Цэдэнбалын Цэрэндолгор
03 сарын 16, 2025
"Залуу судлаачдыг дэмжих сан" ТББ-аас залуусын сэтгэлгээг цэгцлэх, нийгмийн оюун санаанд гэрэл нэмэх зорилгоор "ЦЭГЦТЭЙ СЭТГЭХ АРГА" сургалтыг зохион байгуулдаг уламжлалтай.
Энэ удаа цэгцтэй сэтгэх арга барил, ач холбогдол хэмээх сэдвийг онцлон Системийн инженерчлэлийн институтийн тэргүүн Д.Жаргалсайханыг урьж ярилцлаа.
-Цэгцтэй сэтгэхийн тулд бид эхлээд ямар ойлголтыг танин мэдэх ёстой вэ?
-Бид өдөр тутмын амьдралдаа олон асуудалтай тулгарч, үүнийгээ шийдэж, зорилгоо хэрэгжүүлдэг. Тэдгээр асуудлыг шийдэхдээ хүн гэдэг бодгалын гол хийдэг зүйл бол оюуны үйлдлүүд юм. Үүнийг бид бодох, сэтгэх, сэтгэн бодох чадвар гэх мэтээр нэрлэдэг. Энэ бол олон зуун сая жилийн байгалийн шалгарлын үр дүнд хүнд л бий болсон гайхалтай чадвар юм.
Амьд явах, дасан зохицох, аливаа юмс үзэгдлийн учир шалтгааныг танин мэдэх, шийдлийг боловсруулах, шинийг санаачлах, тунгаан бодохын цаана сэтгэн бодох чадвар ажиллаж байгаа хэрэг.
Жишээ нь өдөр тутамдаа бид юу вэ?, ямар?, яагаад?, яаж? гэсэн асуултуудтай байнга л тулгардаг шүү дээ. Асуулт бүрийн хариултыг олоход өнөөх “сэтгэн бодох” үйлдлүүд л тусалдаг. Хэрвээ сэтгэн бодох хэмээх оюуны үйлдлийг байгалийн хуулийнх нь дагуу, эмх цэгцтэй, сахилга баттайгаар хэрэглэвэл гарах дүгнэлтүүд алдаа мадаггүй, оновчтой мэдлэгийг бүтээх боломжтой.
Харамсалтай нь хүн бүр бодох, сэтгэх гэж юу вэ гэдгийг ухаж ойлгож чаддаггүй. Зүгээр л “Би ингэж бодож байна” гэж хэлдэг. “Чи буруу боджээ” гэчихвэл зарим нь “Намайг тэнэг, мангар гэлээ” гээд уурлаж ч мэднэ. Иймээс л бодох гэдгийн ард ямар цогц үйлдэл хийж байгаагаа л танин мэдэх хэрэгтэй байгаа юм.
Цэгцтэй сэтгэнэ гэдэг нь товчоор танин мэдэхүйн үйлдлүүдийг эмх цэгцтэйгээр, сахилга баттайгаар дадал болгох үйлдэл юм.
-Бид яагаад хүүхдэд бага наснаас нь цэгцтэй сэтгэх арга барилыг эзэмшүүлэх ёстой вэ?
-Агуу Эйнштэйн “Хүнийг сургана гэдэг нь мэдлэгийг цээжлүүлэх бус сэтгэн бодох аргыг эзэмшүүлэх явдал юм” гэж хэлсэн байдаг.
Гэвч өнөөгийн ЕБС-иуд хүн төрөлхтний бий болгосон мэдлэг мэдээллийг л цээжлүүлээд, цээжилснийг нь шалгадаг уламжлалт арга барилаасаа салаагүй л явна. Үнэндээ энэ арга барил дэндүү хоцрогдчихлоо.
Уг нь аливааг танин мэдэх суурь тавигдаж буй бага балчир насанд нь л яагаад, яаж гэдэг асуултуудад хариултыг олох арга барил буюу сэтгэн бодох арга барилд сургах ёстой. Ингэж байж л боловсрол орчин үеийн нийгмийнхээ хэрэгцээ шаардлагыг хангаж чадна гэж боддог. Ингээсэй л гэж хүсэж хүлээдэг.
Видео үзэх:
-Тэгвэл монголчууд бид хэр цэгцтэй сэтгэдэг ард түмэн юм бол. Та судлаачийн хувьд ажиглалт, судалгаа багагүй хийдэг байх?
-Манай монголчуудын сэтгэлгээнд хэд хэдэн онцлог бий. Цэгцтэй сэтгэх нь сэдвийн хүрээнд ярьж байгаа учраас энэ удаа хоёр онцлогийг л дурдъя.
Эхлээд давуу талыг хэлье. Монголчууд бид үнэхээр задгай сэтгэлгээтэй хүмүүс. Болохгүйн хязгаарт баригдана гэж үгүй. Үүнийг хайрцаглагдаагүй сэтгэлгээ гэж хэлдэг. Арга ч үгүй юм. Дөрвөн улирлын онцлогоор дасан зохицохдоо гаргууд, тэр хэрээрээ хурдтай шийдвэр гаргаж, амьдралдаа шийдэл болгож ашиглахдаа ч гарамгай. Тал нутагт тархан суурьшдаг учраас бусдын тусламжинд найдалгүйгээр асуудал, бэрхшээлээс гарах арга шийдлийг хурдтай олчихдог. Үүний ард өнөө оюуны үйлдлүүд буюу бодож сэтгэх хурдтай үйл явц өрнөж байгаа биз.
Харин сул тал нь бидний сэтгэлгээ дэндүү замбараагүй, эмх цэгцгүй. Тодорхой нэг сэдвээр дагнадаггүй, бүх зүйлийг мэддэг гэж боддог, эндүүрдэг. Жинхэнээсээ мэдэж байгаа эсэхээ ч шалгаж нягталдаггүй.
Аливаа юмс үзэгдлийн учир шалтгааныг олохын оронд өнгөцхөн, өнгөцхөн дүгнэлтүүдийг хийгээд түүн дээр үндэслээд шийдвэрүүдийг хурдан хурдан гаргадаг хүмүүс байдаг. Энэ бол эмх цэгцгүй буюу танин мэдэх үйлдлийг огт хийхгүй байгаагийн илрэл.
Үүнийг л сахилга батгүй, замбараагүй сэтгэлгээтэй гээд байгаа юм. Ингэж хуумгай гаргасан шийдвэр хэрэгжих магадлал багатай байдаг.
Бид нэг нэгэндээ сахилга баттай бай гэж хэлдэг шүү дээ.
Миний бодлоор сахилга баттай байна гэдэг нь бодлоо удирдахаас эхэлнэ.
Бодох сэтгэх үйл нь сахилга баттай хүний амнаас гарах үгс төдийгүй гаргах үйлдэл, гаргаж буй шийдвэрүүд нь ч сахилга баттай байдаг.
Хэрвээ задгай сэтгэлгээ гэсэн давуу талаа ашиглаж, замбараагүй сэтгэлгээгээ цэгцэлж чадвал монгол хүн бүр үндэстэн дамнасан компаниуд буюу мэдлэгт суурилсан бизнесүүдийг хийж чадна гэж хардаг.
-Цэгцтэй сэтгэж сурснаар тухайн хүнд ямар давуу тал үүсэх вэ?
-Мэдэхгүйгээ мэдэхгүйгээс болж хохирч байгаа хүн нь эхлээд тэр хүн өөрөө юм шүү дээ.
Алдаа мадаггүй дүгнэлтийг хийхэд сэтгэлгээгээ цэгцлэх, түүний дотор логикийн болон системийн сэтгэлгээний арга барилыг эзэмшсэн байх нь туйлын чухал.
Ийм арга барилыг эзэмшсэн хүн баргийн хүнд, төвөгтэй асуудлыг бүхлээр нь, том зургаар нь нэвт харж чаддаг. Мөн асуудал үүсгэж байгаа суурь шалтгааныг алдаа мадаггүй илрүүлэн дүгнэх чадвартай болно.
Бусдын хийж байгаа дүгнэлтүүдийг задлан шинжилж, шийдэл, гарц гаргалгаа олж, танин мэдэх боломжуудыг ч бас өөртөө нээнэ.
Шийдэл гэж бидний хэлж дассанаар бол арга зам л гэсэн үг шүү дээ.
-Цэгцтэй сэтгэж сурахын тулд ямар оюуны аргыг хэрэглэх нь үр дүнтэй вэ? Манай уншигчдад зөвлөхгүй юу?
-Юун түрүүнд амнаас гарч байгаа үг болгоныхоо утгыг мэддэг үү гэдгээ бодох учиртай. Энэ бол хамгийн энгийн бөгөөд шалгарсан арга. Эхлээд тэр үгийн утгыг ухаж мэдэхгүй байж болно. Толь бичгээс ч харж болно. Эрсэн хүн олно гэдэг дээ.
Гол нь мэддэггүй гэдгээ мэдчихсэн хүн амнаасаа хариуцлагагүй үг унагаадаггүй.
Жишээ нь гэр бүл болсон хосууд гэхэд хайр гэдэг үгийг нэг л утгаар ойлгодог байх ёстой. Ингэж ойлголтоо нэг болгоогүй цагт тэр гэрт хэрүүл маргаан дуусахгүй.
Манай нийгмийн асуудлын шалтгаан ердөө л энэ шүү дээ. Төр гэж юу вэ, нийгэм гэж юу вэ, ард түмэн гэж юу вэ гэсэн эзэн биегүй хэдэн ойлголтуудаар “жонглёрдоод” л явж байна. Энэ бол сэтгэлгээний доголдлын сул талын хүчтэй илрэл юм.
Иймээс л бид системийн аргаар үгнүүдийг тодорхойлох, хоорондын уялдаа холбоог нь тогтоох, яагаад, яаж гэсэн асуултад хүн өөрөө хариулж сурах аргуудыг түгээх гэж хичээж явна.
-Залуу судлаачдыг дэмжих сангаас “Цэгцтэй сэтгэх нь” сургалтыг тогтмол зохион байгуулж ирсэн. Сургалтад суусан хүмүүсээс ямар сэтгэгдэл ирдэг вэ?
-Сургалтад суусан хүмүүс “Би ч ер нь хамаагүй үг хэлэхээ больсон шүү” гэдэг. Энэ бол тухайн хүн мэддэггүйгээ мэдээд авч байгаа хэрэг. Түүнээс биш сургалтад суугаад ухаантай болчих юм биш шүү дээ. Гүехэн бус гүнзгий бодож, тунгааж сурахад тусална.
-Ямар хүмүүсийг энэ сургалтад суугаасай гэж зөвлөмөөр байна вэ?
-Ямар ч гарцгүй мэт хүнд байдалд орсон хүн бүр л ямар нэгэн шийдлийг хайж олдог. Шийдлийг тэр хүн өөрөө бүтээж буй хэрэг.
Үүний үр дүнд арга замаа олдог. Тэр арга зам, шийдэл нь ном эсвэл аль нэг эрдэмтэн докторын толгойд биш таны толгойд л бий. Гол нь та тэрхүү мэдлэг, шийдлийг өөрөө бүтээдэг гэдэгтээ бүрэн итгэлтэй байх учиртай.
Сэтгэн бодсоны үр дүнд л хүн өөрийнхөө өмнө тулгарсан асуудалдаа хэрэгтэй мэдлэг болон шийдлийг бүтээдэг.
Тиймээс бүх насны хүмүүс энэ арга ухаанд суралцаасай гэж хүсдэг. Бага насны хүүхдүүдээс эхлээд 70 нас гарсан ахмадууд ч манай сургалтад суудаг.
Бидний хийсэн судалгаанаас үзэхэд ойлголтын зөрүүнээс үүдсэн хөдөлмөрийн нөөцийн алдагдал 20-50 хувь үр ашиггүй зарцуулагдаж байна. Яагаад гэвэл ажилтнууд болгон ажил гэдгийг өөр өөрөөр ойлгоод байгаагаас бүтээмжгүй цагийг өнгөрүүлдэг. Ийм газар хуралдаад байгаа ч гараас нь ажил гардаггүй.
Цагаа, мөнгөө хэмнэе гэвэл санаа бодлоо зайлшгүй цэгцлэх шаардлагатай.
ЦЭГЦТЭЙ СЭТГЭХ АРГА СУРГАЛТЫН БҮРТГЭЛ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА.
Та бүхэн манай сургалтад хамрагдсанаар танин мэдэх үйлдлүүдийг цэгцтэй гүйцэтгэх аргуудад суралцахаас гадна үг, үгний цаана байгаа утга гэдэг хичнээн чухал зүйл болохыг ойлгох юм.
Сургалт зохион байгуулагдах хугацаа:
3-р сарын 18-ны Мягмар гарагт 18:30 - 21:00 цаг хүртэл
3-р сарын 20-ны Пүрэв гарагт 18:30 - 21:00 цаг хүртэл
3-р сарын 25-ны Мягмар гарагт 18:30 - 21:00 цаг хүртэл
3-р сарын 27-ны Пүрэв гарагт 18:30 - 21:00 цаг хүртэл
Сургалтын байршил: Шангри-Ла оффис, 2203 тоот, Мэдлэг солилцох төв
Сургалтын бүртгэлийн хуудас: https://forms.gle/vd39UBdNi86mzk4V9
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.