Өвөл хаяанд ирээд байгаа энэ үед нийслэл хот автозамын хальтиргаа гулгааг багасгадаг давс, цас хайлуулагч бодисоо хэрхэн базаасныг мөн цас хайлуулдаг бодис тойрсон асуудлаар тодрууллаа.

Нөөцөлсөн бодис, давсаар энэ өвлийг асуудалгүй давна

Өнгөрсөн жил ээлж дараалан орсон цаснаар багагүй шүүмжлүүлсэн нийслэлийнхэн энэ жил 1100 тонн давс, 1600 тонн цас хайлуулах бодис нөөцөлжээ. Энэ нь өнгөрсөн жилтэй харьцуулбал давс 560 тонноор, хайлуулагч бодис 710 тонноор илүү нөөц  юм гэж Захирагчийн ажлын албаны Хог хаягдлын бодлогын асуудал хариуцсан мэргэжилтэн С.Аригуун хэллээ.  Одоо байгаа нөөцөөрөө энэ өвлийг асуудалгүй давах боломжтой гэнэ. Манайх хойд хөршийн цаг ууртай ойролцоо учраас тэнд хэрэглэдэг бодисыг оруулж ирдэг гэж байв. Татан авалтыг наймдугаар сараас эхлэн хийсэн байна. Давсаа орон нутгаас бэлддэг бол цас хайлуулах бодисоо ОХУ-аас худалдан авдаг ажээ. Нөөцлөхдөө нэг тонн давсыг 350 мянга, 1 тонн бодисыг 590 мянган төгрөгөөр худалдан авчээ.

Цас хайлуулагч бодис хортой юу?

Нийслэл анх 2006 онд туршилтын журмаар 30 тонн бодис авч хэрэглэж үзсэн бөгөөд үүнээс хойш цас хайлуулагчийг хэрэглэж буй.  Давстай харьцуулахад хайлуулах чанар сайтай учраас ханш нь өндөр байхаас аргагүй гэсэн тайлбар дагалддаг. Нэг метр квадрат цастай газар нэг килограммаас дээш давс цацдаг бол хайлуулах бодис 300-хан грамм ордог ажээ. Найрлагад нь хүнсний давс, магни хлорид, кальци хлорид, хүхэр хүчлийн магнийн давс, сульфат кальци, кальцийн гидро карбонат, кальцийн карбонат болон усанд үл уусах бодис агуулагддаг юм байна. Тиймээс өндөр хяналттайгаар  Хими, химийн технологийн хүрээлэнгийн лабораториор шинжлүүлж байж хилээр оруулж ирдэг гэж Захирагчийн ажлын албаны Хог хаягдлын бодлогын асуудал хариуцсан мэргэжилтэн С.Аригуун тайлбарлалаа. 

Иргэдийн дунд энэхүү бодисыг эрүүл мэндэд хортой гэсэн яриа бий. Хойд хөршөөс оруулж ирж байгаа цас хайлуулах бодис эрүүл мэндэд хэр нөлөөтэйг Шинжлэх ухааны академийн Хими, химийн технологийн хүрээлэнгийн  Доктор Б.Амарсанаагаас тодрууллаа. Тэрээр “Манайд Нийслэлээс цас хайлуулагч бодисыг шинжлүүлэх гэж хандаж үзээгүй. Цас хайлуулах бодисонд давс олон янзын химийн бодис хольсон байдаг. Дотроо олон янз. Зарим нь шивтэр шиг эхүүн үнэр гаргадаг. Хүний эрүүл мэндээс илүүтэй ургамалд илүү  хортой. Үүний нөлөөгөөр ургамал давжаарах, ургац муудах, хэт нөлөөний улмаас эрт цэцэглэж үхэж ч болно. Тийм учраас хавар цас хайлахтай зэрэгцэн зам дээрээс сайтар хусч цэвэрлэх хэрэгтэй. Цэвэрлээгүйгээс энэхүү бодис агаарт дэгдэн хүний эрүүл мэнд сөргөөр нөлөөлж болохыг үгүйсгэхгүй” гэсэн хариу өгсөн юм. 

Цас хайлуулдаг бодис цацсан үед авто замын зөрчил багасдаг

Цас орсон үед авто замын хальтиргаа, гулгааг арилгахад нэг дүүргийн авто зам дээр дунджаар 2-4 тн бодис, 6-8 тн давс цацдаг гэсэн тооцоо гарчээ.

ОХУ-д үйлдвэрлэдэг энэхүү бодис нь замын чанар болон автомашины дугуй, төмөр эд ангид ямар нэгэн сөрөг нөлөөгүйг лабораторийн шинжилгээгээр баталгаажуулсан байна. Энэ бодисонд цасыг давс шиг шууд хайлуулдаггүй, өөрөө ууршаад алга болчихдоггүй зэрэг олон давуу тал бий гэж албаныхан тайлбарлалаа.

Нийслэлийн Замын цагдаагийн газарт өдөрт дунджаар 300-аас дээш дуудлага ирдэг юм байна. Цас орж хальтиргаа гулгаа үүссэн үед дуудлагын тоо 500-аас дээш болж нэмэгддэг аж. Цас хайлуулдаг бодис цацсан үед авто зам дээрх хэрэг зөрчлийн тоо багасдаг гэж мэргэжилтнүүд хэлж байна. 

Цас хайлуулагчийг ихээр цацвал амьсгалын замын эрхтнийг цочроодог

Цас хайлуулагч хүний эрүүл мэндэд яг ямар сөрөг нөлөө үзүүлдэг талаарх судалгаа харин алга. Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн, Хими, химийн технологийн хүрээлэнгийн аль нь ч энэ төрлийн судалгааг хийгээгүй гэсэн хариу өглөө.Энэ бүтээгдэхүүнд тавигдах стандарт шаардлага ч байдаггүй юм байна. Цас хайлуулагч агаарт их хэмжээгээр тархвал хүний нүд болон амьсгалын замын эрхтэнүүдийг цочроох аюултай гэж эмч нар сануулж байна. Энэ нь эргээд харшлын гаралтай өвчлөлийн эх үүсвэр ч байж болохыг эрүүл мэндийн байгууллагын мэргэжилтнүүд онцолсон юм.