Орчин үеийн сэтгэл судлал психоанализын тусламжтайгаар үсрэнгүй хөгжсөн гэж үздэг хүмүүсийн нэг билээ. Миний хувьд психоанализын “фен” биш ч гэлээ сэтгэл судлалын шинжлэх ухаанд үлдээсэн Фройдын хувь нэмрийг үгүйсгэдэггүй. Зарим судлаачид түүнийг сэтгэц, ухамсрыг хамгийн анх системтэйгээр тайлбарласан явдлыг онцолж хэлдэг ч Виллиам Жеймс энэ магтаалыг түрүүлж хүртэх эрхтэй байсан болов уу гэж боддог. Харин Фройд ухамсрын тайлбарыг илүү клиник шинжтэй тайлбарласан нь орчин үеийн сэтгэц засал, сэтгэлзүйн зөвлөгөөний суурийг тавихад нөлөө үзүүлсэн байх.

Психоанализ бараг 150 гаруй жилийн өмнө үүсэж, хөгжжээ. Энэ нь өнөөдрийн ярьдаг нейросайнс, когнитив сэтгэл судлал, сэтгэц хэмжилзүйн дэргэд хэтэрхий “инээдтэй” гэмээр. Онолын түвшинд ч хүлээн зөвшөөрөгдөж чадаагүй л байна. Энэ талаар нэгэн түүхийг өгүүлэхэд америкийн сэтгэл судлаач Розенцвейг (1941) сэтгэц хөөрлийн дарагдлыг (репресс) лабораторид судалсан судалгааныхаа талаар Фройдод бичихэд хариуд нь психоаналитик бол маш олон тооны клиник ажиглалт дээр тулгуурласан учир туршилтаар шалгах ямар ч шаардлагагүй гэсэн байдаг.

Фройдизмд алдаа, дутагдал их бий ч түүний онол зүгээр нэг ухамсартай ба ухамсаргүй юм уу ид, суперэго-гийн схем зураг биш юм. Түүний онолыг олон салаа фактуудаас бүрдсэн цогцолбор болохыг дараах зурагнаас харна уу.

Image for postЭх сурвалж: Психоанализ, Л.Энхтүшиг ©2020

Хэдийгээр бүтэн зууны өмнөх онол, үзэл баримтлалыг орчин үеийн шинжлэх ухаанд хэрэглээ болгох нь түвэгтэй ч Монголд Фройдын бүтээлийг ердөө 30 жилийн өмнө унших боломж бүрдсэн гэдгийг санах хэрэгтэй. Энэ хүртэл тухайн урсгал, чиглэлээр хичнээн бааз бүрдсэн бэ? гэдгийг бодвол асуудалтай.

БИДНИЙ СЭТГЭЛЗҮЙ ӨӨРЧЛӨГДӨХ ҮҮ?

… Бие хүний сэтгэл судлалын онолууд дундаас хөгжлийн үл өөрчлөгдөх талыг хамгийн их баримтлагч, гутранги шинжтэй нь психоаналитик онол гэхэд маргах судлаачид цөөн байх. Тухайлбал, Английн ханхүү Филиппийн эх, английн язгууртан Алис ер бусын амьдралыг туулахдаа 1930-аад онд шизофрени өвчнөөр оношлогдож, эмчийнх нь зөвлөснөөр Фройдын эмчилгээнд хамрагдахаар болжээ. Харин Фройд түүнийг сексийн фрустраци хэмээн оношилж олон дахин цахилгаан гүйдлээр цохиулан эмчлэх гэж оролдсон байна. Харамсалтай нь Фройдын бүтэлгүй оролдлогын уршгаар Алисыг бэлгийн дуршилгүй болгож, үргүйдэлд хүргэжээ. Энэ кейсээс үзэхэд психоаналитик онол болон эмчилгээ нь “үл өөрчлөгдөх” талыг баримталдаг гэж дүгнэхээр байна.

Психоаналитик онолд сэтгэц бэлгийн хөгжлийн үе шатуудыг тодорхойлсон байдаг. Аль шатанд хөгжил хэрхэн явагдаж байгаа вэ? Гэдэг чухал. Жишээ нь, нялх хүүхэд эхийнхээ хөхийг хангалттай хөхөж өсөөгүй бол “орал-идэвхгүй” үе гэж нэрлэх нь бий. Иймд дээрх “Бидний сэтгэлзүй өөрчлөгдөх үү?” гэсэн асуултад “Үгүй” гэж хариулах нь байна …

ПСИХОАНАЛИЗИД ИТГЭЖ БОЛОХ УУ?

… Аливаа шинжлэх ухаан таамаглал дэвшүүлж, түүнийгээ нотолж чадахаа харуулдаг. Психоанализ үүнтэй бүрэн нийцэж чадахгүй тухай дараагийн бүлгүүдэд тайлбарлах болно. Орчин үеийн сэтгэл судлалын позитив, зан байдлын урсгалыг баримтлагчид психоанализыг үгүйсгэх нь түгээмэл. Бяцхан Хансын кейст гардаг шиг таван настай жаал хүү үнэхээр эцгийгээ морьтой зүйрлэсэн үү, үгүй юу гэдгийг позитив сэтгэл судлаачид тайлбарлах боломжгүй.

Фройдыг өөд болсны дараа бие хүний онолчид түүний онолын үзэл баримтлал, туршилт, кейсүүдэд үнэмшдэггүй байв. Тухайн үед аналитик сэтгэлзүйчид аливаа онолын үндэслэлийг тогтооход зориулан шинжлэх ухааны аргыг ерөөс сонирхон хэрэглэдэггүй байжээ. Онолын үзэгдэл нь амьдралын туршлагад тохирч байна уу, үгүй юу гэдгийг л харгалздаг байсан ч психоаналитикийг туршилтаар шалгасан зарим судалгаанууд байдаг ажээ …

Тус номыг эндээс авна уу