Аливааг танин мэдэхийн ач холбогдол, давуу талын талаар гарсан ном, зохиол,  сургаалуудын тоог гаргая гэвэл бид  барахгүй биз ээ. Тийм ч учраас энд бид мэдлэгтэй хүний хийж чадах зүйлийн талаар өгүүлэхийг зорьсонгүй, харин “бүхнийг чадна” гэж товчхон тодорхойлов. Хүн бүр л бүхнийг чаддаг болох мөрөөдөл, хүсэлдээ  хөтлөгддөг. Харамсалтай нь бидний олонх нь тэр хүсэл, мөрөөдөлдөө хүрэх зөв замаа сонгож чаддаггүй  , бас мэддэггүйн улмаас бүтэлгүйтэл, бухимдал, хямралтай учирдаг. Бүтэлгүйтэл рүү зайлшгүй хөтөлдөг олон олон шалтгаан , хүчин зүйлүүд байдаг. Тэгвэл тэдгээрийн загалмайлсан эцэг нь “ мэдлэггүй байх явдал” юм. Юм үзэж , нүд тайлсан хүн гэж манайхан ярьдаг даа, тэднийгээ бас хүндэлдэг, үгийг нь сонсдог доо. Гэтэл та бид өөрсдөө юм таньж мэддэг эсэхээ тэр бүр мэддэггүй. Тэр ч битгий хэл мэдэхгүйгээсээ болж учирсан бүтэлгүйтэл болгоноо бусад руу чихнэ. Ингээд л эцэс төгсгөлгүй хэрүүл, уруул, цаг нөөц барсан тэмцэл , зодоондоо ордог. 

Юм мэддэггүй хүмүүсийг  идэвхгүй, өөртөө итгэлгүй, бусдыг их  шүүмжилдэг, ид шидэнд  итгэмтгий, бусдад хувь заягаа даатгамтгай, аливаа асуудлыг ерөнхийлж их ярьдаг, бас тэгээд залхуу, худалч  гээд гол хэд хэдэн шинжээр нь таньж болдог. Бас дээр нь “ерөнхийдөө”, “ёстой”, “ингэдэг байхгүй юу, тэгдэг байхгүй юу “гэдэг үгнүүдийг байнга хэрэглэдэг нь ажиглагдана.   Бид эдгээр шинж тэмдгээр өөрсдийгөө нэг шинжээд юмыг таньж мэддэг эсэхээ мэдээд авбал бүхнийг чаддаг болох урт аяллынхаа гарааг эхэлж байгаа нь тэр. 

Юм мэддэггүй гэдгээ мэднэ гэдэг бол ухаантайн шинж гэж нэгэн мэргэн хүн хэлснийг олон хүн санаж байгаа л байх. 

За тэгвэл юмсыг таньдаг мэддэг болохын тулд юу хийх хэрэгтэй вэ ? Сурах, сурган хүмүүжүүлэх, боловсролын гээд энэ талаар мөн л их олон ном, зохиол, сургаалууд бий. Юмс , үзэгдэл , хажуудаа байгаа хүнээ таньж мэддэг болно гэдэг бас өөрийн арга барил , дэс дараалал, тэвчээр, хүчин чармайлтыг шаардана. Хүн төрөлхтний өсөн дэвжиж ирсэн түүх бол юуны өмнө өөрсдийгөө, хүрээлэн байгаа орчиноо танин мэдэх үйл явцын түүх юм. 

Тэгэхдээ би энд тийм аугаа их үйл явцын тухай өгүүлэхийг зорьсонгүй. Харин танин мэдэх арга барилыг эзэмшихэд хэрэг болж магадгүй хэдэн энгийн санааг залуучуудад зориулан дэвшүүлэхийг зорилоо.

1. Танин мэдэх шаардлагатай байгаа  юмс  эсвэл үзэгдэл  эсвэл асуултаа  цаасан дээр бичгээр тодорхойлж  буулга.

2. Тэгээд уг тодорхойлолтод орсон үг бүрийн утгыг  аль болох олон , боломжит бүхий л эх үүсвэрүүдээс , тухайлбал, төрөл бүрийн толь бичгүүд, найз нөхөд, тэр ч битгий хэл Facebook, Twitter-ээр дамжуулан хай, асуу, сурагла, олж мэд. 

3. Олж авсан мэдээлэл, хувилбаруудаа жагсаагаад мөн л цаасан дээр буулга.

4. Хувилбаруудаа хооронд нь харьцуул 

5. Тэгээд анхны тодорхойлолтод байгаа утга санаагаа дахин нэг шалга, шаардлагатай бол өөрчлөөд дахин дээрх дарааллаар нэг шалга, өөртөө итгэлтэй болтлоо дахин давт.  

Дээрх  арга нь  та чухам юуг олж мэдэх гээд байгаагаа зөв томьёолж сурахад их дэмтэй. Ингэж томьёолохгүй бол таны хайран цаг чинь  ерөнхий эрлийн их далайд хөвсөөр байгаад барагдах болно. Тэгээд ч хүн төрөлхтний бий болгосон мэдлэгийн их санг та бид энэ яваа насандаа сурч барахгүй шүү дээ. 

Юуг танин мэдэх гээд байгаа талаараа  тодорхой, цэгцтэй томьёолсон зорилготой боллоо гэж бодъё. Дараагийн алхам нь юу бэ?

1. Тухайн зорилгонд тодорхойлсон асуултаа мөн л боломжит бүх эх үүсвэрүүдээс аав ээжээсээ, анд нөхдөөсөө, багшаасаа, хүүхдээсээ тэр ч бүү хэл  хүртэл тэр лам, бөөгөө оруулаад бүгдээс нь заавал асуу, хариултыг нь сонс, бүртгэж ав. 

2. Асуултаа Интернетийг ашиглаад тавь , хариултыг нь хай.  

3. Номын сан гэж нэг сайхан газар байна. Түүнээс хариултыг хай. 

4. Мөн л олж авсан мэдээллүүдээ цаасан дээр цэгцтэй буулга, хооронд нь харьцуул, уялдаа холбоог нь ойлгох гээд оролд, боломжит дүгнэлтүүдийн хувилбаруудыг гарга.  

5. Дээрх дүгнэлтүүд дээр үндэслэн  таны хариултыг нь олохыг зорьж буй асуултад  чинь хариулт болж магадгүй гэсэн хариултуудын бүх хувилбаруудыг мөн л цэгцтэй жагсаа.

6. Тэгээд  хувилбар болгоны  зөв эсэхийг  дахиад л боломжит бүх хэлбэрээр асуу, лавла, шалга 

7. Боломжтой бол найз нөхдөө , таньдаг мэддэг хүмүүсээ цуглуулж байгаад асуултаа дунд нь тавьж байгаад хэлэлцүүл, хариултыг нь цугтаа хай, мэтгэлц. Тэдний харж байгаа өнцгөөс харж сур. 

8. Олон нийтээр хэлэлцүүл. 

Пөөх ямар ядаргаатай , төвөгтэй юм бэ гэх хүмүүс гарах л байх. Тийм харагдаж байгаа, тэгээд бас цаг хугацаа шаардсан ажил гэдэг нь ойлгомжтой.

Гэвч ингэж Та өөрийнхөө өмнө тулгамдсан асуудлыг танин мэдэж, шийдвэрлэх оновчтой арга замаа тодорхойлж чадвал тэр нь таны цаг, хүчин чармайлт гаргасны үр дүн нь байх болно. Бас тэгээд ямар ч байсан та өөрийнхөө хувь заяаг хэн нэг популист улс төрчийн, эрдэмгүй ламын, номгүй бөөгийн, сэтгэлгүй наймаачны хуурамч амлалт, заль, залилан, шалиглалаас  баттай хамгаалж чаддаг болно. Сэрэлт гэдэг кино дээр гардаг Даш гуай Лавлаа хэмээх хочийг хэрхэн авсан тухай гардгийг та бид санаж байгаа. За нэг туршаад үзээрэй. Мэдэхгүйнхээ хар гайгаар алдаж эндэж явснаас Лавлаа хочтой болсон нь дээр шүү. Залуусаа!!!.    

                                         Залуу судлаач – Ирээдүйн манлайлагч сан.