МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин Эдийн засгийн сэтгүүлч, шинжээчдийн клубын сэтгүүлч нартай уулзаж,  “Цар тахлын дараах бизнесийн нөхцөл байдлын судалгаа”-ны үр дүнг танилцууллаа.

2022 оны II улирлын бодит үйлдвэрлэл 7.6 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 6.3 хувь, хагас жилээр нийт үйлдвэрлэл 12.7 их наяд төгрөг болж, эдийн засаг 1.9 хувь тэллээ.

Дэлхийн банкнаас 2022 оны эдийн засгийн өсөлтөд цаг уурын таатай нөхцөл байдлын нөлөөгөөр хөдөө аж ахуйн салбар, 2023 онд Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалт, олборлолт голлон нөлөөлнө гэж үзжээ.

2022 оны 8 дугаар сард улсын төсвийн тэнцэл 899.7 тэрбум төгрөгийн алдагдалтай гарч, өмнөх оны мөн үеэс 142.1 тэрбум төгрөг буюу 13.6 хувиар буурчээ.

2022 оны II улиралд төлбөрийн тэнцэл 104.4 сая ам.долларын алдагдалтай байв.

Монгол Улсын нийт экспортын 82.6 хувийг БНХАУ, 1.2 хувийг ОХУ эзэлж буй бол импортын 36.4 хувийг БНХАУ, 28.6 хувийг ОХУ эзэлж байна.

МҮХАҮТ-аас Улаанбаатар хот, орон нутгийн 1073 аж ахуйн нэгжийн дунд цахим хэлбэрээр 8 дугаар сарын 25-наас 9 дүгээр сарын 4-ний өдрүүдэд явуулсан “Цар тахлын дараах бизнесийн нөхцөл байдлын судалгаа”-ны үр дүн, нэгдсэн дүгнэлтийг танилцуулав.

Судалгаанд оролцсон бизнес эрхлэгчдийн 79% нь тогтвортой үйл ажиллагаа явуулж байна гэсэн бол 21% тогтвортой ажиллаж чадахгүй байна гэжээ.

Бизнест эрхлэгчдийн 71% зээл авах хүсэлтэй, зээл авахаар хандсан боловч 27% зээлээ авч чадсан. Зээлийн олдоц муу, хүүгийн түвшин өндөр, хугацаа богино, барьцаа хөрөнгийн шаардлага хангахгүй зэргээс шалтгаалж зээл авч чадахгүй байна.

Бизнес эрхлэгчдийн 96%-д үнийн өсөлт сөрөг нөлөөтэй байж, бизнесийн ашиг дунджаар 52%-иар буурсан гэж үзжээ. Үнийн өсөлтийн нөлөөгөөр бизнес эрхлэгчид үйл ажиллагааны зардлаа танасан, бизнесийн стратеги, санхүүдээ шинжилгээ хийсэн, зарим ажлын байраа цөөлсөн байна.

Судалгаанд оролцсон бизнес эрхлэгчдийн 58% нь мэргэжлийн ажиллах хүчний дутагдалд орсон ба энэ нь цар тахлын өмнөх үеийн судалгаатай харьцуулахад 2 дахин өссөн үзүүлэлт юм. Түүнчлэн 85% нь шаардлагатай ажиллагсдаа өөрсдөө сургаж байна гэв.

Бизнес эрхлэгчдийн 83% нь ханган нийлүүлэлт ямар нэгэн байдлаар тасалдсан. Ханган нийлүүлэлтийн тасалдлын үед бизнес эрхлэгчид шуурхай уян хатан шийдвэрлэх, өөр ханган нийлүүлэгчидтэй хамтрах сэлгэх, дотоодоос зарим бараа материалын нийлүүлэлтийн сүлжээ бий болгон ажиллаж байна.

Судалгааны үр дүнд цаашид:

 ⇨Хилийн боомтын үйл ажиллагааг хэвийн болгох

 ⇨Тээвэр логистикийн асуудлуудыг шийдэрлэх

⇨ Хөнгөлөлттэй зээл, санхүүжилт олгох

 ⇨Түр хугацааны татварын хөнгөлөлт дэмжлэг үзүүлэх

⇨ Түүхий эдийн экспорт/импорт хийхэд хил, гаалиар шуурхай горимоор нэвтрүүлэх 

 ⇨Гадаадын шууд хөрөнгө оруулалтыг дэмжсэн бодлого шийдвэр гаргах

⇨ Мэргэжлийн ажиллах хүчээ сургаж мэргэшүүлэхэд санхүү, татварын дэмжлэг үзүүлэх зэргээр бизнест шаардагдах дэмжлэгүүдийг тодорхойлжээ.

Үнийн өсөлт, ажиллах хүчний хомстол, ханган нийлүүлэлтийн сүлжээний тасалдал нь бизнес эрхлэгчдийн 79%-д нь сөрөг нөлөө үзүүлж, үйл ажиллагаагаа тасралтгүй явуулахад хүндрэлтэй байна.