Өнгөрсөн жилээс эхлэн 9 дүгээр сарын 1-ний өдрийг “Эх хэлний өдөр” болгон зарласан билээ. “Эх хэлний өдөр”-ийг угтаж өнөөдөр Ерөнхий боловсролын сургуулийн 500 орчим монгол хэл, уран зохиол, монгол бичгийн багш нарт зориулсан лекцийг зохион байгууллаа. 

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 32 дугаар дунд сургуулийн Урлагийн танхимд болсон уг арга хэмжээний зорилго нь монгол хэл уран зохиол, монгол бичгийн багш нарыг мэргэжил арга зүйгээр хангах, монгол хэл соёлоо хадгалах, хамгаалах, хөгжүүлэх, тэдэнд хэлний боловсрол олгох юм. 

Өнөөдөр Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн дарга, Ардын багш, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн С.Дулам “Даяаршлын эрин үед Монгол хэлээ хэрхэн хадгалж хамгаалах вэ?” сэдвээр, Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн гишүүн, шинжлэх ухааны доктор Ц.Өнөрбаян “Монгол хэлний дархлаа, үнэ цэн” сэдвээр, Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн гишүүн, зохиолч, сэтгүүлч Б.Наминчимэд “Уран зохиолын хичээл яагаад үнэ цэнтэй вэ?” сэдвээр тус тус лекц уншлаа.


 С.Дулам: Монгол хэл мөхөж байгаа хэлний тоонд ороогүй, гэвч тайвшрах асуудал биш

Жилд дундажаар 17-18 хэл мөхөж үгүй болж байна. Хэл шинжлэлчдийн тооцоогоор 2100 он гэхэд одоо ярьж хэлний 50-90 хувь нь мөхөж алга болох хэтийн төлөв бий. Учир нь тухайн хэлээр ярьдаг хүмүүсийн тоо багасах тусам хэл мөхөл ойртдог. Өнөөдөр гэхэд хоёрхон хүн ярьдаг хэл ч энэхүү судалгаанд багтсан байгаа. Мөхөж буй гэдэг нь тухайн хэлээр хэлэлцэгчид нь зөвхөн настайчууд, хүүхдүүд нь дунд сургуульдаа хичээл болгон үздэггүй хэлийг хэлдэг. 

Тэгвэл манай монгол хэлээр ярьдаг дэлхий дээр 6-6,5 сая хүн бий гэж үзвэл 2100 онд тэсч үлдэх хэлний тоонд баттай багтана. Үүнээс эх хэл маань мөхөх аюулаас хол гэдэг нь харагдана. Гэвч энэ бол тайвширах зүйл биш. Сүүлийн үеийн сургалтын хөтөлбөрөөр монгол хэлийг 7 хоногт ганцхан цаг буюу 40 минут үзэж байгаа нь олон нийтийн шүүмжлэлд өртөхөөс аргагүй асуудал. Хэлийг хөгжүүлж мэдлэг шингээж байх тухайн улс орон хөгждөг. Тиймээс сүүлийн үед монгол хэлийг мэдлэг шингээсэн хэл болгох асуудал тулгараад байна. Үүний хэрэгжүүлэхэд чухал асуудлын нэг нь зарим салбарын нэр томъёог тогтоох, монгол хэлнийхээ нөөц баялгийг сэргээх хэрэгтэй. Энд бас нэг судалгааг хэлэхгүй өнгөрч болохгүй. Эрдэмтдийн хамгийн сүүлийн судалгаагаар хүний зөнөглөх өвчин эх хэлээрээ хэлд ороогүй, харь хэлээр ярьдаг байсантай холбоотой гэдгийг эцэг эхчүүд анхааралдаа аваасай. Үүнээс гадна бид эх хэлийг хамгаалах орчин үеийн аргуудаас суралцаж, нэвтрүүлэхээс аргагүй. Бидний хэл яриаг хиймэл оюун ухаан компьютер ойлгох, үүнд зориулсан мэдээллийн сан бүрдүүлэх шаардлага тулгарсан. Энэ чиглэлээр манай хэлний бодлогын зөвлөл амжилттай ажиллаж байна. Тэдний мэдээлж буйгаар монгол хэлний бүх үгийн хувиллыг хамарсан үгийг google таньж байх шаардлагатай. Энэ бол эх хэлээ хамгаалах чухал ажлын нэг. Гэхдээ үүний хэдхэн хүн биш бүхэл бүтэн институт ажиллах ёстой. Байна гэдэг үгийг гэхэд нас, хоолойны өнгө, нутгийн аялгаас шалтгаалаад 1200 янзаар дууддаг. 

 

Ц.Өнөрбаян: Үгчилсэн харийн орчуулга хийдэг арга барилаас татгалзах ёстой

Монгол хэл мөхөх хэлэнд орж байна гэдэг бол эх хэлнийхээ төлөө санаа зовнидог, сэтгэл зүрхээ өгч явдаг хүмүүсийн л үг . Судлаачдын үзэж буйгаар эх хэл маань мөхөх аюулаас хол. Учир нь аливаа хэлний дархлааг хадгалагч нь хэрэглэгч. Хэрэглэгч нь цөөрчихөөр хэл өөрөө устгаж үгүй болдог. Харин манай монгол хэлний хувьд хэрэглэгч нь тийм олон биш ч бичгийн хэлээр баталгаажсан. Үүнээс гадна олон хэл, аялгууны өнгө төрхтэй хэл. Халх, дөрвөд, буриад өвөр гээд олон аман аялгуутай эх хэл маань бол яг л найрал хөгжим шиг олон өнгөтэй.

Харин хүн бүрийн хамгийн түрүүнд санаа тавих зүйл бол эх хэлээрээ ярьж бичих журамт үүргээ биелүүлэх. Журамт үүрэг гэдэг ямар ч нэгэн торгууль шийтгэлгүй ч тархи цусандаа ойлгож хүндэтгэлтэйгээр хандах ухаан юм.  Ингэж гэмээн орчин үеийн мэдээлэл технологийн түрэлт, нийгмийн хурдацтай хөгжилд эх хэлээ хамгаалж үлдэнэ. Гэхдээ хамгаалж үлдэж байна гээд үгчилсэн харийн орчуулга хийдэг арга барилаас татгалзах ёстой.  Бид эрт дээр үеэс гадны үгийг монголжуулж авч ирсэн уламжлалтай ард түмэн. Байцай, лууван, байшинг хятад хүмүүс өөрсдөө ч мэдэхгүй болтлоо нутагшуулж хэрэглэж ирсэн. Оросууд ч жижүүр гэх мэтийн үгсээ танихгүй шүү дээ. 

 Б.Наминчимэд: Хүнийг хүн болгодог гол үндсэн зүйл зөвхөн уран зохиолд л бий

Математик  хүний сэтгэлгээг гайхалтай хөгжүүлдэг. Гэхдээ хүнийг хүн болгодог гол үндсэн зүйл бол зөвхөн  уран зохиолд л бий. Уран зохиолын хамгийн чухал ач холбогдол нь хүний дотоод ертөнц, уран сэтгэлгээг баяжуулдаг.  

Гэтэл орчин үед уран зохиолын хичээлийн үнэ цэн, ач холбогдлыг хойш тавиад байна. Ялангуяа зарим эцэг эхчүүдэд иймэрхүү хандлага түгээмэл гаргадаг болохыг багш нараас зөндөө сонссон. Уран зохиол үзэж байснаас, ном уншсанаас англи хэлээ үз гэж зөвлөдөг. Хувийн сургуулиудад үүнийг бүр ч тод харж болно. Харахад царай зүс нь монгол боловч ярьж сэтгэж байгаа нь бүгд гадаад хүүхдийг олж хардаг. Хоорондоо энгийн үг солих нь хүртэл англиар. Үүний үр дагаврыг эцэг эхчүүд төдийлэн ойлгохгүй байна. Гадаад хэлийг сурсан хүүхэд монгол хэл дээр ном унших гэж үйлээ үздэг.  Учир нь эх хэлээ эзэмшээгүй учраас бүрэн дүүрэн ойлгож чаддаггүй. Уран зохиолыг зөвхөн зугаацуулагч зүйл мэтээр ойлгож ирсэн нь үүнд буруутай. Өнөө танин мэдүүлэх, соён гэгээрүүлэх, хүмүүжүүлэх үүргийг нь ор тас орхигдуулчихсан. Энэ үзэл өнөөдрийн монгол төрийн бодлого боловсруулагчдын түвшинд орчихсон юм биш байгаа гэж би харддаг. Яагаад гэвэл манайд уран зохиолын хичээлийн цаг дэндүү хомс байна. 9 дүгээр ангид англи хэл 105 цаг байхад монгол хэлийг 35 цагийг хуваарилжээ. Ахлах ангид ч мөн адил.