БНСУ-д амьдардаг монгол охин хүчирхийлэлд өртсөн асуудал монголчуудыг хэртхийлгэсэн билээ. Тэгвэл манай улсад энэ төрлийн дээрэлхэлтийн асуудал ч анхаарал татсан сэдвийн нэг болоод байна. Чухам ямар шалтгаанаар энэ асуудал гараад байна вэ, томчууд бид юун дээр анхаарах ёстой талаар мэргэжилтнүүдийн байр суурийг сонслоо.

ХҮҮХДИЙГ ОНЦ СУР ГЭЖ ШАХАХААС ИЛҮҮ ХҮНИЙГ ХҮНДЭЛЖ, ХАЙРЛАДАГ ХҮН БОЛГОХод АНХААРАХ ХЭРЭГТЭЙ

МУБИС-ийн Нийгмийн ажил арга зүйн тэнхимийн эрхлэгч,  дэд профессор Т.Цэндсүрэн:

-Үе тэнгийхний дээрэлхэлтийн талаар эцэг эхчүүдийн зайлшгүй мэдэх зүйл юу вэ?

-Эцэг эх та анзаарахгүй л бол таны хүүхэд улам ихээр дээрэлхүүлж, дарамтлуулна.

Дээрэлхэлтэд өртсөн хүүхэд бүр сул дорой байдаг гэсэн хэвшмэл ойлголт бий. Үнэндээ хүүхэд ямар ч гэр бүлд өсөж төрсөн эсэх, сурлага сайтай муутайгаас үл хамааран дээрэлхэлтэд өртөж байдаг. Эхлээд ном авах гэсэн юм, ангийн ажлын мөнгө хэрэгтэй гэж элдэв шалтгаан зохиож ээжээсээ мөнгө авсан. Яваандаа ээж нь тэр мөнгийг нь өгч чадахаа ч больсон. Нэмж гадуурхагдахгүйн тулд ганц аргалж байсан зүйл мөнгө нь тасалдангуут “Мөнгө өгдөг ч үгүй, өмсөж зүүсэн нь ч ийм тийм…” гээд нийгмийн байдлаар ялгаварлан гадуурхаж эхэлсэн гашуун түүх цөөнгүй байна.

Үе тэнгийнхэндээ дээрэлхүүлсэн, дээрэлхүүлсэн хүүхдүүдийг анзаарахаар нийтлэг зүйл ажиглагддаг нь гэр бүлийнх нь хандлага. 

Хүүхдүүд голдуу аав ээж нь анхаарал, халамж тавьдаггүй, ар гэр нь тааруухан хүүхдийг онилж дээрэлхэж байна. Эсвэл ярилцдаггүй, одоо том болчихсон юм чинь гэсэн хандлагаас болж хүүхдүүдээ шаналж, шантарч явааг нь анзаардаггүйгээс л үүдэлтэй. 

Эцэг эх та үр хүүхдээ анзаараарай. Харц, хандлагыг нь. Магадгүй ээж аав та завгүй л яваа байх. Гэхдээ хэн ч таны хүүхдийг танаас илүү анхаарч, хайхрахгүй гэдгийг бүү мартаарай.

-Хүүхдээ дээрэлхүүлж байгааг мэдвэл ямар арга хэмжээ авах вэ?

-Хоёр хүүхэд хоорондоо зодолдсон ч адилхан асуудлыг уулзаад зөвлөсхийгээд орхичихдог. 

Асуудлыг бүрэн цогц шийдвэрлэнэ гэдэг мэргэжлийн үйлчилгээг нь үзүүлээд дээрэлхсэн, дээрэлхүүлсэн хүүхдийн сэтгэлд нь хадгалагдаад үлдсэн гашуун дурсамжийг гаргадаг, эмчилдэг. Үүнийг сэтгэл зүйч, нийгмийн ажилтан хоёр л хамтарч хийнэ. 

Бид нар эндээс юу олж харсан бэ гэхээр энэ бол хэдэн хүүхдийн асуудал биш. Эсвэл зөвхөн нийгмийн ажилтан ажиллаж, сэтгэл зүйч зөвлөөд орхих хэрэг биш юм. 

Тэдгээр хүүхдүүдийн эцэг эх, багш нарыг, хүүхдүүдийг бүгдийг нь үйл ажиллагаандаа оролцуулах нь чухал юм билээ гэдгийг ойлгосон.

Дэлгэрэнгүй ярилцлага унших: https://peak.mn/news/t-tsendsuren


ӨСВӨР НАСНЫ ХҮҮХДҮҮД нэгнийхээ ҮЕРХЛИЙН НУУЦЫГ  ЗАДЛАХ, ГҮТГЭХ, НЭР ХОЧ ӨГӨХ ЗЭРГЭЭР ЦАХИМ ОРЧИНД ДЭЭРЭЛХЭХ ҮЗЭГДЭЛ ТҮГЭЭМЭЛ БАЙНА

Дорнод их сургуулийн сургалтын бодлого, төлөвлөлт эрхэлсэн дэд захирал Б.Оюун-Эрдэнэ:

-Хөдөө, орон нутагт сургуулийн  орчин дахь үе тэнгийн дээрэлхэлтийн нөхцөл байдал ямар байна вэ?

-Хөдөө, орон нутагт сургуулийн орчин дахь үе тэнгийн дээрэлхэлтийн нөхцөл байдлын талаарх судалгааны үр дүнгээс харахад 28 хувь нь дээрэлхэлтэнд өртөж байсан гэж хариулсан байна.  Дээрэлхэлтэнд өртсөн хүүхдүүдийн 86 хувь нь үе тэнгийнхэн болон дээд ангийнхан нь дээрэлхсэн гэж хариулжээ. (НҮТББ, 2019)

ЕБС-иудын сурагчид үе тэнгийнхний дээрэлхэлтэд өртөх нь  түгээмэл. Тэр дундаа цахим дээрэлхэлт илүү их нэмэгдсэн. Цахим орчинд эзэн нь мэдэгдэхгүй хуурамч хаягаар хүүхдийн  зураг тавин  гутаан доромжлох үзэгдэл гарсаар байна. 


-Яг ямар хэлбэрийн дээрэлхэлт түлхүү гарч байна вэ?

-Хүүхдүүд бие биенээ доромжлох, гүтгэх, нэр хоч өгөх, бусдын хувийн мэдээлэл, үерхлийн тухай нууцыг нь задлах зэрэг үйлдлийг цахим орчинд тодруулбал Instagram хаягаараа дамжуулан өөрийн дагагчдадаа ил тавьж бусдын нэр хүндэд нь халддаг.  

Саяхан, 1800 орчим дагагчтай хаягаар дамжуулан дээрх үйлдлүүдийг хийсэн тохиолдол гараад удалгүй цагдаад баригдсан. Гэтэл энэхүү үйлдэл дахин давтагдаж 1100 орчим дагагчтай хаягаар дамжуулан хүүхдэд нэр хоч өгөх, гутаах, доромжлох, худал мэдээллийг санаатайгаар цацсан тохиолдол гарлаа. 

Дээрх тохиолдлын хохирогчид нь 15-18 насны охид хөвгүүд байсан. Одоогоор энэ хаяг идэвхгүй болсон ч бүрэн устаагүй, бусдыг доромжилсон мэдээлэл highlight хэлбэрээр одоо ч хэвээр байгаа тул цагдаагийн байгууллага цаашид үргэлжлүүлэн шалгаж байна.        


-Цахим дээрэлхэлтийг зогсооход орон нутгийн зүгээс дэмжлэг туслалцаа байна уу? 

-Бид цахим орчинд үйлдэгдэж буй үе тэнгийн дээрэлхэлтийг зогсоож бас хянаж чадахгүй байна. Хохирлын хэмжээг тодорхойлох боломжгүй, нөхөн сэргээхэд хүндрэлтэй нөхцөл байдлыг үүсгэдэг.

Хохирогч хүүхэд нэр хүндээ сэргээх, сэтгэл зүйн дарамтаас өөрийгөө чөлөөлөх, анги хамт олон, найз нөхөд, гэр бүлийн гишүүдтэйгээ харилцаагаа хэвийн үргэлжлүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх үйлчилгээ орон нутагт хангалтгүй байна.

Мөн дээрэлхэлтийн хохирогч болон үйлдсэн хүүхдийн сэтгэцийн эрүүл мэнд, нийгмийн харилцааны чадваруудыг нөхөн сэргээх, үе тэнгийн дээрэлхэлтээс урьдчилан сэргийлсэн олон улсад хүлээн зөвшөөрсөн хөтөлбөр/ стратегийг сургуулийн орчинд хэрэгжүүлэх шаардлагатай байна. 


-Сургуулийн орчин дахь үе тэнгийн дээрэлхэлтийн хамгийн аюултай хор уршиг нь юу байна вэ. Дурдахгүй юу?

-Үе тэнгийн дээрэлхэлт ихэвчлэн насанд хүрэгчдийн хяналтаас далд явагдаж байна. Ялангуяа цахим орчинд дээрэлхэлтэд өртсөн хүүхэд хичээл сургуульдаа явахаа больж, сэтгэл гутралд ордог гэж хүүхэд хамгааллын мэргэжилтнүүд хэлдэг.

Үе тэнгийн дээрэлхэлтийн талаар болон дээрэлхэлт явагдаж байгааг мэдэж байвал мэдээллэх хэрэгтэй гэдгийг сурагчдад ойлгуулах маш чухал. 

Мөн дээрэлхэлттэй холбоотой мэдээллийн нууцлалыг хадгалах, дээрэлхсэн хүүхдүүдэд чиглэсэн, ялангуяа зан үйлийг өөрчлөхөд чиглэсэн хөтөлбөр дутагдаж байна.


-Дээрэлхэлтийн хор хохирлыг тооцох боломжтой юу?

-Өнөөдрийн байдлаар дээрэлхэлтийн хохирлыг тооцон, тодорхойлох, үзүүлсэн тусламжийн үр дүнтэй байдлыг тодорхойлох клиник судалгаа хангалттай хөгжөөгүй байгааг бодлого боловсруулагчид болон практик ажилтнууд анхаарах шаардлагатай. 

Дорнод аймаг 2016 оноос хойш “Хүүхдээ сонсох өдөр”-өөр хүүхдийн санал хүсэлтийг хүлээн авч, хүүхдийн хөгжил хамгааллыг дэмжсэн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлсэн. 

2019 онд байгууллага бүрийг байгууллагынхаа албан хаагчдын хүүхдүүдийг дэмжих “Эцэг, эхийн зөвлөл”-тэй болгох зөвлөмж, чиглэл өгч ажилласнаар сургууль цэцэрлэг болон хүүхдэд үйлчилгээ үзүүлдэг байгууллагууд хүүхэд хамгаалах бодлого, хөтөлбөрийг хэрэгжүүлж, эцэг эхийн зөвлөлтэй байгууллага, аж ахуйн нэгжүүдийн тоо  нэмэгдсэн байна. 


дээрэлхэлт нь дунд ангийнхны дунд түгээмэл тохиолддог

Дотоод хэргийн их сургуулийн Цагдаагийн сургуулийн багш, цагдаагийн ахлах дэслэгч Д.Цэрэнлхам:

-Өсвөр үе, залуусын дунд ямар зөрчил, гэмт хэрэг түгээмэл гарч байна вэ? 

-Манай улсын хувьд өсвөр үе, залуучуудын дунд  өмчийн эсрэг буюу хулгайлах, бусдын эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг, зөрчлүүд түгээмэл байна. Жилд дунджаар 700 гаруй өсвөр насныхан гэмт хэрэгт холбогддог судалгаа байдаг.


-Сургуулийн орчин дахь дээрэлхэлт нэмэгдэж байна уу эсвэл…? 

-Олон судалгааны үр дүнгээс харахад үе тэнгийнхний дээрэлхэлт нь бага, дунд ангид илүү түгээмэл тохиолдож анги ахих тусам буурч байгаа мэт харагддаг. Гэвч энэ нь дээрэлхэлт далд хэлбэрт орж цаашлаад гэмт хэрэг, зөрчил үйлдэх болон өртөх эрсдэлийг нэмэгдүүлдэг чухал хүчин зүйл болсоор байгаа юм.


-Сургуулийн орчин дахь үе тэнгийн дээрэлхэлтийг урьдчилан сэргийлэхэд юу чухал вэ?

-Хүүхэд хамгаалал нийгмийн бүх орчинд хүүхэд бүрийг үл хайхрах байдал, дарамт, хүчирхийлэл, мөлжлөгийн бүх хэлбэрээс, эрсдэлт нөхцөлд өртөхөөс урьдчилан сэргийлэх, хариу үйлчилгээ үзүүлэх зорилготой олон талт, цогц, мэргэшсэн үйл ажиллагаанаас бүрддэг. 

Сургууль нь хүүхэд хамгааллын бодлогыг тухайн байгууллагад хэрэгжүүлэхдээ хөтөлбөр, төлөвлөгөө гарган, мөрдөж ажиллахыг хүүхэд хамгааллын хуулинд заасан байдаг.

Сургуулийн орчинд дээрэлхэлт болсон тохиолдолд зөрчлийг шалган эцэг эх, ангийн багш, сургуулийн удирдлагад мэдэгдэн дахин давтагдуулахгүй байх арга хэмжээ авдаг. Дээрэлхлэлт, зөрчил үүсэхэд гэр бүл, сургуулийн оролцоотойгоор таслан зогсоох, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах нь үр дүнтэй байдаг.


-Хүүхдүүд өөрсдөө энэ талаар хэр мэдлэг мэдээлэлтэй байдаг вэ?

-Цагдаагийн байгууллага, алба хаагчаас Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль болон бусад хуульд заасан эрх, үүргийнхээ дагуу урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, шийдвэрлэх ажиллагаануудыг тухай бүр хийдэг. Гэхдээ яг өсвөр насныхан, үе тэнгийхний дээрэлхэлтийн талаар тусгайлсан сургалт сурталчигаа, урьдчилан сэргийлэлтийн ажлуудыг зохион байгуулж байгаа нь дутагдалтай байна. 

Энэ нь нөгөө талаас олон нийтийн дунд энэ талын ойлголт байхгүй, дээрэлхэлтийг байх л ёстой үзэгдэл мэт ойлгодог, дээрэлхүүллээ гэхэд энэ талаараа бусдад хэлдэггүй, гомдол гаргадаггүйтэй холбоотой. Тэгэхээр энэ талаарх ойлголтыг хүүхдүүд, гэр бүл, сургуулийн орчинд нь маш сайн ойлгуулж зөв хандлагыг бий болгох нь чухал. 

Мөн сургууль, цагдаагийн байгууллага болон хүүхэд хамгааллын байгууллагууд хамтран үйл ажиллагаагаа төлөвлөх, хэрэгжүүлэх зэргээр уялдаатай ажиллах нь чухал юм.  

-Мэргэжлийн байгууллагууд энэ асуудалд хэр анхаарч байна вэ?

-Цагдаагийн байгууллагаас Хүүхдийн асуудал хариуцсан мэргэжилтэн гэдэг орон тоог бий болгож эдгээр хүмүүс 2021 оны 1 дүгээр сараас томилогдон ажиллаж байна. Энэ нь хүүхдийн хууль ёсны эрх, ашгийг хамгаалах тусгайлсан чиг үүрэг бүхий албан тушаалтан бий болж байгаа нь сайшаалтай хэрэг. 

Өсвөр насны хүүхдүүдэд хүүхдийн асуудал хариуцсан цагдаагийн байгууллагын ажилтан, хэсгийн байцаагч нар өөрсдийн хариуцсан нутаг дэвсгэр дээр яриа таниулга хийх, өсвөрийн цагдаагийн бүлгэм ажиллуулах зэрэг сайн жишиг тогтсон.

Гэвч цар тахлын улмаас сургалт гэрээр явагддаг болж, энэ ажил хангалттай бус байна.