Монголын үндэсний бөхийн холбооны тэргүүлэгчид бөхчүүдийг журамлах, шагнаж урамшуулах шинэ журам баталжээ. Энэ журмаар улсын цолтой бөхчүүд МҮБХ-ноос зохион байгуулдаг барилдааны 50-70 хувьд нь оролцохгүй бол Цагаан сарын барилдаан, Улсын наадамд зодоглох эрхийг хасах гэнэ. Энэ нь бөхчүүдийг бэлтгэл сайтай байлгах, эрэмбэ чансааг нь сайжруулах, цолныхоо нэр хүндийг даалгаж хариуцлага үүрүүлж байгаа нэг хэлбэр юм.

Үндэсний бөхийн холбооноос жилд 20 гаруй барилдааныг зохион байгуулдаг. Эдгээр барилдаанд амжилттай сайн оролцсон бөхийг “Үзэгчээ дээдлэгч бөх”-өөр өргөмжилж, 10 сая төгрөгөөр шагнах журмыг шинэ дүрмэндээ оруулжээ. Улсын цолтой бөхчүүд эдгээр барилдаанд оролцвол бай дээр нь нэмээд 110-330 мянган төгрөгийн нэмэлт урамшууллыг барилдаан бүрт олгож байхаар тогтсон байна.