П.Болортуяа: Хуруугаа хөхөх, бусдыг хазах зуршлууд хүүхдийн сэтгэл зүй тогтворгүй байгааг илтгэдэг

П.Мөнгөнсор
10 сарын 10, 2023

Гэр бүлийн боловсрол, хүүхэд хүмүүжлийн эерэг арга барилыг хуваалцахаар зорьдог “Уурлах уу, учирлах уу” булангийн маань эвэнт болж өнгөрлөө.

Энэ удаагийн зочноор сэтгэцийн эмгэг судлал, сэтгэл засал судлалын их эмч П.Болортуяатай ярилцлаа. Тэрбээр хүүхдээ сэтгэцийн хувьд эрүүл хүн болгон төлөвшүүлэхийн тулд багаас нь яагаад анхаарах ёстойг зөвлөж байна.Уурлах уу, учирлах уу” эвэнтийн үеэр...

Сүүлийн үед хуруугаа хөхдөг, хумсаа мэрдэг, цэцэрлэгийн найзаа хаздаг зэрэг шалтгаанаар сэтгэцийн эмч нарт хандаж үзүүлэх нь илт нэмэгдсэн. Үүнийг зарим эцэг эхчүүд тоодоггүй. Ингэж тоохгүй явсны гор нь хүүхдийн өсвөр насанд илэрдэг. Цаашлаад тухайн зуршлаасаа болоод насан туршийн эмзэг асуудалтай болох эрсдэлтэй. Тухайлбал хаздаг зуршлаасаа болоод гэр бүл зохиож чаддаггүй өдийг хүрсэн хүн ч үзүүлж байлаа. 

Та хүүхдээ сайтар анзаараарай. Хүүхэд тавгүй үедээ л хуруугаа хөхөх, хумсаа мэрэх зэрэг үйлдэл гаргадаг. Эдгээр зуршлууд нь хүүхдийн сэтгэл зүй тогтворгүй буюу стресст өртсөн байгаагийн илрэл юм. Иймээс тухайн зуршил эхлэх төдийд л хүүхдээ анзаарч мэргэжлийн эмчид хандах ёстойг аав ээжүүдэд сануулмаар санагддаг.  

Энэ нь зөвхөн дээрх зуршлаар хязгаарлагдахгүй. 

Гурван нас хүрсэн ч орондоо шээдэг асуудлаар нэлээд хандаж байна. Энэ байдал нь өсвөр нас хүртлээ үргэлжилдэг ч тохиолдол бий. Тухайлбал шөнө бүр орондоо шээдэг шалтгаанаар 8 дугаар ангийн өсвөр насны охиныг ээж нь үзүүлсэн. Гэр бүлийн өв тэгш хүмүүжилтэй, ээж аав нь хайр дүүрсэн өсгөсөн охин л доо. Судлаад үзтэл охин  цэцэрлэгт орондоо шээснийг нь багш нь мэдээд “Хүүхдүүд ээ,  үүнийг хараарай, орондоо шээчхэж” гэж онцлон хэлж ангийнхнаар нь шоолуулчихсан юм билээ. Тэр үед найзуудаасаа ичсэн тухайгаа охин ярьсан, энэ явдал маш хүчтэй сэтгэл зүйн цочролд оруулсны үр дагавар шүү дээ. Энэ асуудлаа шийдэж чадахгүй явсаар эмгэг болчихсон хэрэг. Мэдээж тухайн үед цэцэрлэгийн багш хор уршгийг нь мэдэхгүй учраас тийм үйлдэл хийсэн байж таарна. 

Гэвч ямар үйлдэл хүүхдийн сэтгэл зүйд хэрхэн нөлөөлж байгааг томчууд бид анзаарах үүрэгтэй. Үүн шиг удаан хуримтлагдсан стресс, траумаг /сэтгэлийн шарх/ арилгахын тулд анх зуршил дадалтай болсонтой дүйх хугацааны сэтгэл засал, эмчилгээ шаардлагатай болдог. 


Ой 6 сар хүртлээ эхийн сүүгээ хөхсөн хүүхэд сэтгэл зүйн дархлаатай болдог

Хүүхэд эхийн сүүгээ 1 нас 6 сар хүртлээ хөхөх ёстой. Сэтгэцийн эмчийн хувьд ажиглаж байхад бага насны хүүхдэд сэтгэцийн эмгэгийн шинж тэмдгүүд ажиглагдах эхийн хөхөө хөхөөгүйтэй холбоотой байдаг. 

Хүүхэд мээмээ хөхсөнөөр дараах гурван мэдрэмжийг авдаг. 

✔Нэгдүгээрт, мээмээ хөхөх дур тайлагддаг

✔Хоёрдугаарт, маш хүчтэй тайвшрал мэдэрдэг

✔Гуравдугаарт, цадсан хүүхэд тайван унтдаг. Нэг ёсондоо энэ мэдрэмжүүдээр дамжуулан бие махбодын хувьд төдийгүй сэтгэл зүйн дархлаа тогтож байдаг гэж ойлгож болно. 

Ой 6 сар гэж тодотгоод байгаа нь учиртай. Хүүхэд энэ нас хүртлээ ээжтэйгээ нэг хүн гэж өөрийгөө боддогт байгаа юм. Тиймээс ээж дэргэд байхгүй, мээмээ хөхөж чадахгүй бол хүүхэд хүчтэй стресст ордог. Үүнийг сэтгэл судлалын шинжлэх ухаанд амны будилаан гэж нэрлэдэг.

Бичлэг үзэх:

Гэвч Монгол улсад эхийн сүүгээр хооллолтын үзүүлэлт жил ирэх тусам буурсаар байгаа нь харамсалтай. Албаны судалгаанаас үзэхэд эрт амлуулалт 70% байгаа бол, нийт нялхсын дөнгөж 50% нь эхний 6 сарын турш эхийн сүүгээр дагнан хооллож байна. Цаашлаад 2 хүртэлх насны хүүхдийн дөнгөж 46% нь эхийн сүүгээр хооллож байна.

Гэтэл эхийн сүү нь хүүхдийн эрүүл амьдралын гараа болдог. Эхийн сүү хүүхдийн тархины хөгжлийг дэмжээд зогсохгүй төрөл бүрийн өвчин, эндэгдлээс хүртэл хамгаалах анхны дархлаажуулалт болдог гэдгийг судалгаа батлан харуулдаг. 

Хүний амьдрал баялаг боловч энэ асуудал дээр онцгойлон анхаарал хандуулаарай гэж ялангуяа залуу эцэг эхчүүдэд хэлмээр санагддаг. 


Та хүүхдээ хэзээ хамгийн сүүлд анзаарсан бэ?

Өсвөр насанд хүүхдийн бие махбод болоод сэтгэл зүйн олон өөрчлөлтөд ордог.  Тиймээс  сэтгэл зүйн хувьд тогтворгүй, савлагаатай байдаг нь хэвийн үзэгдэл. Харин энэ тогтворгүй байдал даамжирч сэтгэл гутрал болон хувирч байвал аав ээжүүд хүүхдэдээ анхаарах цаг болжээ гэсэн үг. Тиймээс хүүхдэдээ сэтгэцийн эмгэгийн шинж тэмдгүүд байгаа эсэхийг ажиглах нь чухал юм.

Сэтгэл гутралд орсон хүүхэд ихэнхдээ хөдөлгөөн нь удааширсан, үг дуу цөөн, нам дуутай, асуусан асуултад ганц нэг үгээр хариулдаг. Анзаарвал дотогшоо болчихсон байдаг. Энэ үед нь яаралтай анхаарах ёстой. Мэргэжлийн байгууллагад ч хандаж болно шүү дээ. 

Хүүхэд дуугаа хураагаад эцэг эхтэйгээ харилцахгүй байх тусмаа буруу зан үйлд татагдах нь ихэсдэг. Нэг жишээ нь тамхинд орох юм. Орчин үеийн өсвөр насныхан электрон тамхи их татдаг болчхож. Үе тэнгийнхэндээ уруу татагдаад тамхи сонирхон татах тохиолдол ч элбэг байна. Буруу зүйлийг санал болгоход дагаж байна гэдэг нь бусдад үгүй гэж хэлж чадахгүй буюу сэтгэл зүйн дархлаагүй байгаагийн нэг илрэл юм.

Цаашлаад сэтгэл гутрал удаан үргэлжилбэл хүүхэд өөрийгөө амьд яваад ч хэрэггүй юм байна гэж бодож эхэлдэг нь ч нууц биш. 

Асуудлыг заавал энэ хэмжээнд тулгах шаардлагагүй шүү дээ. Тиймээс л өсвөр насны хүүхэдтэйгээ найз бай гэж эцэг эхчүүдэд зөвлөөд байгаа юм. 

Холбоотой ярилцлагуудыг дарж унших⇩:

Гэр бүлийнхээ уур амьсгалыг хүүхдийнхээ нүдээр харъя гэвэл зурсан зургийг нь ажигла

Б.Алтанзаяа: Асуудалдаа шаналсан өсвөр насныхантай ярилцахад сэтгэлээ дэлгэж, асгаруулан уйлдаг

Эцэг эх та анзаарахгүй л бол таны хүүхэд улам ихээр дээрэлхүүлж, гадуурхагддаг


Сэтгэгдэл бичих (2)

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.