Швейцарын Луизанн хотноо төвтэй Дэлхийн өрсөлдөх чадварын төвөөс 1989 оноос хойш жил тутам “Дэлхийн өрсөлдөх чадварын жилийн тайлан”-г тасралтгүй гаргаж буй. Улс орнуудын өрсөлдөх чадварыг

-Эдийн засгийн тамир тэнхээ,
-Засаглалын үр ашиг,
-Бизнесийн байгууллагын ашигт ажиллагаа,
-Дэд бүтцийн хөгжил гэсэн 4 үндсэн хүчин зүйлийг харгалзан гаргадаг.

Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс өнөөдөр (2023.06.20) “Дэлхийн өрсөлдөх чадварын жилийн тайлан 2023”-г танилцуулав. 

Энэ удаагийн тайланд 64 улс хамрагдсанаас Монгол Улс 62 дугаарт эрэмбэлэгджээ.

Өрсөлдөх чадвар хамгийн сайн улсуудаар Дани, Ирланд, Швейцарь, Сингапур, Нидерланд улс эрэмбэлэгджээ. Харин өрсөлдөх чадвар хамгийн сул улсуудаар Бразил, Өмнөд Африк, Монгол, Аргентин, Венесуэл нэрлэгдлээ. Энэ нь өнгөрсөн жилийнхтэй ижил үзүүлэлт юм. 

Монгол Улсын сайжирсан болон ухарсан үзүүлэлтүүд:

Сайжирсан: 

Нэг хүнд ногдох ДНБ-ий бодит өсөлт 2022 онд хасах 0.14 хувьтай байсан бол 2023 онд 3.62 болжээ.
Улсын төсвийн ашиг/алдагдал 2022 онд хасах 3.46 хувьтай гарч байсан бол энэ онд 0.79 хувьтай гарч байна. Хөрөнгийн зах зээлийн үнэлгээ 5.98-аас 11.41 хувь болж өсчээ.

Ухарсан: 

Хэрэглээний үнийн индекс 2022 онд 7.11 хувьтай байсан бол 15.15 (дундаж хувь) болжээ. Цаашлаад хөдөлмөр эрхлэлтийн урт хугацааны өсөлт хасах 10.51-ээс мөн хасах 14.30 хувь болж нэмэгджээ. Бохирдлын асуудал 2.11-2.91 хувьтай байна.

Монгол Улсын хамгийн сайн буюу давуу талын болон сул талын үзүүлэлтүүдийн эрэмбийг харвал:

Хамгийн сайн буюу давуу талын үзүүлэлтээр:

Оффисын түрээсээр 1,
бараа, бүтээгдэхүүний экспортын ДНБ-д эзлэх хувиар 11-д,
төсвийн ашгаар 10,
хэрэглээний татварын түвшнээр 12,
ажилчдын сургалтаар 26,
харилцаа холбооны салбарын хөрөнгө оруулалтаар 11-д тус тус эрэмблэгджээ.

Сул талын үзүүлэлтээр:

экспортын түншийн төвлөрлөөр 64-т,
эдийн засгийн сорилтыг сөрөх чадвараар мөн 64-т,
төрийн өмчийн ААН-үүдийн оролцоо өндөр байна гэдгээр 63-т,
хүнд суртлаар 62-т тус тус орсон байна.

Өрсөлдөх чадварын үзүүлэлтээр ийнхүү сул байрт эрэмбэлэгдсэн тохиолдолд, Монгол Улсад инфляцын түвшин өндөр байгаа нь төв банк зээл олголтыг хумихад хүргэж болзошгүй. Түүнчлэн ажилгүйдэл, ядуурал, тэгш бус байдал нийгмийн тулгамдсан асуудлууд хэвээр байна.


"МАНАЙ УЛС НИЙТ 100 ОНООНООС 35.56 ОНОО АВСАН"

Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвийн Удирдах зөвлөлийн дарга П.ЦАГААН: 

-Дэлхийн өрсөлдөх чадварын жилийн тайланг нийт 335 шалгуур үзүүлэлтээр судлан эрэмбэлж, боловсруулдаг. Тус тайлан улс орныг хөгжүүлэх чиглэлд явуулсан бодлого, үйл ажиллагаа ямар үр дүнд хүрсэн бэ гэдгийг харуулдаг. Улс орнууд тодорхой үзүүлэлтүүдээр нийт 100 оноо авахаас манай улс 35.56 оноотой байна. Энэ нь өмнөх оноос 0.64 оноогоор буурч, нэг эрэмбэ ухарсан үзүүлэлт юм. 

МОНГОЛ УЛСЫН ӨРСӨЛДӨХ ЧАДВАРЫН ОНООНЫ ҮЗҮҮЛЭЛТ ТОГТМОЛ БУУРЧ БАЙНА

Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвийн дэд захирал И.ОДОНЧИМЭГ: 

-2018 оноос хойш Монгол Улсын өрсөлдөх чадварын онооны үзүүлэлт тогтмол буурч байна. Үүнд олон хүчин зүйл нөлөөлж буй. Судалгаанд 335 шалгуур үзүүлэлт байдаг. 

Сүүлийн үед шинжлэх ухаан, робот болон цар тахлын нөлөөнөөс үүдсэн шинэ үзүүлэлтүүд орж ирсэн. 

Анх 2015 онд судалгаа хийхэд манай улс 57 дугаарт эрэмбэлэгдэж байсан. Монгол Улсын хувьд энэ нь хамгийн өндөр үзүүлэлт байсан. Харамсалтай нь 2023 онд сүүлээсээ гуравдугаарт эрэмбэлэгдсэн байна. 

Аргентин, Венесуэл, Өмнөд Африк гэх мэт өрсөлдөх чадвараар хойно эрэмбэлэгдсэн улсуудтай хамт бичигдсэн хэвээр байна. Бизнес эрхлэх орчны үзүүлэлтээр өнгөрсөн жилийнхээс эрс муудсан. Засаглалын үзүүлэлт нь өнгөрсөн жилтэй харьцуулахад нэг эрэмбээр буурсан.