БЭЭЖИН. /TASS/. Шинжаан-Уйгурын өөртөө засах орны хорих газруудад нэг сая орчим уйгур үндэстнийг хорьж байна гэх НҮБ-ын мэдээлэл нь зохиомол гэж БНХАУ-ын Гадаад хэргийн дэд сайд Жан Ханьхуэй даваа гарагт болсон хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгджээ.

“Тодорхой бус сонирхолтой хэсэг бүлэг хүмүүс Хятад улс болон тус улсын Шинжаанд явуулж буй бодлогын эсрэг кампанит ажил явуулж эхэлсэн билээ. Тэд боловсрол, мэргэжлийн сургалтын төвүүдийг уйгаруудад зориулсан бөөнөөр хорих лагерь мэтээр тодорхойлон бичиж байна. Түүгээр барахгүй зарим нэг тоог хуурамчаар зохиож, нэг сая орчим хүнийг хорьж байна гэх мэдээллийг өгч байна” гэж тэрбээр цохон дурдсан байна.


Олон улсын хамтын нийгэмлэгийн зарим орон “Хятад улсын хөгжлийг хэвийн хүлээж авч чадахгүй байгаа” бөгөөд хүйтэн дайны үеийн сэтгэлгээг баримталж байна гэж Гадаад хэргийн дэд сайд онцлон тэмдэглэжээ.

Хятадын баруун хойд нутагт оршдог Шинжаан-Уйгурын өөртөө засах оронд тус улсын үндэстний цөөнх болох уйгарууд оршин суудаг бөгөөд дийлэнх нь лалын шашин шүтдэг. 

Хятадын эрх баригчдын мэдээлснээр, Шинжаанд олон улсын террорист бүлэглэлүүдтэй холбоо сүлбээ бүхий салан тусгаарлагч үзэлтнүүдийн бүлэглэлүүд үйл ажиллагаа явуулдаг байна.


Шиньжаан-Уйгурын өөртөө засах орны засан хүмүүжүүлэх газруудад нэг сая хүртэл тооны уйгур үндэстнийг “хууль бусаар хорьж байж болзошгүй” тухай “нотлох баримттай мэдээллийг” өгсөн гэж НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссын төлөөлөгчид 2018 оны наймдугаар сард мэдээлжээ. 

Үүнтэй холбоотойгоор НҮБ-ын хүний эрхийн дээд комиссар Мишель Бачелет тус бүс нутаг руу ажиглагчдыг илгээх санал тавьсан байна. Тэрбээр Шинжаанд үүссэн нөхцөл байдалд түгшиж буйгаа илэрхийлжээ.

Хятадын эрх баригчид дээрх мэдээллийг удаа дараа няцаасаар ирсэн боловч Шинжаанд “боловсрол, мэргэжлийн сургалтын төвүүд” үйл ажиллагаа явуулдаг гэдгийг 2018 оны сүүлээр анх удаа нотолсон юм. Хятадын албаны хүмүүсийн мэдэгдсэнээр, ийм төвүүдэд “терроризм, хэт давруу үзлийн нөлөөнд автсан хүмүүсийг” сурган хүмүүжүүлдэг байна. Гэхдээ ийм төвүүдэд хэчнээн тооны хүн байгааг тодорхой мэдээлээгүй юм.


Эх сурвалж: Монцамэ агентлаг