П.Болортуяа: Гэр бүлийнхээ уур амьсгалыг хүүхдийнхээ нүдээр харъя гэвэл зурсан зургийг нь ажигла

П.Мөнгөнсор
11 сарын 18, 2022

Хүүхдийнхээ зурсан зургийг анхааралтай ажиглавал маш их зүйлийг өгүүлж байдгийг эцэг эх та мэдэх үү. Ялангуяа гэр бүлийн зургаар тухайн хүүхдийн сэтгэл хөдлөл, мэдрэмж, айдас, гоо зүйн мэдрэмж, гэр бүлийнх нь уур амьсгалыг хүртэл унших боломжтой байдаг ажээ. 

Тиймээс бид “Уурлах уу, учирлах уу?” булангийнхаа ээлжит зочноор Сэтгэцийн эмгэг судлал, сэтгэл засал судлалын их эмч П.Болортуяаг урьж энэхүү сэдвээр ярилцлаа.

Таны хүүхэд цаасныхаа аль хэсэгт гэр бүлээ зургаа зурдаг вэ?

Хүүхэд цаасныхаа яг хаана зургаа зурдаг вэ гэдгийг сайтар анзаараарай. Хэрвээ гэр бүлийн гишүүдээ том цаасны доод хэсэгт, жижгээр зурсан бол хүүхэд сэтгэл зүйн хувьд айдастай, өөртөө итгэлгүй байгаагийн шинж

“Мангаа ирнэ шүү”, “Чамайг буруу зүйл хийвэл ингэнэ шүү, тэгнэ шүү” гэсэн үгс харанхуйгаас айдаг, сэтгэл зүйн тогтворгүй төлөвтэй болоход нөлөөлдөг. Зарим хүүхэд 7, 8 нас хүрсэн ч ганцаараа гадаа гарч бие засаж чаддаггүй нь үүнтэй холбоотой.

Бичлэг үзэх:

 

Хэрэв цаасны дээгүүр хэсэгт голдуу зурдаг бол өөрийгөө эрхэмлэдэг хүн болж төлөвшиж байгаагийн илрэл юм. Нэг талаас харвал аав ээж хэт эрхлүүлсэний шинж. “Би л болж байвал бусад нь хамаагүй” гэсэн хандлага суучихсан хүн болж төлөвших талтай.

Харин цаасныхаа дундуур нь зурж байвал сэтгэл зүйн хувьд тогтвортой, хэвийн байна гэсэн үг юм. 


Мэдрэхүйн эрхтнийг зурдаг эсэхээр нь олон зүйлийг ойлгож болно 



Таны хүүхэд зурахдаа мэдрэхүйн эрхтнүүдийг зурж байгаа эсэхийг анзаараарай.

Чих зурдаг уу?

Чих зурсан эсэхээр нь гэр бүлийнхэн нь нэгнээ хэр сонсож, ярилцдаг эсэхийг мэдэж болно. Жишээ нь гартай, амтай, нүдтэй мөртлөө чихгүй зурчихсан байвал тэр хүн нь өөрийг нь сонсож, ярилцдаггүй гэдгийг илэрхийлж байгаа юм.


Таныг том амтай зураагүй биз?

Хэн нэгнийх нь амыг том зурдаг бол тэр хүн их ярьдаг гэдгийн жишээ.  

Ихэнх хүүхдүүд ээжийнхээ, эгчийнхээ амыг маш том зурдаг ч чих зурдаггүйг бодож анзаарч байгаарай. Том амтай хэрнээ чихгүй зурсан бол нэгнээ сонсдоггүй, дор бүрнээ яриад байдгийг хэлж байгаа хэрэг.


Хүрэлцэж, тэврэлдэж байгаа дүрслэл байна уу?

Таны хүүхэд гэр бүлийнхнийгээ хөтлөлцсөн, тэврэлдсэн, нэг зүг рүү харсан, хамтдаа инээж хөгжилтэйгээр зурж байна уу?

Энэ нь сэтгэл зүйн хувьд эрүүл байгаагийн шинж юм. Мөн хүүхдийн нүдээр гэр бүлийн амьдрал нь тайван, аз жаргалтай байна гэж үзэж болно.


Хамар нь хаана байна?

Хүн сайхан үнэр үнэртэхээрээ тааламжтай мэдрэмж авдаг. Бас сүрчиг түрхэхээрээ өөртөө итгэлтэй болдог сэтгэл зүйн хандлагууд бий. 

Бага насны хүүхэд “Энэ хувцсыг өмсөнө, үүнийг өмсөхгүй” гэж хэлж, сонгож, голж, шилж үүндээ бухимдаж байгаа нь ч гоо зүйн мэдрэмж сууж байгаагийн илрэл юм.  Зарим аав ээжүүд хүүхдийнхээ өмнөөс өмсөх хувцсыг нь сонгох гээд байдаг. Хэрвээ хүүхдийн гоо зүйн мэдрэмжийг нь хөгжүүлье гэвэл зааварладаг зангаа засаарай гэж зөвлөе.


Интроверт уу, экстраверт үү?

Хүүхэд өөрийгөө хоёр гар, хөлөө эх биеэсээ хөндий, салгаж зурах тусмаа сэтгэл хөдлөл мэдрэмжээ гадагшаа илэрхийлдэг буюу экстраверт төрлийн хүүхэд байх магадлалтай байдаг.

Зарим хүүхэд  хоёр гараа ардаа нуучихсан эсвэл хоёр хөлөө нийлүүлээд зурчихдаг. Учрыг нь асуухаар “Хоёр гараа ардаа авчихсан байгаа юмаа, хөлөө нийлүүлээд зурахаар тэгшхэн харагддаг” зэргээр тайлбарладаг.

Гэвч энэ нь хүүхдийг интроверт зан төлөвтэй гэдгийг илэрхийлж байгаа юм. 

Сэтгэл хөдлөлөө төдийлөн гадагшаа илэрхийлдэггүй хүүхдүүд ихэнхдээ зожиг, аав ээжтэйгээ эсвэл ангийнхантайгаа сайн ярилцаж, ойлголцож чадахгүй байх тохиолдлууд бий. Ялангуяа сэтгэл зүйн үүднээс интровертүүд сэтгэл гутрал, сэтгэл түгших эмгэгээр өвдөх магадлал өндөртэй.

Тиймээс эцэг эхчүүд хүүхдээ зурж эхэлсэн цагаас хойш зургийг нь анхааралтай ажиглаж байх нь чухал. Хэрэв дотогшоо чиглэсэн хүүхэд бол аль болох багаас нь сэтгэл хөдлөлөө илэрхийлж, ярилцаж мэдрэмжээ хуваалцаж сургах нь чухал байдаг юм шүү. 


Дэлгэцийн хамаарлаас холдуулмаар байвал зурах орчныг нь бүрдүүл

Хүүхдээ дэлгэцийн хамаарлаас яаж холдуулах вэ, яаж YouTube үзэхийг нь болиулах вэ, яаж хана дээр эрээчээд байгааг нь болиулах вэ гэж гэсэн асуултыг эцэг эхчүүд асуудаг юм.

Үүний хариулт маш энгийн. Хүүхдэдээ боодол бичгийн цаас, зурж будах харандаа, өнгийн будаг, тосон харандаа, гуаш аваад өгчихөд л хангалттай. 

Гол нь гар хүрэх газар нь байрлуулахад болно.

Ингэснээр та зургаар дамжуулан стрессээ тайлах боломжийг нь олгож байгаа юм. Бас орон зайг нь үлдээ, юу зурахыг нь бүү заа.

Харин зургаа зурсных нь дараа хамтдаа зургаа ярилцаж, хүүхдээрээ тайлбарлуулаарай. Нэг цэг, зураас бүр утга учиртай гэдгийг сайтар ойлгох нь зүйтэй. Хүүхдийнхээ ярианаас төдийлөн сонсоод байдаггүй олон зүйлийг та зургаас нь уншиж харах боломж бий.


Холбоотой сэдвүүд

гэрбүл уурлах уу учирлах уу

Сэтгэгдэл бичих (10)

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.