Х.Оргил
01 сарын 14, 2021
“Залуу судлаачдыг дэмжих сан” ТББ нь 2020 оны 8-р сарын 24-ний өдрөөс 10-р сарын 30-г хүртэл нийт 2 сарын хугацаанд “Сократус Стартап Студио”-ийн санаачлагаар нийгмийн нэгж системийн инженерчлэлийн аргачлалыг ашиглан “Гарааны бизнесийн экосистемийн жишиг загвар боловсруулах нь” судалгааг салбар бүрийн төлөөлөл нийт 16 судлаачдын бүрэлдэхүүнтэйгээр гүйцэтгээд байна.
Тус судалгаанд “ТУС Солюшн” ХХК арга зүйн зөвлөхөөр, “Маххони Лиотта” ХХК хуулийн зөвлөхөөр тус тус ажилласан байна. Энэхүү судалгааны багийн судлаачдын төлөөлөл Г.Өнөржаргалтай ярилцлаа.
Тэрбээр Монгол Улсын Их Сургуулийн Биотехнологи хөтөлбөрийн 3-р түвшиний оюутан. Анх удаа нийгмийн судалгааны ажилд оролцсон тул баг хамт олныхоо тусламжтай маш олон шинэ зүйлийг сурж авахын зэрэгцээ энэхүү чухал судалгаанд өөрийн хувь нэмрээ оруулаад байгаа юм.
-“Гарааны бизнесийг дэмждэг экосистемийн жишиг загвар боловсруулах нь” судалгаанд оролцох болсон зорилго тань юу байсан вэ? Судалгааны үр дүн нийгэмд ямар үнэ цэн бүтээнэ гэж бодож байна вэ?
-Мэргэжлээрээ сурч байх явцад манай оронд үнэт бүтээгдэхүүн болох боломжтой биологийн асар арвин нөөц байгааг ойлгосон. Тэдгээрийг зөв зохистойгоор ашиглаж чадвал монголд төдийгүй дэлхийд үнэ цэн бүхий бүтээгдэхүүн гарган авах боломжтой. Түүхий эдийг шууд зарахаас илүүтэй түүхий эдийг боловсруулан бүтээгдэхүүн болгоход үнэт чанар нэмэгдэнэ. Гэвч нөөц боломж байсан ч түүнийг цааш хөгжүүлэн нийгэмд эргэлтэнд оруулах, цаашид компани тогтвортой үйл ажиллагаатай болоход олон асуудал тулгардаг учраас ихэнх гарааны бизнесүүд бүтээгдэхүүнийхээ ач тусыг бүрэн гаргаж чадалгүй дампуурдаг.
Энэ асуудал жил ирэх бүр сайжирч байгаа ч миний судалгааны ажилд оролцсон зорилго бол судалгааны ажлаас гарах үр дүн гарааны бизнесийг дэмждэг экосистем жинхэнэ утгаараа бүрэлдэн бий болох үндэс суурийг багийхантайгаа хамтран тавихад оршсон.
Экосистем бүрэлдэн бий болоход цаг хугацаа, хүч хөдөлмөр, мөнгө санхүү их зарцуулах хэрэгтэй боловч гарааны бизнесийн оролцогч талууд системтэйгээр хамтран ажилласнаар гарах үр дүн Монгол орны минь хөгжилд чухал нөлөө үзүүлнэ гэж бодож байна.
-Судалгааны арга, аргачлалын талаар тайлбарлаач, бусад судалгааны арга аргачлалаас ямар ялгаатай вэ? Судалгаанд оролцсоноор ямар мэдлэг ур чадварт суралцсан бэ?
-Системийн инженерчлэлийн аргын гол давуу тал бол эмх цэгтэй, уялдаа холбоотой логик зөрчилгүй байхад оршино. Энэ аргаар төрөл бүрийн системийн зорилго, оролцогч талууд, хэв шинжийг тодорхойлох, системд тулгарч буй асуудлыг олох, асуудлыг шийдвэрлэх боломжит аргуудыг судалж үзнэ.
Судалгаанд оролцсоноор системийн инженерчлэлийн аргад суралцахын сацуу гарааны бизнесийн талаарх чухал ойлголтуудыг мэдсэн.
-Судалгаа гүйцэтгэх явцад тулгарсан бэрхшээл байсан уу?
-Биологийн ихэнх ойлголтууд нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн байдаг. Харин нийгмийн ухааны тодорхойлолтууд маргаантай, тогтсон биш байсан нь судалгааны эхний үе шат болох ойлголт тодорхойлоход бэрхшээл болж байсан. Мөн гадаад эх сурвалж ашиглахад тухайн үг хэллэгийг монгол хэл дээр хамгийн тохиромжтойгоор илэрхийлэх утга дүйх, логик зөрчилгүй үгийг сонгоход их цаг зарцуулсан. Манай багийнхан олон талаас асуудлыг хэлэлцэж, өргөн хүрээнд сэтгэснээр тулгарсан бэрхшээлийг давуу тал болгож цаашдын судалгааг илүү хялбар болгосон.
-Цаашид ЗСДС-тай хамтран судалгаанд оролцох хүсэлтэй залууст хандан өгөх зөвлөгөө өгөхгүй юу?
-Анх ЗСДС-ын талаарх мэдээд судалгаанд оролцохыг хүсэж өргөдлөө илгээж байсан ч тэнцээгүй. Гэвч нийгэмд үнэ цэнэ бүтээх зорилготойгоор энэ жил нь дахин материалаа илгээн, ярилцлагад орж тэнцэж, гайхалтай хамт олонтойгоор судалгааны ажилд оролцсон. Тиймээс хүссэн зүйлдээ бууж өгөлгүй дахин дахин оролдох хэрэгтэй гэдгийг ойлгосон. Залуу Судлаачдын Дэмжих Сан шинийг эрэлхийлсэн, бүтээлч залууст нээлттэй олон төрлийн судалгаа, хэлэлцүүлэг явуулдаг тул та бүхэн ч гэсэн идэвхитэй оролцоорой.