Истанбул хотноо болсон "Турк-Монголын бизнес форум" амжилттай зохион байгуулагдлаа. 

Тус форумд МҮХАҮТ-ын төлөөллөөс гадна Монгол Улсаас барилга, уул уурхай, ноос ноолуур, арьс шир, эрүүл мэнд, мах, махан бүтээгдэхүүн, хүнсний бүтээгдэхүүний худалдаа, тээвэр логистикийн үйл ажиллагаа эрхлэгч 15 компанийн 30 гаруй төлөөлөгч, БНТУ-аас мөн ижил салбар компанийн 40 гаруй төлөөлөгч оролцсон байна.

МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин форумыг нээж хэлсэн үгэндээ “МҮХАҮТ-ын зүгээс цаашид Монгол-Туркийн худалдаа бизнесийн хамтын ажиллагаа, Туркийн Танхим, Биржүүдийн Холбоо болон БНТУ-ын хамтран ажиллагч талуудтай худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлж, хоёр улсын хамтарсан төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, бизнес эрхлэгчдийн хооронд хамтын ажиллагааг өргөжүүлэх, худалдааг хөнгөвчлөх, тулгамдаж буй тээвэр логистикийн асуудлуудыг шийдвэрлэхэд нягт хамтран ажиллах болно” гэдгээ илэрхийлж, цаашид хамтын ажиллагааг улам бэхжүүлэх, форумын үр дүнг сайжруулах зорилгоор цаашид хамтарсан форумыг жил бүр уламжлал болгон, хоёр улсад ээлжлэн тогтмол зохион байгуулах санал дэвшүүлжээ.


Хоёр орны худалдаа, эдийн засаг, бизнесийн хамтын ажиллагааны цар хүрээ, нэр төрлийг нэмэгдүүлэх, өргөжүүлэх, бизнес эрхлэгчдэд хамтын ажиллагааны боломжийг нээж өгөх, өөр хооронд нь холбох, хоёр улсын эдийн засгийн хамтын ажиллагааг дараагийн шатанд гаргах, бизнес эрхлэгчдэд шинэ боломж бий болгох зорилгоор “Турк-Монголын бизнес форум”-ыг зохион байгуулсан юм.

Форумын үеэр Монгол Улсын гадаадын хөрөнгө оруулалт, гадаад худалдаа, бизнесийн орчин, хөнгөн үйлдвэрлэлийн салбарт хөрөнгө оруулах, хамтарч ажиллах боломж, тээвэр логистикийн салбарын хамтын ажиллагаа зэрэг мэдээллийг танилцуулжээ.


Форумын дараа хоёр талын бизнес эрхлэгчдийг холбох В2В арга хэмжээг мөн зохион байгуулж, бизнесийн шинэ хамтын ажиллагааны боломжуудын талаар санал солилцсон байна.