настай, ихэвчлэн гэрээсээ ажилладаг эрэгтэй. Би FaceApp аппликейшнд донтчихсон тул үргэлж өөрийн зургаа элдэв филтертэй оруулдаг” гэж бичсэн байдаг байна. Хэдий тэрээр өөрийгөө эрэгтэй хүн гэдгийг тодорхой бичсэн ч түүний зургууд японы цахим орчинд алдар нэрийг олоод байгаа юм.

Зарим хүмүүс түүний энэ үйлдлийг эрээ цээргүй хэрэг гэсэн бол зарим нь харин ч түүнийг ингэж жинхэнэ юм шиг хувирсанд нь баяр хүргэж, магтаж байгаа ажээ. Түүний ихэнх зургуудад тэрээр ажлаа хийж байгаа болон аялалд явж байгаа гэх мэт ердийн, өдөр тутмын үйл явдлууд нь байдаг бөгөөд түүний толины урд авахуулсан зургууд дээр тусгалд нь бодит дүр ч орсон харагддаг байна.



Технологийн дэвшилд ахиц гарахын хэрээр энэ мэт хэргүүд олон тохиох болсон нь энэ эрийн жишээ болоод жилийн эхэнд бас нэгэн залуу дугуйчин япон охины цаана 50 гарсан эр байсан явдал нотлох юм.

@azusagakuyuki гэх хаягтай тэр эр твиттер хуудаснаа дугуй унах дуртайгаа илэрхийлж, хуурамч зургуудаа оруулдаг байсан ч түүний дагагчид зургаас нь нэг бяцхан өөг олж харж, телевизэд мэдэгдсэнээр тус газраас сайн дурын мөрдлөг явуулж, залуу охины зургийн цаана үнэн хэрэгтээ хөгшин эр байсныг зарлаж байжээ.

Тиймээс бид бүгдийн зүгээс цахим орчин нэг талаараа үнэхээр хүний амьдралыг хөнгөвчилсөн, технологийн гайхалтай шийдэл гэдгийг хүлээн зөвшөөрөхийн сацуу энэ бол хүн төрөлхтний бүтээсэн хуурмаг үзэгдэл бүхий ертөнц гэдгийг ойлгож, өөрсдийн хэрэглээ, бодит амьдралаа ялгаж салгадаг байх нь чухал юм.


Эх сурвалж: The Emerging India