Цахилгаан эрчим хүчээ хэмнэх шалгарсан аргууд

Peak.mn
12 сарын 15, 2025

Цахилгаан эрчим хүчийг зөв, ухаалгаар ашиглах нь айл өрхийн зардлыг бууруулахаас гадна байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөг багасгах чухал ач холбогдолтой. Өдөр тутмын хэрэглээндээ багахан өөрчлөлт хийхэд л бид цахилгааны хэрэглээг мэдэгдэхүйц хэмжээгээр хэмнэх боломжтой юм. Үүнтэй холбоотойгоор та бүхэнд УБЦТС ХК-ийн Тоолуур хэмжих хэрэгслийн хэлтсийн инженер Г.Энхбаатарын зөвлөмжийг хүргэе. 

Гэрэлтүүлэг

Эрчим хүчний хэмнэлттэй чийдэн нь уламжлалт улайсдаг чийдэнгээс 60 хүртэл хувиар бага цахилгаан зарцуулдаг бөгөөд ашиглалтын хугацаа нь 8 дахин урт байдаг. Мөн гэрлийн шил, бүрхүүлийг тогтмол цэвэрлэснээр гэрэлтүүлгийн үр ашиг нэмэгддэг. 


Цонх

Цонхны шилийг цэвэрхэн байлгаж, байгалийн гэрлийг ашигласнаар гэрэлтүүлэгт зарцуулах цахилгааныг 10 хүртэл хувиар хэмнэх боломжтой.

Хоол хийх цахилгаан хэрэгсэл

Хоол хийх сав суулга нь таарсан тагтай, тэгш хавтгай ёроолтой, цахилгаан зуухны ширэмтэй ижил хэмжээтэй байх нь 70 хүртэл хувийн цахилгаан хэмнэлт авчирдаг. Савны ёроол, гадаргуу цэвэр байх нь мөн адил чухал.

Богино долгионы зуух нь бага хэмжээний хүнс боловсруулахад тохиромжтой бөгөөд уламжлалт цахилгаан зуухаас 60 хувиар бага эрчим хүч зарцуулдаг. Мөн хүнсийг хөргөгчнөөс гаргаад тасалгааны хэмд хэсэг хугацаанд байлгасны дараа халаах нь илүү хэмнэлттэй.

Тоос сорогч

Тоос сорогчийн чадал заавал их байх шаардлагагүй. Шал, хивс цэвэрлэхэд тохирох бага чадалтайг сонгож, хогны уут, хоолойг нь тогтмол цэвэрлэж хэвшвэл цахилгаан хэмнэхээс гадна хэрэгслийн насжилтыг уртасгадаг. 


Хөргөгч, хөлдөөгч

Юуны өмнө айл өрхийн хэрэгцээндээ тохирсон, температурын тохируулагчтай хөргөгч сонгох нь зүйтэй. Хүнс хадгалах тасалгааг +3°C, хөлдөөгчийг -18°C дээр тохируулбал оновчтой. Түүнчлэн халуун хоол, хүнсийг бүрэн хөргөсний дараа хөргөгчинд хийх, дотор талыг цэвэр байлгах, хаалга сайн хаагдаж буй эсэхийг шалгах нь чухал.


Мөн хөргөгчийг цахилгаан зуух, ус буцалгагч зэрэг дулаан ялгаруулдаг төхөөрөмжөөс хол байршуулах хэрэгтэй. Учир нь 30–50°C халуун орчинд байрлуулсан хөргөгч нь энгийн үеэс хоёр дахин их эрчим хүч зарцуулж, жилд их хэмжээний нүүрсхүчлийн хий ялгаруулдаг байна.

Индүү

Хувцсаа нэг дор индүүдэж, эхлээд өндөр хэм шаарддаг хувцсыг индүүдэн, дараа нь хэмийг бууруулж бусдыг нь индүүдэх нь цаг, цахилгаан хоёрыг хэмнэнэ. Зарим хувцсыг индүүг унтраасны дараах халуунд индүүдэх боломжтой.

Мэдээлэл, холбооны хэрэгслүүд

Зурагт, компьютер, хөгжим зэрэг төхөөрөмжүүд нь “standby” горимд байсан ч цахилгаан зарцуулсаар байдаг. Ашиглаагүй үед нь залгуураас бүрэн салгах нь зүйтэй.
Жишээлбэл, зурагтыг 21 цаг standby горимд байлгах нь 3 цаг асааж хэрэглэсний 40 хувьтай тэнцэх хэмжээний эрчим хүч зарцуулдаг байна.


Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.