Пүрэвтүвшингийн Хүслэнтуяа
05 сарын 01, 2025
Тогтвортой хөгжлийг дэмжигч Peak news мэдээллийн сайт “Бидний 17 зорилт” буландаа НҮБ-ын Монгол дахь Суурин зохицуулагч Яап ван Хиердэнийг урьж ярилцлаа.
Тэрбээр манай улсад ирэхийг мөрөөдөж явсан тухайгаа ярьж байв. Тиймээс Монголд ажиллах саналыг дуртайяа хүлээн авчээ. Түүний хувьд суурин зохицуулагчаар томилогдоод удаагүй ч олон ажлыг эхлүүлээд байгаа юм.
БИЧЛЭГ ҮЗЭХ:
#Манай гэр бүл Монголоор аялахыг үргэлж хүсдэг байсан…
-Тогтвортой хөгжлийг дэмжигч хэвлэл мэдээллийн байгууллагын хувьд таныг SDG 17 буландаа урьж ярилцаж байгаадаа баяртай байна. Та анх НҮБ-ын Суурин зохицуулагч болох саналыг хэрхэн хүлээж авсан бэ?
-НҮБ-ын Суурин зохицуулагчийн хувьд танай Peak.mn сайтын урилгыг хүлээн авах нь нэр төрийн хэрэг байлаа.
Ажлын шаардлагаар амьдрах болон аялах зорилгоор олон оронд очиж үзжээ. Монгол дахь НҮБ-ын Суурин зохицуулагчаар ажиллах хүндтэй үүргийг хүлээн авснаар манай гэр бүлийн Монголд очиж үзэх олон жилийн мөрөөдөл биеллээ олсон.
-Та монголчуудын амьдралтай хэр танилцаж байна вэ?
-Хамгийн хүйтэн улиралд ирсэн учраас мөсний баярыг зорин очиж сонирхлоо. Төсөөлснийг бодвол тийм ч их даараагүй шүү. Бас Монголын уламжлалт Цагаан сарын баярыг тэмдэглэж үзлээ. Монгол дээлээр ч гангараад авлаа. Амьдралдаа анх удаа айраг ууж үзлээ. Бага зэрэг алкахол амтагдсанд гайхсан шүү. (инээв)
-Хөдөө нутаг танд ямар сэтгэгдэл төрүүлсэн бэ?
-Гэрээс гарах төдийд л урд уужим тал цэлийнэ. Тэнд бэлчих мал сүрэг, байгаль эхийг ажиглаж зогсоход үнэхээр сайхан мэдрэмж төрсөн.
Уургаараа морь малаа бугуйлдахыг харах маш сонирхолтой санагдсан. Бүр морио унаад шүү дээ. Өнө эртнээс өвлөж ирсэн энэ мэт сонирхол татам олон ёс уламжлалыг зөвхөн Монголд л харах боломжтой.
#Дунджаас дээш орлоготой улсын иргэдийн хувьд ийм нөхцөлд амьдрах нь эвлэрч болох асуудал яавч биш
-Хэдийгээр үүрэгт ажлаа аваад удаагүй ч нэлээд завгүй ажиллаж эхэлжээ. НҮБ-аас Монгол Улсын хөгжлийг дэмжихэд ямар бодлого баримталж байна вэ?
-Монгол Улсад зайлшгүй шийдвэрлэх асуудал цөөнгүй бий. Тухайлбал орон нутгаас хот руу чиглэх иргэдийн шилжилт хөдөлгөөний эрчимтэй урсгал анхаарал татаж байна.
Зарим аймаг, сумын эмнэлэгт мэргэшсэн эмч дутагдалтайгаас жирэмсэн эхчүүд, эсвэл архаг хууч өвчтэй хүмүүс аргагүйн эрхэнд суурин газрыг зорьдог. Үүнээс гадна хүүхдэдээ чанартай боловсрол эзэмшүүлэхийн тулд Улаанбаатарыг барааддаг.
Үүнээс шалтгаалан нийслэлийн хүн амын хэт төвлөрөл, агаарын бохирдол, замын түгжрэл зэрэг хоёрдогч асуудал үүсэж байна.
Төр засаг орон нутагт чанартай боловсрол, эрүүл мэнд, дэд бүтэц, ажлын байр зэрэг амьдралын үндсэн хэрэгцээг хангахуйц нөхцөл боломжийг бүрдүүлэх үүрэгтэй. Цаашид энэ асуудалд улам их анхаарал хандуулах шаардлагатай байна.
-Нийгмийн тэгш бус байдал хөдөө гэлтгүй гэр хороололд ч бий. Та үүнийг анзаарсан уу?
-Анхаарал хандуулбал зохих дараагийн асуудал нь гэр хороолол гэж харсан. Зөвхөн Улаанбаатар төдийгүй миний очсон бусад аймаг суманд ч энэ асуудал анзаарагдаж байсан.
Гэр хороололд амьдарч буй хүмүүс одоог хүртэл ус, ариун цэврийн байгууламж, дулаан, цахилгаан эрчим хүчний сүлжээнд холбогдоогүй хэвээр байна. Энэ бол дунджаас дээш орлоготой улсын иргэдийн амьдрах орчин нөхцөл яавч биш.
-Тэгвэл энэ мэт тулгамдсан асуудлыг шийдвэрлэх гарц нь юу байх вэ?
-Өнгөрсөн хэдэн сарын хугацаанд миний хувьд төрийн байгууллагын мэргэжилтнүүд, хөгжлийн түншүүд, дипломат төлөөлөгчийн газрын тэргүүд, Засгийн Газрын гишүүд гээд аль болох олон хүнтэй уулзахыг хичээсэн.
Монгол Улсын Засгийн газар, эрх баригчид, Монголын ард түмнийг дэмжихэд Монгол дахь НҮБ-ын үйл ажиллагаа чиглэдэг.
Тиймээс бид та бүхэнд тулгамдаж буй асуудлыг тодорхойлж, Засгийн газарт зөвлөж туслах нь чухал юм. Мэдээж үүнд иргэдийн оролцоог орхигдуулах ёсгүй.
#COP17-г нүүдэлчин ахуй соёлыг таниулах, цөлжилттэй тэмцэх том боломж гэж харах хэрэгтэй
-Ирэх жил COP17 Монголд болох гэж байна. Энэ арга хэмжээний хүрээнд ямар ажлуудад төвлөрөх вэ?
Монгол Улсын хувьд тулгамдаж буй нэг асуудал бол цөлжилт юм. Ирэх жил Монгол Улсад зохион байгуулагдах COP17-ын үеэр энэ талаар нарийвчлан ярих болно. Монгол залуусыг энэ арга хэмжээнд идэвхтэй оролцоно гэж найдаж байна. COP17 бол нүүдэлчин амьдралын хэв маяг, монголчуудын соёл уламжлалыг дэлхий нийтэд таниулах маш том боломж юм.
-Манай улсын цөлжилтийн асуудал анхаарал татаад удаж байна. Энэ тал дээр ямар ажлууд хийгээсэй гэж боддог вэ?
-Бид Монгол Улсын Засгийн Газар, орон нутгийн удирдлагатай хамтран малчдын амьжиргааг дээшлүүлэх, уур амьсгалын өөрчлөлтийг тэсвэрлэх, дасан зохицоход нь дэмжлэг үзүүлэхийг зорин ажиллаж байна.
Тогтвортой хөгжлийн зорилгод хүрэхийн тулд уламжлалт мал аж ахуйг илүү боловсронгуй болгох, нэг малаас авах ашиг шимийг нэмэгдүүлэхэд анхаарах ёстой. Түүнчлэн зарим амьтны тоо толгойд ч бодлогоор анхаарах хэрэгтэй. Тухайлбал, ямаа бэлчээрийн доройтолд хамгийн их нөлөө үзүүлдэг амьтдын нэг гэдгийг та бид мэднэ.
Үүнээс гадна малчин өрхийн орлогын эх үүсвэрийг төрөлжүүлж, нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэлийг дэмжих шаардлагатай.
-Үүний цаана малчдын амьжиргааны асуудал яригддаг шүү дээ…?
-Энэ бол орхиж болохгүй чухал асуудал.
Аялал жуулчлалыг хөгжүүлэх замаар малчин өрхийг дэмжих боломжтой. Тухайн малчин айл хоёр гэртэй гэхэд нэг гэртээ жуулчин хүлээж аваад, морь унах, мал маллах зэргээр малчны ахуй соёлтой танилцуулж болно. Ингэж жуулчид айлчилж, зочлох байдлаар малчин өрхүүдэд орлого оруулах боломжтой.
#Тогтвортой хөгжлийг бий болгоход хүн нэг бүрийн хичээл зүтгэл чухал
Зураг | Тайлбар |
![]() | |
![]() | |
-Манай сайтын хувьд SDG17 булантай. ТХЗ-ыг хангахад тодорхой хэмжээнд хичээн ажиллаж байна. Байгаль орчиндоо ээлтэй амьдрахын тулд өдөр тутамдаа хэрэгжүүлдэг дадлаасаа хуваалцана уу?
-Байгаль орчноо хамгаалахад хүн нэг бүрийн хичээл зүтгэл чухал. Танд би өөрийнхөө өдөр тутмын нэг жишээг танд ярья.
Манай оффисын барилга 7 давхар, миний ажлын өрөө 6 давхарт байрладаг. Гэхдээ би байнга энгийн шат ашиглахыг хичээдэг. Өглөө ирэхдээ, орой харихдаа ч шатаар өгсөж уруудна гэдэг эрүүл мэндэд ч, эх дэлхийдээ ээлтэй үйлдэл гэж боддог.
Манай гэр бүлийн хувьд гялгар уут хэрэглэдэггүй. Даавуун уутыг өдөр тутамдаа хэрэглэж хэвшсэн.
-Аливаа улс орны залуучуудын хандлага, байгаа байдал тухайн орны ирээдүйг тодорхойлдог гэж ярьдаг. Таны хувьд монгол залуустай уулзахад манай улсын ирээдүй ямар харагдаж байна вэ?
-Миний харснаар монгол залуус эрч хүч, урам зоригоор дүүрэн юм. Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн их дээд сургуульд суралцаж буй залуус олон байна. БНХАУ төдийгүй Япон, Австрали Шинэ Зеланд, АНУ болон Европт суралцсан залуустай ч уулзаж ярилцлаа. Ихэнх нь 20-30-аад насныхан, тэд эх орондоо үнэтэй хувь нэмэр оруулна гэж итгэл дүүрэн ярьж байна.
Тэдний боловсрол, “хийе, бүтээе” гэсэн чин хүсэл эрмэлзэл та бидний төсөөлөө ч үгүй олон эерэг өөрчлөлтийг Монголд авчирна гэдэгт би итгэдэг.
-Цаг гарган ярилцсан танд баярлалаа.
Зураг | Тайлбар |
![]() | НҮБ-ын Монгол дахь Суурин зохицуулагч Яап ван Хиердэн Peak.mn сайтын эрхлэгч Ц.Цэрэндолгорын хамт |
![]() | Суурин зохицуулагч Яап ван Хиердэн болон Peak.mn сайтын хамт олон |
Сэтгэгдэл бичих (1)
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.
Зочин [59.153.113.220] ・ 8 өдрийн өмнө Хариулах
transfer.cloud.mn/view/KXABSY