МУБИС-ийн Монгол судлалын төвийн эрхлэгч, гавьяат багш доктор, профессор Ц.Өнөрбаянтай ярилцлаа.

-Сүүлийн үед эх хэлний баялаг багаслаа гэж ярьдаг хүмүүс цөөнгүй болсон. Ер нь Монгол хэлний дархлаа ямар түвшинд байна вэ?

-Монгол хэл мөхөх хэлэнд орж байна гэдэг бол эх хэлнийхээ төлөө санаа зовнидог, сэтгэл зүрхээ өгч явдаг хүмүүсийн л үг . Тэдний ч буруу биш л дээ. Энэ бол эх хэлнийхээ төлөө зовнидог хүн бүхний сэтгэлийн дуудлага юм. Дэлхийн хэлний дархлааг судалдаг судлаачдын үзэж буй орчин цагийн монгол хэлийг мөхөх хэлний тоонд оруулаагүй. Харин Монгол хэлнээс салбарласан харийн хүрээлэлд байгаа цөөн тоот Монгол үндэстнүүдийн хэл мөхөх аюулд орсон. Тухайлбал Халимаг, Өвөрмонгол, Буриад, Киргэзэд байгаа Монголчуудын хэл гадны хэлний нөлөөгөөр хэрэглээ нь хумигдаж байна. Аливаа хэлний дархлааг хадгалагч нь хэрэглэгч. Хэрэглэгч нь цөөрчихөөр хэл өөрөө устгаж үгүй болдог. Харин манай монгол хэлний хувьд хэрэглэгч нь тийм олон биш ч бичгийн хэлээр баталгаажсан. Үүнээс гадна олон хэл, аялгууны өнгө төрхтэй хэл учраас мөхөх аюулаас хол гэж болно.

Хүн ба хэл судлаачдын тэмдэглэснээс үзвэл XX дугаар зууны эхэнд 6000 гаруй хэл байсан бол энэ зууны эхээр 3000 орчим амьд хэл үлджээ Үүнээс үзэхэд өнгөрсөн зуунд маш олон хэл мөхөж үгүй болж. 2100 он гэхэд 2500 орчим хэл үлдэнэ гэсэн тооцоо бий


-Та Монголчууд бидний өдөр тутмын хэрэглээний үгсийн баялаг хэр байна гэж хэлэх вэ?

-Өдөр тутамдаа ариун тансаг, уран зохиолын хэлээр яриад байгаа нь багасч л байна. Гэхдээ үүгээр эх хэлний ариун сан, баялгийг цөөн байна, дундарсан гэж дүгнэж болохгүй. Сонин мэдээллийн хэрэгслийн хэл гэхэд тодорхой тооны үгийн хүрээнд л эргэлддэг. Дэлхийн хэлний судалгаанаас үзэхэд 2000-4000орчим үгээр мэдээлэл хүрч байна. Монгол хэл ч ялгаагүй энэ түвшинд л байгаа болов уу. 

-Эх хэлний ариун тансаг байдалд сөргөөр нөлөөлдөг зүйл юу байна?

-Сөргөөр нөлөөлдөг зүйл олон байна. Ялангуяа харь хэлний дархлаа ихсэх нь эх хэлийн мөхөлд ойртуулах сөрөг хандлагатай. Сүүлийн үед харь хэлийг шүтэх хандлага ихэссэн, ялангуяа даяаршиж буй хэлийг шүтээд эх хэлээ сурч судлах хандлага харьцангуй багасч байгаа нь ажиглагддаг. Үүний эсрэг төр засгийн түвшинд бодлого явуулж л байна. Гэхдээ орчин цагийн монгол хэлний түвшинд мөхөөхөд тулчихсан аюул алга. Бас нэг хэлэх зүйл бол уран зохиолын суурь аялгууг хэт шүтэж, аман аялгууг уусгах гэж туйлширч болохгүй. Хэл доторх олон аялгуу тухайн хэлний дархлааг хамгаалдаг.


-Харь хэлийг яаж тусгах ёстой юм бэ?

-Харь хэлний үггүй цэвэр онгон хэл гэж огт байхгүй. Харин үүнийг журамлах журамлах хэм хэмжээ гэж бий. Харь хэлний нөлөөг хамгийн түрүүнд тусгадаг, мэдрэмтгий салбар нь хэлний үгсийн сан байдаг. Үүнийг дагаад л хэлний унаган төрх алдагдаж, дархлаа нь сулардаг учраас төр засгаас эхлээд хувь хүн бүр үүнд санаа зовж хайрлаж хамгаалдаг байх ёстой.


-Танд шүүмжилдэг, хэлмээр санагддаг зүйл юу байна вэ?

-Эх хэлнийхээ ариун тансаг байдлыг хадгалах, баялаг чанарыг хадгалж үлдмээр байна. Үүний тулд л аман ба бичгийн хэлээр хадгалагдаж ирсэн уран сайхны эхийг унших, ном уншиж гүнд нь нэвтрээсэй гэж хүсдэг. Зарим хэл найруулгыг харж байхад үг нь Монгол боловч өгүүлбэрийн бүтэц нь харь хэлний нөлөөнд байгаа тал анзаарагддаг. Энд их хөгжиж буй шинжлэх ухаан, мэдээлэл технологийн дэвшилтийн нөлөө их бий.

Төрийн хэлний хууль ч төдийлэн хэрэгжихгүй байна. Ядаж л Улаанбаатараар явахад албан ёсны монгол, крилл бичгээрээ хаяг рекламаа түгээдэг газар цөөрчээ. Бараг л Монголд явж байна уу, өөр газар явж байна уу гэдгээ мэдэхэд тун төвөгтэй болсон шүү дээ.  Энэ мэтээр хэрэглээний түвшинд сөрөг зүйл их байна.


-Ер нь хэлийг юутай зүйрлэх вэ?

-Хэл бол бусад адгууснаас ялгадаг хамгийн чухал, гайхамшигтай зүйл. Холын жишээ биш Л.Түдэв гуайгаас иш татахад “Хүнийг адгууснаас ялгадаг гол зүйл бол хэл яриа. Өөр хоорондоо үг сольдог болсноос хойшл хүн хэнд ч юунд ч дийлдэхгүй амьтан болсон. Хүнээс үг хэлийг нь хасчихвал ердөө хойт хоёр хэл дээрээ босоо зогсдог тарваганаас ялгагдахгүй амьтан байж байх сан биз ээ” гэсэн  байдаг.

-Үг үсгийн алдаатай бичдэг хүн цөөхөн боллоо гэдэг. Ер нь аль дүрмээр бичих ёстой юм бэ?

-Бид өнөөг хүртэл 1983 онд гаргасан толийг л мөрдөж байгаа. Үг үсгийн алдаа бол одоо хэрэглэж байгаа бичиг үсгийнхээ дүрмийн толийг журамлаагүйтэй холбоотой. Журамлаагүй учраас аль нь зөв бэ гэдэг дээр маргаан гардаг. Төрийн хэлний бодлогын зөвлөлөөс Ц.Дамдинсүрэн гуайн зохиосон үсгийн дүрмийг боловсруулж журамлаад түүнд тохирсон зөв бичгийн толь хийж байгаа. Энэ толь гарчихаар зөв бичих соёл тогтох болов уу. Яагаад гэвэл зөв бичнэ гэдэг хэлний хэрэглээний өнгөн талын асуудал боловч үнэлэмжид нөлөөтэй. Хэрэв журамлачихвал эх хэлний асуудал цэгцрэх байх. Хүн нийгмийн харилцааны ямар ч орчинд эх хэлээрээ зөв сайхан ярьдаг, уншдаг, бичдэг байх чадвартай байх ёстой. Ерөнхий боловсролын сургууль үүний суурийг нь тавьж өгч байгаа юм. 

-Эх хэлний боловсролоо яаж дээшлүүлэх ёстой вэ?

-Монголчууд бол нүүдэлчдийн дотроос хамгийн олон бичиг үсэг хэрэглэсэн дорнын номт гурван улсын нэг. Эх хэлний төгс боловсролыг хүн насан туршдаа эзэмшдэг. Тийм учраас олон нийтийн мэдээллийн хэрэгсэл, ялангуяа уран зохиол, сонгодог дээжсээс хүн бүхэн уншиж мэдэрдэг, үндэснийхээ сэтгэлгээг ухаарч ойлгодог зүйлийг хийх хэрэгтэй байна.

-Хэлний дархлаа нь, хамгаалагч нь юу юм бол?

-Хэлний дархлаанд хамгийн их нөлөөлдөг зүйл бол бичиг үсэг. Бичиг үсэг хэлний хөгжлийн хурдыг сааруулж, дархлааг нь бэхжүүлдэг. Тийм ч учраас бичиг үсгээр баталгаажсан хэл мөхөх аюулаас хол.

-Өнөөдөр эх хэлний өдөр, бас Б.Ренчин гуайн “Монгол хэл” шүлэг зохиогдсоны 60 жилийн ой тохиож байна.Таны сүүлд гаргасан номыг сонирхвол?

-Сүүлийн хэдэн жил их дээд сургуулийн монгол хэл, уран зохиолын багшийн ангид заахдаа “Монгол хэлний үнэ цэнэ үнэлэмж” гэсэн сэдэв заахын тулд монгол хэлний талаар бичсэн зохиолч яруу найрагчийн бичсэн шүлэг яруу найраг, ярилцлага сэлтийг цуглууллаа.

Эдгээр шүлэг ярилцлагыг XX зууны Монголын нэрт эрдэмтэн, академич Б.Ринчений “Монгол хэл” хэмээх шүлэг зохиогдсоны 60 жилийн ойд зориулж эмхэтгэл хэлбэрээр гаргасан. Ри багш энэ шүлгээ Өвөр монголын нийслэл Хөх хотноо 1957 оны IX сарын 17-нд монгол хэлээр, маргааш нь орос хэлээр бичсэн байдаг.