Засгийн газрын ээлжит хуралдаанаар Тавантолгойн ордыг түшиглэн Оюутолгойн төслийг эрчим хүчээр хангах цахилгаан станц барих тухай гэрээнд гарын үсэг зурах эрхийг сайд Ц.Даваасүрэн, Эрчим хүчний зохицуулах хорооны дарга А.Тлейхан нарт олгохоор болов.

Энэ талаар УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн мэдээлэл хийлээ.

Тэрээр "Тавантолгойн ордыг түшиглэж цахилгаан станц барих шийдвэрийг Засгийн газар гаргалаа. Энэ хүрээнд 300 МВт хүчин чадалтай Тавантолгойн дулааны цахилгаан станц барьж, Оюутолгой төслийн төв дэд станцтай 220 кВ-ын хоёр хэлхээтэй цахилгааны шугамаар холбоно. 300 MBт-ын хүчин чадалтай тус дулааны цахилгаан станцын барилгын ажлыг 2020 оны 3 дугаар сард эхлүүлж, 2023 оны 6 дугаар сард ашиглалтад орно. 

Өөр нэг чухал асуудал гэвэл бид ирэх оноос Оюутолгойн эрчим хүчний хангамжийн асуудлын тодорхой хэсгийг дотоодоосоо хангаж эхэлнэ. Өөрөөр хэлбэл Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээний хүрээнд хүлээсэн үүргийнх нь дагуу Монгол Улсын төвийн эрчим хүчний системийн тодорхой хэсгийг дотоодоосоо хангана гэсэн үг. Энэ бол түүхэн шийдвэр. Тийм учраас бид дотоодын эрчим хүчний эх үүсвэрийн дамжуулах дэд бүтцийг барьж байгуулах ажлыг үндсэндээ дуусаж байна. 

Ирэх он гараад Оюутолгой компани Монгол Улсын нэгдсэн эрчим хүчний системтэй холбогдоно, бид эрчим хүчээ нийлүүлж эхэлнэ гэсэн төлөвлөгөөтэй байна. 

Оюутолгой компани БНХАУ-аас 100 мвт-ын цахилгаан импортлож авч байгаа. Энэ нь 160-170 сая доллар болдог. 2023 онд шинэ станц ашиглалтад орохоор тус компанийг 100 хувь хангадаг болно. Тэр үед гадагшаа урсгалаар алдаж буй 200 гаруй сая долларыг дотооддоо авч үлдэх боломж бүрдэнэ. Ирэх жилээс Оюутолгойд тодорхой хэмжээний эрчим хүч нийлүүлнэ гэдэг нь үүний эхлэл бөгөөд гадагшаа алдаж буй зардлыг багасгах чиглэлд томоохон ахиц өгнө" хэмээлээ.