С.Дулам: Яг үнэндээ бидэнд оюуны залхуурал нүүрлээд байна

Х.Оргил
11 сарын 10, 2020

Хэл шинжлэлийн эрдэмтэд "Дүрэм өөрчилж мөнгө авдаг" эсэх тухайд Монгол Улсын Хэлний бодлогын зөвлөлийн гишүүн, Ардын багш С.Дулам ийнхүү ярьж байна.

-Германд ийм маргаан гараад толь бичгээр цэгцэлж байсан удаатай. Монголд үүнийг цэгцлэхээр Монгол хэлний хуульд заасны дагуу хэл бичгийн 28 эрдэмтэн түүчээлж санал бодлоо цэгцэлсний үр дүнд журамласан толийг бүтээсэн. Гэвч хэдэн эрдэмтдийг

шавьж гэдгийг шавж, 

цомирлиг гэдэг үгийг цоморлог 

бүжин гэдэг үгийг бөжин 

болгоод хэдэн төгрөг цохиод байна гэж ойлгоод байгаа бололтой. 

Уг нь энэ гурван үг 1983 оны Ц. Дамдинсүрэн, Б.Осор нарын "Монгол үсгийн дүрмийн толь" бичигт яг л шавж, цоморлог, бөжин гэж байгаа юм. 

Өөрөөр хэлбэл 1983 оноос хойш монгол хэлний дүрэм өөрчлөгдөөгүй. Манайхан өөрийн санал бодол, мэдлэг мэдрэмжээрээ буруу бичиж явчихсан. Үүнийг нь зөв бичих толь бичгээр сэргээн сануулаад өгөхөөр гэнэтхэн өөрийн бичсэнээс өөр байна гэж гайхаад бидний хэдэн эрдэмтдийг өөрчилж мөнгө олсон мэтээр хардаж яваа юм. Хэрвээ үсэг өөрчлөөд мөнгө олдог гэж бодож байгаа бол үүнийг шалгуулаад мөнгөнийх нь тоог тогтоогоод түүнийгээ  өөртөө шагналд нь тооцуулж  авах хэрэгтэй гэж зөвлөе. 

Яг үнэндээ бидэнд оюуны залхуурал нүүрлээд байна. Ном сэтгүүлээ эргүүлж сөхөөд харчихдаггүй, хараагүй зүйлээ гэнэт мэдчихээрээ та нар өөрчиллөө гэж загнадаг. Жаахан л уншихад л болох шүү дээ.

Бас нэг онцолж хэлэх зүйл байна. Монголчууд сүүлийн үед эх хэлнийхээ ёгт, егөөдлийг ерөөсөө ойлгохоо больсон байна. Бүх зүйлийг толь дээр бичсэн шиг байгаагаар нь хэлэх ёстой гээд байгаа ухаантай юм аа даа. Гэтэл уран зохиолын хэл ондоо, ёгт хэллэгтэй, тэгж хэлэх ч учиртай. Жаахан задлаад ухаад ойлговол эрдэм бий шүү дээ.Түүнийг бид биш цэцэн оюунт ард түмэн хэлээд зохиогоод ирсэн юмыг бид өөрчлөх эрх байхгүй.

Холбоотой сэдвүүд

с.дулам эх хэлний өдөр

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.