УИХ-ын сонгуулийн 12 дүгээр тойрог Хан-Уул дүүрэгт МАН-аас нэр дэвшигч, Монгол Улсын Ерөнхийлөгчийн эрүүл мэнд, спорт, нийгмийн бодлого хариуцсан зөвлөх Т.Мөнхсайхан иргэд, сонгогчидтой ээлжит уулзалтаа хийлээ.

Тэрбээр энэ үеэрээ “Эрүүл мэндийн салбараа шинэ түвшинд гаргая, улс орноо хөгжүүлье гэсэн бодлого төлөвлөгөө, итгэл үнэмшил надад бий. 

Эрүүл мэндийн сайдаар ажиллах хугацаандаа хэрэгжүүлэхийг хүссэн ажлынхаа 10 хувийг л хийж амжсан. Зургаахан сарын хугацаанд ажилласан хэдий ч гүйцэтгэлийн санхүүжилтийн тогтолцоог нэвтрүүлж, ахмад настнуудын толгойн өвчин болоод байсан хөнгөлөлттэй эмийн асуудлыг цэгцэлж, резидэнт эмч нарыг цалинтай болгох шийдвэрийг гаргасан гээд Монголын эрүүл мэндийн салбарт шинэ салхи оруулсан цөөнгүй ажлыг хийж хэрэгжүүлсэн. 

Энэ удаагийн УИХ-ын сонгуульд нэр дэвшиж байгаа маань зорьсон ажлаа гүйцээхийн тулд юм шүү. Надад эмчээс эхлээд Эрүүл мэндийн сайд хүртэл ажилласан туршлага, мэдлэг, чадвар бий. Монгол хүний эрүүл мэндийн төлөө хийж чадах бүх зүйлээ дайчлан ажиллана.” гэсэн юм. 

Уулзалтын үеэр иргэдийн төлөөлөл нэр дэвшигч Т.Мөнхсайханаас “Монгол эрчүүд эмэгтэйчүүдээсээ бага насалж, цагаасаа эрт хорвоог орхиж байна. Үүний шалтгааныг мэргэжлийн эмчийн хувьд юу гэж хардаг вэ, цаашдаа ямар ажил хэрэгжүүлж ажиллах талаар тодруулав.


Нэр дэвшигч Т.Мөнхсайхан “Эрчүүдийн дунд өвчлөл өндөр байгаа. Дундаж наслалтын зөрүү сүүлийн 30 жилийн хугацаанд нэмэгдсээр 9.5 болоод байна. Энэ бол юун түрүүнд ард иргэдийн дунд эрүүл мэндийн боловсрол сул байгаагийн илрэл. Монгол эрчүүдийн эрүүл мэндийн асуудал улс орны бодлогын түвшинд анхаарч үзэх нийгмийн эрүүл мэндийн асуудал болсон.

Одоогоор манай улсад эрэгтэйчүүдийн эмнэлэг,  эрэгтэйчүүдийн мэргэшсэн эмчийн дутагдал гээд бодлогын түвшинд авч хэрэгжүүлэх зайлшгүй арга хэмжээнүүд бий. Энэ бол нийгмийн эрүүл мэндийн асуудал. Тиймээс манай нам мөрийн хөтөлбөртөө эрэгтэй эмэгтэй хүмүүсийн дундаж наслалтыг бууруулахын тулд бодлого гаргаж ажиллахаа тусгасан байгаа” гэлээ.