“Хөрөнгө оруулагч үндэстэн-2023” чуулган хоёр дахь өдрөө “Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгч ба хууль, эрх зүйн орчин” сэдвээр ээлжит хэлэлцүүлгийг зохион байгуулсан юм. Тус арга хэмжээг "Ард санхүүгийн нэгдэл" 2016 оноос эхлэн хийж ирсэн. Энэ удаагийн форум өнгөрсөн амралтын өдрүүдэд болсон билээ.

Монголын биржүүдийн нэгдсэн холбооны гүйцэтгэх захирал Э.Төртогтох “Бид бүхэн уламжлалт хөрөнгийн зах зээл гэдэг нэг л ойлголттой байсан бол сүүлийн жилүүдэд крипто зах зээл дэлхий дахинд төдийгүй Монголд албан ёсоор хөгжиж эхэлсэн” хэмээн онцолсон.

Виртуал хөрөнгийн зах зээл шинэ тутам хөгжиж буй. Манай улс бусад орны нэгэн адил хууль эрх зүйн орчныг шинээр бий болгох, зохицуулалттай зах зээлийн жишгээр цаашид хөгжүүлэхээр зорьж байгаа. Гэвч тодорхой бус зүйлүүд цөөнгүй. Тухайлбал, биржүүдийг зохицуулах юм уу, койн, токенуудыг нь хуульчлах ёстой юу. Эдгээр асуулт хариулт нэхсэн хэвээр байна. Зөвхөн манайд гэлтгүй бусад орнуудад мөн адил ийм нөхцөл байдал үүсээд байгаа. Энэ асуудлыг хэлэлцүүлгийн оролцогчид хөндсөн юм.

Ямар ч байсан хууль, эрх зүйн орчинтой болсон нь том дэвшил гэдгийг Coinhub биржийн гүйцэтгэх захирал Ц.Мандах онцолсон. “Монголд крипто зах зээл хөгжөөд хоёр жил гаруй болж байна. Анх ямар нэгэн хууль, эрх зүйн зохицуулалтгүй явж байсан бол Монгол Улсын зохицуулагч байгууллагууд түргэн шуурхай ажиллаж,  албан ёсны зохицуулалтай болгосон” хэмээн тэрбээр эрх зүйн орчныг дүгнэсэн. 

Ц.Мандах “Крипто салбар дэлхийд үүсч хөгжөөд тийм ч удаагүй. Монгол Улс маань эдийн засгийн үзүүлэлтээрээ дэлхийд тэргүүлж чадахгүй, хойгуур явж байна. Одоо харин крипто салбар, виртуал хөрөнгө, блокчейн технологийн салбар хөгжиж байгаа учраас дэлхийтэй хөл нийлүүлэх, урд нь гарах боломж бидэнд байна” гэв.

Монголд анх 60 гаруй койн, токен гарч, 20 орчим бирж үйл ажиллагаа явуулсан байжээ. Албан бус тоогоор хоёр жилийн хугацаанд 15 их наяд төгрөгийн арилжаа виртуал орчинд давхардсан тоогоор хийгджээ. Энэ нь Монголын хөрөнгийн биржийн 20 жилийн арилжааг хоёр жилийн хугацаанд хийсэн гэсэн үг юм. 

Харин хууль хэрэгжиж эхэлснээр, албан ёсны бүртгэлтэй, зохицуулалтын шаардлага хангасан биржийн тоо 12 болж буурчээ. Биржүүд тусгай зөвшөөрлийн хураамжийн төлбөрт 300 сая төгрөг тус тус байршуулжээ.

Хэлэлцүүлэгт оролцсон “Fidelitas Partners” хуулийн фирмийн гүйцэтгэх захирал Б.Наранцэцэг “Монголд виртуал хөрөнгийн хууль батлах хоёр үндсэн асуудал байсан. Татвар төлөхөөс зайлсхийх асуудлыг таслан зогсоох, удаах нь мөнгө угаах эрсдэлийг бууруулах. Энэ хүрээнд хууль батлагдаж, биржүүд хүний нөөцийн болон технологийн өндөр зардлыг өөрсдөө даагаад, дагаж мөрдөж эхэлсэн. 

Монголын виртуал хөрөнгийн тухай хуулийг хатуу зохицуулалттай хууль болоогүй гэж хэлж чадахгүй. Олон улсад энэ салбарт хэт хатуу зохицуулалт тохирохгүй юм байна гэдэг дүгнэлтэд өнөөдөр хүрээд байна. Зах зээлийн хөгжлийг харгалзан үзэж хуулийн зохицуулалтаа эргэж харах хэрэгтэй болов уу гэж боддог.

Бүтээгдэхүүнээс хамаарсан салбарын зохицуулалтыг нөхөж хэрэглэх байдлаар явах нь оновчтой гэсэн чиг хандлага ч гарч ирж байгаа. Их долоогийн уулзалтаар, крипто зах зээлийн талаар олон улсад жишиг болохуйц зохицуулалт гаргах хэрэгтэй гэдэг асуудал мөн яригдсан. Энэ салбар сүүлд гарч ирсэн, шинэ хөгжиж байгаа учраас эрх зүйн зохицуулалт олон улсын анхаарлын төвд байна” гэлээ.